Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хууль тогтоомжийн хүрээнд хариу өгч, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхийг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон.

Энэ дагуу өнөөдөр Боловсролын сайд П.Наранбаяр яам болон агентлагийн удирдлагуудын хамт тус төвд ажиллаж, иргэдтэй уулзлаа. Иргэд тэтгэвэрт гарсан багш нар болон энэ мэргэжлээр суралцаж байгаа төгсөх ангийн оюутнуудыг багшаар ажиллуулахыг дэмжиж буйгаа хэлж байв.

Ахмад багш Ж.Цэдэндорж ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөр явцуу хүрээнд сургалтын чанар тааруу байна. Ахлах ангийн сурагчдад системтэй мэдлэг олгож чадахгүй байгааг шүүмжлээд, сурах бичгийн чанарт онцгой анхаарахыг сайдаас хүслээ.

Тус төвд өнгөрсөн наймдугаар сарын 20-наас есдүгээр сарын 26 хүртэлх хугацаанд боловсролын салбартай холбоотой 620 гаруй санал хүсэлт, гомдол ирснийг яам, харьяа агентлагуудад шилжүүлснээс 50 гаруй хувийг нь шийдвэрлэжээ. Үүнээс цэцэрлэг, сургуулийн хүртээмж, бүртгэл, багш, ажилтнуудтай холбоотой санал гомдол дийлэнх хувийг эзэлж байна.

Боловсролын яам, харьяа агентлагийн холбогдох мэргэжилтнүүд аравдугаар сарын 1-н хүртэл Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах юм.