Сэлбэ дэд төв рүү СУИС-ийг гаргах саналаа холбогдох салбарын яам руу хүргүүлсэн
2024/10/02
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ногоон нуурт баригдаж буй 1,008 айлын орон сууцыг Улаанбаатар хотын мэдэлд шилжүүлэх шийдвэр гарсан талаар хотын дарга дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн хэвлэлийн хурлын үеэр Дэд төвүүд рүү их дээд сургуулиудыг гаргах тухай асуудлыг дурдлаа.
Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар "Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулах хуулийн дагуу орон сууцаар айлын хашаа байшинг ямар нэгэн худалдааны нөхцөлгүйгээр хоорондоо арилжиж солилцоно. Өөр хороололд байгаа хүмүүс Ногоон нуурт баригдаж буй 1,008 айлын орон сууцанд орох боломжгүй.
Өөрөөр хэлбэл газар чөлөөлөлт хийж байж дараагийн төлөвлөлтийг хийх учиртай. Улаанбаатар хотод 190 мянган айл өрх гэр хороололд амьдарч байгаа нь агаарын бохирдол, авто замын түгжрэлийн гол шалтгаан болж байна.
Дэд төвүүд рүү их сургуулиудыг гаргахаар төлөвлөсөн. Эхний ээлжид Сэлбэ дэд төв буюу Сэлбэ голын эрэг дээр Соёл Урлагийн Их Сургууль (СУИС)-ийг гаргах саналаа холбогдох салбарын яам руу хүргүүлсэн. Нийслэл дэд бүтэц, газрыг шийдэж өгнө, кампус байдлаар зохион байгуулна. Баянхошуу дэд төв рүү Техникийн их сургуулийг гаргана. Жишээлбэл зөвхөн МУБИС руу өглөө бүр 10 мянган зорчилт явж байна.
Дэд төвүүд рүү их дээд сургууль, соёл, төрийн үйлчилгээг тараан байршуулснаар хотын төв рүү чиглэсэн хөдөлгөөнийг тухайн төвд нь шийднэ. МУБИС-ийг Сэлбэ дэд төв рүү гаргаснаар багш ажилчид тэр орчимд орон сууцтай болгох томоохон төсөл юм.
Дэлхий нийтэд 15-20 минутын хот гэх санаачилга хэрэгжээд явж байна. Азийн Хөгжлийн Банк одоогоос арван жилийн өмнө дэд төвийг түшиглэсэн орон сууцны хорооллыг байгуулна гээд гурван дэд төвийн дэд бүтэц баригдсан байгаа" гэв.