Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа хорих 461 дүгээр ангид хоригдож байх хугацаандаа амь насаа алдсан иргэний хэргийн асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, С.Цэнгүүн, Д.Энхтуяа болон УИХ-ын гишүүн Ж.Баясгалан нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн гишүүд цагдаагийн байгууллага, хорих болон цэргийн ангиуд дахь хүний эрхийн зөрчил, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүсэлт гаргахаар болсон бөгөөд мөн Хууль сахиулах болон Батлан хамгаалах салбарын хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах замаар хариуцлагын механизмыг сайжруулах хэрэгтэй гэж үзэж буйгаа мэдэлээл хийх үеэрээ илэрхийлж байв.

 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: " Монгол Улсад гарч буй маш олон эмгэнэлтэй гэмт хэргүүдэд цагдаагийн албан хаагчид холбоотой байгаа нь түгшүүртэй байдлыг бий болгож байна.

 

Тухайн хохирогч маань АТГ-т цагдаагийн албан хаагч нарт зодуулсан тухай гомдлоо гаргасан байсан. Гэтэл гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо ажиллахгүй байгаа учраас талийгаач амиа алдсан.

 

Иймээс ч гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоогоо зайлшгүй оруулж ирэх шаардлагатай байна. Мөн цагдаагийн албан хаагч нарт анхаарч ажиллах шаардлагатай болжээ. 2021 оны судалгаанаас харахад цагдаагийн нэг албан хаагчид 371 иргэн ноогдож байгаа нь олон улсын жишигтэй харьцуулахад маш өндөр ачаалал юм. Тиймээс ч реформ шаардлагатай. АН бол хүний эрхийг хамгаалж явах ёстой нам учраас бид энэ асуудлыг шийдэгдтэл явах болно" гэлээ.