Д.Амарбаясгалан: Банкны салбарын зээлийн хүүг бууруулах асуудлаар төв банк онцгой анхаарах шаардлагатай
2024/09/09
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүдийн хамтаар /2024.09.06/ Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Төв банкнаас хэрэгжүүлж буй мөнгөний бодлого, түүний хэрэгжилт, эдийн засгийн төлөв байдлын талаар мэдээлэл өгөв.
Монголбанк 2024-2026 онд инфляцыг +/-2 нэгж хувийн интервалтай, 6 орчим хувьд тогтворжуулахаар тусгасан бөгөөд инфляц долдугаар сарын эцсийн байдлаар 5.5 хувьд хүрч, эдийн засгийн өсөлт тогтворжихын хэрээр мөнгөний бодлогыг зөөлрүүлэх орон зай үүсэж байгааг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ үеэр онцоллоо.
Тэрбээр үргэлжлүүлэн “Гадаад валютын албан нөөц энэ оны долдугаар сарын эцсийн байдлаар 4.7 тэрбум ам.долларт хүрсэн. Валютын нөөц нэмэгдэхийн хэрээр төгрөгийн ханш тогтворжиж, оны эхнээс ам.долларын эсрэг 0.87 хувиар чангарлаа.
Түүнчлэн валютын нөөц нэмэгдсэнээр Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийн ашиглалтын өрийг төлж, хоёр дахин буурууллаа. Ипотекийн зээл олголт 2024 оны эхний долоон сарын байдлаар 946 тэрбум төгрөгт хүрч, олгосон өрхийн тоо 8188 байна. Үүнээс орон нутагт 421 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт гарч, 4100 иргэн хамрагдсанаар хөдөө орон нутаг дахь ипотекийн зээлийн олголт эрс өссөн” гэв.
Түүнчлэн банкны системийн реформ амжилттай хэрэгжиж, зээлийн чанар сайжирч байгааг онцолж, “Хоршооны гишүүн малчны зээл” хөнгөлөлттэй хүүтэй зээлийн бодлогын хэрэгжилтийн талаар мэдээллийг УИХ-ын дарга болон гишүүдийн төлөөлөлд танилцууллаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ үеэр Төв банк хуулиар хүлээсэн төгрөгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх үндсэн үүргээ биелүүлж буйг онцлоод, цаашид банкны салбарын зээлийн хүүг бууруулах асуудлаар Төв банк онцгой анхаарах шаардлагатай гэдгийг дурдав.
Мөн хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт ард иргэдэд маш их дарамт учруулж, инфляцын дийлэнх хувийг бүрдүүлж буй тул энэ чиглэлд тал талдаа өргөн хүрээнд, нягт хамтран ажиллах хэрэгтэй гэдгийг онцолсон юм.
Зочин · 2024/09/09
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/09/09
ANUSDI80955877