Манайд сонгууль болохоор л улстөрждөг салбарууд бий. Салбар нь гэхээсээ илүү улстөрчид ашиглачихдаг гэвэл илүү зохино. Товчхондоо, сайхан амлалт өгч байгаад санал авчихдаг технологи. Энэ удаагийн сонгуулиар улстөрчдийн онилсон бай нь хөдөө аж ахуйн салбар байлаа. Тэр дундаа мал аж ахуй. Энэ нь малчид нэгдээд хамтрал коммун байгуулах тухай байв. Социализмын үеийнхээр бол нэгдэлжих хөдөлгөөн гэсэн үг.

Уламжлал ёсоор сонгуулийн өмнө буюу дөрөвдүгээр сард одоогийн УИХ-ын дарга, тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачилж байгаагаа зарласан. “Малчид хамтран хоршоо байгуулж, хоршоонд нэгдсэн малчин өрх арилжааны банкнаас 3-5 жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын чиглэлийн 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан авах боломжтой” гэсэн. Зээл ч олгогдож эхэлсэн. Малчид ч шуурсан. Ингээд сонгууль болж, эрх баригчид мөнгөтэй болсон малчдаасаа хүссэн саналаа авч чадсан билээ.

Өнөөдөр харин намрын сэрүүн хэдийнэ орж, хөдөө хотгүй өвлийн бэлтгэлдээ гарах цаг хоолойд тулжээ. Өнөөх хамтрал коммун байгуулсан малчид маань өвс хадландаа гарсан болов уу.

Өвс тэжээлийн нөөцөө бэлдэнэ гэдэг малчин өрхийн гол ажил. Өвлийн улирлыг малын хорогдолгүй давахын тулд намрын цагт өвс тэжээлээ сайн базааж, хот хороогоо бэлдэх л байдгийг өнгөрсөн жилийн зуднаас монголчууд нийтээрээ харсан. Бэлтгэл сайтай малчин нэг ч төлийн хорогдолгүй толгой дээгүүр хавартай золгож, эсрэгээр нь өвөлдөө бэлдээгүй хэсэг нь хотоо харлуулсан. Үүнд хамгийн чухал нь өвс тэжээлийн бэлтгэл байсан.

Тэгвэл энэ намрын малчдын бэлтгэл хэр байх бол гэдэг эргэлзээтэй байна. Сонгууль болоод өнгөрсөн. Сонгуулийн маргаашаас хоршоолсон малчдын зээл нь таг зогссон, хөдөө орон нутгаар нэг хэрүүл маргаан байгаа тухай яриа дэгджээ. “Үндэслэл судалгаа муутай, их хэмжээгээр олгогдсон зээл жилийн дараагаас чанаргүй зээлийн ангилалд шилжих эрсдэлтэй” гэж эдийн засагчид дуу нэгтэйгээр анхааруулж байгаа. Зээл нь зогсож, хамтрал коммун нь явцгүй болсон малчид хадлан тэжээлээ алдаж, өвөл зутрах вий. Ядаж л уламжлалт аргаараа эртхэн малынхаа тоог цөөрүүлж, хорогдохоос өмнө эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй болов уу.

Сонгуульд өртсөн хөдөө аж ахуйн нөгөө чухал салбар бол газар тариалангийнхан. Тэд малчид шиг мөнгөтэй болоогүй, эсрэгээрээ хохирсон салбар. Өнгөрсөн хавар УИХ-аас гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг баталчихсан. Ингэснээр үндэсний үйлдвэрлэлээ хараат байдал руу түлхсэн явдал болж, тариаланчид, үйлдвэрлэгчид хоёр хуваагдсан. Уг нь энэ хоёр салбар нэг зоосны хоёр тал юм. Тариалалтгүйгээр үйлдвэрлэл ярихгүй. Үйлдвэрлэгчид байхгүй бол тариаланчид орлогогүй. Тиймээс тэд нэг ойлголттой, нэг бодлоготой явж байж ядаж л үнийн савлагаагүй, иргэдийн худалдан авах чадамжид нөлөөлөхгүй байх боломжийг бий болгож байдаг юм. Улс төрийн шийдвэр судалгаа тооцоогүй, захиалгатай, улстөржсөн байхын хор уршиг ингэж л гардаг.

Энэ удаагийн сонгуулиар монголчуудын хүнсний хэрэгцээг хангадаг чухал салбар ингэж аюултайгаар өртлөө. Малчид тооцоо судалгаагүйгээр их хэмжээний зээлэнд толгойгоо мэдүүлж, газар тариаланчид хоёр хуваагдаж эцэст нь энэ салбараас гарах эцсийн бүтээгдэхүүний үнэ, хэмжээнд нөлөөлчихдөг. Улс төрөөс ангид байх ёстой салбар гэж бий. Ялангуяа улс орны стратегийн гол бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч салбар улс төрөөс маш хол байх ёстой. Нэг л буруу шийдвэр нийт ард түмний амьдралд муу үр дагавар бий болгочихдог. Тиймээс хөдөө аж ахуйг улс төрөөс ангид байлгах тухай “Өдрийн сонин” бичиж ирсэн. “Улстөрчдөд битгий итгээрэй, битгий үнэмшээрэй” гэж үргэлж анхааруулж бичдэг.

Атрын гуравдугаар аяныг эхлэхэд ч бичиж л байлаа. Өнөөдөр энэ аянаас ямар үр шим монголчууд хүртэв гэхээр гарт баригдаж, нүдэнд харагдах зүйл үлдээгүй. Үүн шиг хөдөө аж ахуйн салбар энэ сонгуулийн “дайрлагад” өртөж малчид нь хамтрал хоршоо нэрээр арилжааны банкинд их хэмжээний өртэй, газар тариалангийнхан хоёр хуваагдан гурилын үнийг нэмж монголчуудыг “шагнах” шив дээ. Салбар улстөржих ийм л аюултай.

Б.ЭНХЗАЯА