Хөдөлмөрийн хуулийн “14:14” хөдөлмөрлөх эрхэнд халдаж байна
2024/09/23
Хөдөлмөрийн тухай хуулийг 2021 оны зун шинэчлэн баталсан. Тухайн үед тус хуулийг болосвруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ахалж, бүрэлдэхүүнд нь А.Адьяасүрэн, П.Анужин, Б.Баярсайхан, С.Ганбаатар, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, С.Чинзориг, Ж.Чинбүрэн, Л.Энх-Амгалан нар багтаж байжээ.
Уг нь хууль боловсруулагчид Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Үзэл баримтлалд “…Хуулийн төслийн Зургадугаар бүлэгт ажлын цаг, ажлын ээлж, жасаа, дуудлагаар ажиллах цаг, шөнийн цаг, ажлыг цагийг богиносгох, илүү цагаар ажиллуулахыг хязгаарлах, амрах, хооллох завсарлага, нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралт, ээлжийн амралт, түүний хугацаа, хувийн чөлөө олгохтой холбоотой дараах зохицуулалтыг тусгана. Уул уурхай, ашигт малтмал олборлолтын салбарт гэрээсээ алслагдмал газар тогтмол хугацаанд ажил, үүрэг гүйцэтгэх ажилтны ажил, амралтын цагийн дээд, доод хэмжээг хуульчлах, Ажлын бүтэн бус цагаар ажиллах ажилтны ажил, амралтын цаг, ээлжийн амралтыг зохицуулах” гэсэн зорилго, агуулга бүхий өөрчлөлтийг тусгаснаа хэлэлцүүлж батлуулсан байна. Гэвч энэ нь оновчтой болж чадсангүй.
Тухайлбал, хуулийн 92.4-т “…Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна” гэсэн нь өдгөө ажил олгогчид хийгээд ажиллагсдад ихээхэн хүндрэл учруулаад эхэлсэн байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ нь үндсэндээ нотлогдож, хуулийн төслийг судалж, боловсруулж, хэлэлцэж, баталж байх үеэс огт өөр сөрөг дүн үзүүлэх болжээ.
Үүнтэй холбоотой тайлбар гэвэл ХНХЯ-наас 2017 онд Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судалсан судалгаанд “…Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж эхэлснээс хойшх хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд гурвалсан харилцаа, зайны болон бүтэн бус цагийн ажилтан, зайнаас ажиллах, хувь хүн хоорондын хөдөлмөрийн гэрээгээр ажиллах, алслагдмал газар байрлаж ажил үүргээ гүйцэтгэх зэрэг шинэ хандлага, арга хэлбэрээр нэвтэрсээр байна. Эдгээр хөдөлмөр эрхлэлтийн шинэ харилцааг зохицуулах эрх зүйн акт байхгүйгээс иргэдийн эрх ашиг хохирох, хөдөлмөрийн харилцаанд үл ойлголцол үүсэх, энэ нь холбогдох этгээдийг хариуцлагаас холуур өнгөрөх нөхцлийг бүрдүүлж байна.
Тухайлбал, уул уурхай, ашигт малтмалын олборлолтын салбарт гэрээсээ алслагдмал газар тогтмол хугацаанд ажил, үүрэг гүйцэтгэх ажилтны ажил, амралтын цагийн дээд, доод хэмжээг зохицуулах хууль, эрх зүйн акт байхгүйгээс тус салбарын аж ахуйн нэгжүүд ажиллагсдыг нэг удаагийн ростерт 40 хүртэл хоногоор ажиллуулж байна” гэж орсон байгаа юм. Зөвхөн энэ л хуулийн дээрх заалтыг үг дуугүй батлах шалтгаан болсон бололтой. Харин өөр бусад байгууллагуудаас эсрэг санал өгч байжээ. Учир нь хуулийн төслийг судлах явцад холбогдох байгууллагуудаас санал авах үед Монгол дахь Америкийн худалдааны танхимаас, Монголын бизнесийн зөвлөл зэрэг байгууллагаас “Жасаагаар ажиллах хуваарийг 14 хоног ажиллаад, 14 хоног амрахаар тусгасан байсныг өөрчилсөн нь сайн, эерэг үр дүн үзүүлнэ” гэсэн байх жишээтэй. Тиймээс энэ алдааг засах талаар удахгүй УИХ-ын нэр бүхий гишүүд санаачилга гаргаж, хэлэлцүүлэхээр зэхэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Иргээ · 2024/09/23
Битгий ухралт хийгээрэй. Компануудын лоббинд бүү ор. Одоо 20/10 өөр хэн ч ажиллахгүй. Би шууд гарна