Боловсролын сайд П.Наранбаяр гадаад, дотоодын их, дээд сургуулийг амжилттай төгссөн залуусыг богино хугацааны багшлах эрхийн сургалтад хамруулж багшлах эрх олгоно гэсэн мэдэгдэл хийсэн. Тэгвэл энэ асуудлын тухайд боловсролын салбар болоод нийгмийн сүлжээнд хүмүүс зөв, буруу хэмээн талцаад байгаа юм. Үйл явдлын эргэн тойронд мэргэжлийнхэн ямар байр суурь илэрхийлж буйг хүргэе.  

 

Монгол Улсад 4200 орчим багшийн хомсдол үүсжээ

 

Хичээлийн шинэ жил эхлээд хагас сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Энэ үеэр ерөнхий боловсролын сургуулиудад тулгамддаг гол асуудал бол багш нарын хүртээмж. Энэ жилийн тухайд орон даяар нийтдээ 4200 гаруй багшийн орон тоо дутагдалтай байгаа тухай БШУЯ-аас мэдээлээд буй. 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 871 сургуульд 37 мянга орчим багш ажилласан. Харин ирэх 2024-2025 оны хичээлийн жилд 890 орчим сургуульд 40 мянган багш ажиллах төлөвтэй байна. Тэгвэл энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай БШУ-ны сайд П.Наранбаяр “Боловсролын яамнаас их, дээд сургууль төгссөн, голч оноо нь 2.7-оос дээш хүнийг 45 хоногийн курст сургаад, багшлах эрх олгоно гэх шийдвэрийг гаргаад байсан. Өнөөдөр 4200 орчим багшийн сул орон тоо байна. Үүнд байгалийн ухаан, англи хэлний багшийн орон тоо хамгийн их дутагдалтай байна. Бид зүгээр л гудамжинд байж байгаа хүнийг 45 хоногийн дамжаанд сургана гэж огт яриагүй. Хими, физик, биологи, англи хэл, математик гэсэн мэргэжлүүдээр гадаад, дотоодын их дээд сургуулийг 2.7 буюу 810 хувиас дээш үнэлгээтэй төгссөн хүмүүсийг багшаар ажиллахыг урьж байгаа юм. 45 хоногийн сургалт бол багшлах эрхийг л олгох ажил. Цаашдаа тэр хүн өөрөө багшлах явцдаа үндсэн багш болох эсэхээ шийдвэл тусгай шаардлага тавьж эхэлнэ. Дараагийн асуудал бол багш нар ур чадвар.  Бүх салбарын мэргэжилтнүүдийн академик ур чадварыг боловсролын салбарт шингээмээр байна. Үнэхээр сайн физикч бол гэрээт багшаар ажиллаад өгөөч. Гадаад дотоодын их дээд сургуулийг амжилттай төгссөн, өөрт нь багшлах сонирхол байгаа бол ажиллаад өгөөч. Хэрэв тэгвэл багшийн ачаалал багасаж, хичээлийн чанар сайжирна” гэсэн юм. Боловсролын яамнаас энэ жилээс эхлэн 44-өөс дээш хүүхэдтэй бүлгүүдэд туслах багш ажиллуулах журам баталсан. Тэгвэл одоогийн байдлаар зөвхөн нийслэлд гэхэд  44-өөс дээш хүүхэд дүүргэлттэй  нэг, хоёрдугаар ангийн 157 бүлэг байна. Мөн багш мэргэжилтэй ч багшаар ажилладаггүй хүн олон бий. Тэднийг мэргэжлээр нь ажиллуулах, арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ гэж салбарын сайд онцлоод буй. Судалгаанаас харахад бага ангийн болон англи хэл, математикийн багш нэлээд дутагдалтай байгаа аж. Харин  энэ онд багш мэргэжлээр их, дээд сургуулиа төгсөж байгаа 2471 төгсөгч байна. Үүний 519 нь сургуулийн өмнөх боловсрол, 484 нь бага ангийн багш мэргэжлээр суралцжээ.

 

“45 хоногийн курсээр багш бэлтгэнэ гэдэг зохимжгүй шийдвэр”

 

Ажлаа орхиж байгаа багш нарын дийлэнх нь ачаалал их, цалин хангамж бага гэх шалтгааныг хэлдэг. Өнөөдрийн байдлаар 226 мянган  албан хаагчийн 120 мянга нь боловсролын салбарт ажиллаж байна. Тэгвэл үе, үеийн Засгийн газар, харьяа яамны зүгээс цалингийн асуудлыг шийдвэрлэнэ гэж амлалт өгдөг болов ч тодорхой шийдэлд хүрэхгүй байсаар байгаа юм. Тэгвэл багшийн эрх олгох 45 хоногийн сургалтын тухайд салбарынхан байр сууриа илэрхийлээд эхэлжээ. Тухайлбал,  Монголын багш нарын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, МУБИС-ийн багш, профессор Ц.Лувсандорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Багш нарын нийгмийн асуудал буюу шууд утгаараа цалин, ажлын нөхцөлийн стандарт алдагдсантай холбоотойгоор багш нар ажлаасаа гарч өөр ажил хийх үзэгдэл 1990 оноос хойш бий болсон. Үе үеийн сайд нар энэхүү асуудалд арга хэмжээ авахаар Монголын багш нарын холбоотой хамтарч ажиллаж ирсэн. Гэвч ерөнхий боловсролын сургуулиудад багш олдохоо больсон хэвээр байна. Хоёрдугаарт Монгол Улсад багш мэргэжилтэй хүн дутсан асуудал огт биш. Хөдөлмөрийн зах зээл дээр багш мэргэжилтэй хүн дутагдалтай байна гэдэг статистик байхгүй. Харин багш мэргэжилтэй ч багшийн ажлаа хийхгүй байгаа тоо л их байна. 45 хоногийн курсээр багш бэлтгэнэ гэдэг зохимжгүй шийдвэр. Багш мэргэжилтэй ч өөр ажил хийж байгаа хүмүүсийг салбар руу нь хэрхэн татан оруулах вэ гэдэг шийдвэр илүү зохимжтой. 45 хоногоор багш бэлтгэнэ гэдэг аль ч улсад байдаггүй зүйл” гэдгийг хэлжээ.Боловсролын сайд П.Наранбаяр ажлаа авсныхаа дараа л гадаад, дотоодын их, дээд сургуулийг амжилттай төгссөн залуусыг богино хугацааны багшлах эрхийн сургалтад хамруулж багшлах эрх олгоно гэсэн юм. Тэгвэл  яамны зүгээс багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журмыг баталжээ. Хэдийгээр багшийн хомсдолыг шийдэх нь зөв ч багшийн ачаалал их, цалин хангамж бага зэрэг боловсролын салбарын суурь асуудлуудыг шийдээгүй цагт хомсдол хэвээрээ л байна гэж үзэх хүмүүс байна. Мөн Монголын багш нарын холбооны хийсэн судалгаагаар МУБИС-ийг төгсөгчдийн гурван хүний нэг нь л ерөнхий боловсролын сургуульд багшилдаг гэдэг судалгаа бий. Тэгвэл "Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий Зохицуулагч Д.Тунгалаг “2000 оны эхээр Бангладеш, Энэтхэг, Пакистан зэрэг улсууд багшийн хомсдолд орж, хэнийг ч хамаагүй богино хугацаанд сургаж багш болгоно гээд яг л ийм үйл явдал болж, ард иргэд нь дургүйцэж байсан санагдаж байна. Тэгэхээр бид ер нь ухраад байна гэсэн үг үү. Мэргэжлийн багш нар нь хотын төвийн сургуульд, мэргэжилгүй багш нар нь хотын захын дүүргийн сургуулиудад харьяалагдаж, боловсролын ялгаа нь бүр ихсэх гэх мэтчилэн асуудлууд гарахыг үгүйсгэхгүй” гэж өөрийн байр сууриа илэрхийлжээ. Энэ мэт салбарын сайдын хийсэн мэдэгдэл нийгмийг хоёр хэсэгт талцуулаад байна. Тэгвэл боловсролын салбарт ажиллаж буй багш нар энэ тухай ямар байр суурьтай байгааг хүргэе.

 

ЭКСПЕРТИЙН ҮГ

 

Сонгинохайрхан дүүргийн 105 -р сургуулийн ахмад багш Д.Мядагбадам:Багш хүн насан туршдаа суралцах ёстой 

-Салбарын сайдын хэрэгжүүлж буй энэхүү журмыг буруу гэж бодож байна. Багш гэдэг мэргэжлийг 4-5 жил сурч, судалж байж эзэмшдэг. Цаашлаад насан туршдаа сурч боловсорч байдаг чухал мэргэжил. Гэтэл үүнийг 45 хоногт сурна гэдэг байж болохгүй асуудал. Миний хувьд боловсролын салбарт 30 гаруй жил ажилласан ахмад багш. Бидний үед бага ангийн багш  дөрвөн жил, мэргэжлийн багш нар таван жил сурч байж багшлах эрхтэй болдог байлаа. Мөн хичээлийнхээ агуулгуудаас гадна  сэтгэл судлал, хичээл бүрийн заах арга зүйг судалдаг байлаа. Гэхдээ энэ бүхнийг эзэмшлээ гээд шууд багш болчихгүй. Багш нар минь болоогүй, түүхий байна гэж зэмлэдэг байсан.Тиймээс доод тал нь 4-5 жил ажлаа яс хийж байж жинхэнэ багш алдрыг олж авдаг байлаа. Өнөөдөр багшийн мэргэжил дутмаг байна гэдэг. Энэ чинь ажлын ачаалал, цалинтай шууд холбоотой. Хэрэв цалинг нь нэмээд, дэмжээд өгвөл багшаар суралцах, мэргэжлээрээ ажиллах боловсон хүчний тоо нэмэгдэнэ гэж бодож байна.

 

"Идэр" дээд сургуулийн багш Ү.Эрдэнэсувд: Гадаадад сурсан хүмүүс багшийн цалинг голоод ажиллахгүй байх

-45 хоногийн курст сургаж, багш нарын орон тоог нэмэгдүүлэх боломжгүй. Хөрвөх боломжтой буюу байгалийн ухаан, физик, гадаад хэлний мэргэжлийн хүмүүсийг багш бэлтгэх курст суулгаад багш болгоход болохгүй зүйл байхгүй байх. Гэхдээ багш боллоо гэхэд хүүхэдтэй харьцдаг мэргэжил учир харилцааны тал дээр бэрхшээл үүсэхийг үгүйсгэхгүй. Багш хүнийг зөвхөн хичээл заадаг хүнээр төсөөлж болохгүй л дээ. Сурган хүмүүжүүлэгч гэж монголчууд бид багшийг эрт дээр үеэс нэрлэдэг байсан шүү дээ. Нэгэнт энэ шийдвэр хэрэгжих бол сурган хүмүүжүүлэх арга барилыг сайн эзэмшүүлэх хэрэгтэй. Гадаадад их дээд сургууль төгссөн хүн цалинг нь голоод багшлахгүй байх. Харин багш нарын цалинг нэмэх хэрэгтэй. Ингэснээр багшаар төгссөн хэрнээ өөр ажил хийж байгаа хүмүүс мэргэжлээрээ ажиллах боломжтой.

 

Нийслэлийн 92-р сургуулийн Англи хэлний багш Ж.Өлзийдүүрэн:Гадаадын их дээд сургууль төгссөн хүмүүст багшлах хүсэл байгаа юу

-Сайдын энэхүү шийдвэрийг буруу гэж бодож байна. Үнэхээр  гадаадын их дээд сургууль төгссөн хүмүүст багшлах чинь хүсэл байгаа юу. Ямар судалгаа хийсэн бэ. Энэ шийдвэр хэрэгжсэнээр боловсролын салбар элгээрээ хэвтээд босохгүй болох вий л гэж айж байна. Салбар яамнаас гаргасан шийдвэрийг  хүн болгон л өөр өөрийн өнцгөөс харж байгаа. Миний хувьд босго оноогоо нэмээд багш болох хүмүүст өндөр шалгуур тавихад манай салбар сайжирна гэж хардаг.

Гэтэл энэхүү шийдвэр, журам батлагдсанаар одоо боловсролын салбарт хэн дуртай нь орох боломжтой нөхцөлийг бий болгох гээд байна. Тэгэхээр хэн дөрвөн жил багш мэргэжлээр сурах вэ дээ.  Миний хувьд ч ялгаагүй мэргэжлээрээ ажиллахын оронд  хувийн бизнес хийгээд явсан нь илүү ч юм уу даа гэсэн бодол төрөх болсон.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин