Гурван нам хамтарч Засгийн газар байгуулаад гурван сар ч болоогүй байна. Орон нутгийн сонгууль залгаж, гурван тийшээ гарч яваад өрсөлдөж байна. Эндээс “…Засаг нь нэг бодлоготой байхад энэ сонгуулиар хаана, хэн ялснаас шалтгаалаад өөр өөр бодлого хэрэгжих үү” гэдэг сонин асуулт гарч ирээд байгаа юм. Энэ бол “…Дэлхийд ганцхан монгол наадам” гэдэг шиг Монголын л улс төр юм даа.

Ямартай ч Орон нутгийн 2024 оны сонгууль эхэлчихлээ. Уг нь энэ сонгууль аймаг, нийслэл, сум, дүүрэг гээд Монгол Улсын засаг захиргааны бүх нэгжийг хамарч байгаа ч Хотын сонгууль илүү анхаарлын төвд байна.

Мөн Хотын сонгуульд ялах хамгийн өндөр магадлалтай намаар иргэд, олон нийт засагт хамтарсан МАН, АН, ХҮН намыг нэрлэх болов. Эдгээр намын хот хариуцсан бүтцийн дарга нар нь ардаа өөр өөр “статус” бүхий субьектын дэмжлэгтэй байгаад онцлог нь байх шиг байна. Хотын МАН-ын дарга Х.Нямбаатарын ард МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Хотын АН-ын дарга Т.Батцогтын ард Ерөнхийлөгч асан, одоо УИХ-ын гишүүнээр ажилладаг Х.Баттулга, Хотын ХҮН намын дарга Э.Золзаяагийн ард ХҮН нам нь ажиллаад байх шиг байгаа юм. Тэр утгаараа “…Хотод хэний “бөх” давж, хэнийх нь бодлого хэрэгжих вэ” гэдэг дээр л олны анхаарал илүүтэй төвлөрч байгаа болов уу.

Нэг. Хотын МАН-ын дарга Х.Нямбаатар сонгуулиа удирдаж байна. Х.Нямбаатар энэ сонгуулийн эхэнд “…Бид НИТХ-д нэр дэвшигчдийг тодруулахын тулд өнгөрсөн наймдугаар сард хэд хэдэн нийгмийн судалгаа явуулсан. Хотод ирэх дөрвөн жил их бүтээн байгуулалт хийх цаг хугацаа учраас инженер, эдийн засагч, хуульчид илүүтэй түлхүү төлөөлбөл зүйтэй гэдэг судалгааны дүн гарсан. Энэ судалгааны дүнг үндэслэж нэр дэвшигчдээ тодрууллаа. 1980, 1990-ээд онд төрсөн, шинэ цаг үеийн бүтээн байгуулалтыг ид хийх залуучуудыг дэвшүүлсэн” гэсэн юм.

Мөн түүнийг “…Тултал дэмжинэ” гээд Ерөнхий сайд, намынх нь дарга Л.Оюун-Эрдэнэ хэлчихсэн. Тэрбээр “…Улаанбаатар хот амьдралын чанарын хувьд таатай биш, үүнийг л өөрчлөх гэж Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүнээс нь, Хууль зүйн сайдаас нь татгалзуулж, Хотын дарга болгосон. Миний бие нэгэнт Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа хотын маш том реформ хийе гэж шийдсэн учраас хотынхон маань надтай гар нийлж хамтарч ажиллах Засаг даргыг сонгож өгөх нь туйлын чухал” гэсэн.

Хоёр. Хотын АН-ыг Т.Батцогт удирддаг. Сонгуулиа ч бас ахалж байна. Тэрбээр бас сонгуулийн эхэнд “…Манай намын нэр дэвшигчдийн дундаж наслалт 34. Бид иргэдийн дуу хоолой, салбар бүрийн мэргэжлийн төлөөлөл болон хотын засаглал, хотын асуудлууд дээр ажиллаж байсан туршлагатай улс төр, бизнесийн төлөөлөллүүдийг оролцуулан нэр дэвшигчдээ бүрдүүлсэн. Хот бол бүхэлдээ хүний амьдрах орчны асуудал байдаг, нөгөө талаас Монгол Улсын бизнесийн орчин, эдийн засгийн эргэлтийн төв. Тэгэхээр эдгээр асуудлуудыг төлөөлөн ажиллаж чадахуйц баг бүрдүүлэн нэр дэвшилтээ хийсэн гэж үзэж байна” гэсэн юм.

Харин түүний улс төрийн гол дэмжлэг болох Ерөнхийлөгч асан, одоогийн УИХ-ын гишүүн Х.Баттулга даваа гаригийн өглөө “Нарантуул” зах дээр очиж сонгуулийн гол акцаа танилцуулсан. Тэрбээр “…Хуулийн дагуу УИХ-д нэр бүхий 26 гишүүний өргөн барьсан “Хүүхэд хөгжлийн карт” гэдэг хуулийн төслийг сурталчлах зорилготойгоор өнөөдөр бид “Нарантуул” зах дээр ажиллаж байна. “Хүүхэд хөгжлийн карт” гэдэг нь спорт, урлаг, оюуны спортын чиглэлийг дэмжсэн 30 мянган төгрөг бүхий зөвхөн хүүхэд өөрөө зарцуулах эрхтэй хийгдэж байгаа төсөл юм. Уг төслийг “D-Parliament”-д өргөн барьсан байгаа. Иргэд “D-Parliament”-д орж дэмжих боломжтой” гэв.

Гурав. Хотын ХҮН намын дарга Э.Золзаяагийн тухайд мөн л Хотын сонгуулиа зангидаж байх шиг байна. ХҮН намынханд хотод нэр дэвшигчдээ тодруулсны дараа тэрбээр “…Энэ удаагийн орон нутгийн сонгууль бол ХҮН нам төдийгүй хувь улстөрч миний хувьд удаан хүлээж, бэлтгэсэн чухал эргэлт, өөрчлөлтийн сонгууль. Бид нэр дэвшигчдээ тодруулахдаа ХҮН намын Бодлого, судалгааны хүрээлэнгийн дэргэдэх Хотын хөгжлийн экспертүүдийн зөвлөлийн гишүүдээ энэ удаагийн сонгуульд тэргүүлэх үүрэгтэй оролцуулж байна. Экспертүүдийн зөвлөлд хотын эдийн засаг, орон сууцны бодлого, тээврийн шийдэл, инженерийн барилга байгууламж, эрчим хүч, байгаль орчны салбарын чиглэлийн мэргэжилтнүүд багтдаг. Мөн хотын орон зайн төлөвлөлт, дизайны чиглэлээр салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн архитекторуудаа нэр дэвшүүлж байна” гэсэн юм.

Харин ХҮН намын дарга Т.Доржханд өнөөг хүртэл Хотын сонгууль, ер нь Орон нутгийн сонгуулийн талаар ам нээгээгүй, уулзалт арга хэмжээ зохион байгуулаагүй байна. Харин Э.Золзаяа “…Сүүлийн ганцхан жилийн хугацаанд хотын төсвийн зарцуулалт түүхэн дээд хэмжээндээ хүрсэн боловч иргэдийн амьдралд бодит эерэг өөрчлөлт гарахгүй, бас өөрчлөгдөх итгэл хүлээлт байхгүй болсон. Хот байгуулалтын оновчтой бодлогогүй, түүнийгээ тогтвортой хэрэгжүүлдэггүй байдлаас үүдэн иргэдийн эдийн засгийн боломж хумигдаж, оршин суугчдын эрүүл мэнд, тав тух алдагдсаар байгааг богино хугацаанд оновчтой стратеги, төлөвлөлтөөр засан залруулах боломжтойг ХҮН нам мөрийн хөтөлбөртөө онцлон тусгасан” гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин