ЗГ: Цэцэрлэгийн хоолны зардлыг 1000 төгрөгөөр нэмснээр илчлэг 80 хувь болно
2024/09/11
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Өнөөдрийн хуралдаанаар:
- “Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар
- “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлын талаар
- 14 мега төслийн хэрэгжилтийн явцын талаар зэрэг 24 асуудал хэлэлцэж, танилцжээ.
Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр дараах мэдээллийг өглөө.
Тодруулбал, "Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын 1000 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргаж байна. Өнөөдөр гарч байгаа 3000 төгрөг 1000 төгрөгөөр нэмэгдснээр авч байгаа 60 хувийн илчлэг 80 хувьтай болж нэмэгдэнэ. Мөн хоолны чанар нэмэгдэх сайн үр дүнтэй. Энэ шийдвэр эхний удаад нийслэлийн төрийн өмчийн болон орон нутгийн 310 цэцэрлэгт хамрагдаж байгаа 135 мянган хүүхдэд хамаарна. Өдөртөө 1000 төгрөг, сардаа 22 мянган төгрөг, жилдээ 190 мянган төгрөгийг хоолных нь түүхий эдийн зардалд авахаар болж байна.
Хоолны түүхий эдийн зардлын 75 хувийг улсын төсвөөс 25 хувийг эцэг, эх асран хамгаалагч гаргахаар болж байна. Нийгмийн халамжийн тухай хуульд боловсролын дэмжлэг, дэмжих үйлчилгээ шаардлагатай хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлнэ.
2024-2025 оны хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардал 3000 төгрөг нийт 131.8 тэрбум төгрөгийг санхүүжүүлсэн байна. Цэцэрлэгийн нэг хүүхдэд хоолны үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах зардлын 58 хувь нь хоолны түүхий эдийн зардал, үлдсэн 42 хувь нь тогоочийн цалин, нийгмийн даатгалын шимтгэл, дулаан цахилгаан, тоног төхөөрөмж, ариутгалд зарцуулагдаж байна. Үүнийг нэг хүүхдээр тооцож үзэхэд хоолны бүрэн өртөг нь 5210 төгрөг, үүнээс хоолны түүхий эдийн зардалд 3000 төгрөг, бусад зардалд 2210 төгрөг зарцуулж байна гэсэн үг.