УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Шадар Сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан нар Монгол Улсын Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн, МоАХ-ы дарга Х.Баттулга нартай хамтран ажиллаж байгаа, тэр бүү хэл Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуульд АН-аас нэр дэвшигчдэд улс төрийн болоод мөнгө, санхүүгийн тусламж үзүүлж буй талаар eguur сайт мэдээлсэн билээ. 

 

Хачирхалтай нь МАН-ын лидерүүд Нийслэлийн МАН-ын хорооны эсрэг ажиллаж буй байж болзошгүй тухай ийм ноцтой мэдээлэл цацагдаад байхад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Шадар Сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан нар няцаалт, тайлбар хийх нь бүү хэл ганц ч үг ган хийгээгүй юм.

 

Үүнээс хойшхи буюу ялангуяа орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхэлсний дараах үйл явдлууд ихээхэн сонирхолтой өрнөж байгаа нь анхаарал татна. Тодруулбал МАН-ын Удирдах Зөвлөлийн Хэрэг Эрхлэх Газар энэ удаагийн НИТХ-ын сонгуульд маш бага анхаарал тавьж, аймаг, сумдын ИТХ-ын сонгуульд түлхүү анхаарч буй нь илтэд анзаарагдаж эхэллээ.

 

Тодруулбал МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд хөдөө орон нутагт түлхүү ажиллаж буй бол Х.Нямбаатарын орлогчоор ажиллаж байгаад УИХ-д сонгогдсон П.Сайнзоригоос өөр хэвлэлээр "гал барьж", НИТХ-ын нэр дэвшигчдийн 90 хувийг бүрдүүлж буй МоАХ, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын эсрэг дуугарах УИХ-ын гишүүн гарсангүй.

 

Мөн төдийгээс өдий хүртэл бүхий л шатны сонгуульд намынхаа нэр дэвшигчдийг нэгдсэн удирдлагаар хангаж, зарим тохиолдолд бүр анхан шатны хурлын нөхөн сонгуульд хүртэл төвлөрсөн менежментийн үйл ажиллагаа явуулдаг МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах функци НИТХ-ын 2024 оны сонгуульд огт оролцохгүй байгаа нь ихээхэн хачирхал төрүүлнэ. Уг нь энэ функци өөрсдөө л хүсэх аваас МАН-д ямар ч хамааралгүй гэх "Админерал" компаний захирлын ярилцлагыг бүхий л телевизийн дэлгэц, хэвлэлийн хуудаснаа жирийтэл гаргах буюу эсвэл авлигын хэрэгт холбогдсон "МИАТ" компаний дэд захирлын тухай мэдээг нам дарж чаддаг "бяртай". Энэ "бяр" нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай өрсөлдөж буй Х.Нямбаатарыг дэмжих болохоор л гэнэт дуусчихдаг юм гэнэ.

 

Гэхдээ энэ бүхэн МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар томилогдоод удаагүй Я.Содбаатартай холбоогүй гэдэг нь тодорхой. Учир нь Я.Содбаатар бол тулхтай, хэн нэг эрх мэдэлтэнд үйлчлэх гэхээсээ намынхаа эв нэгдлийг боддог улс төрч.

Хамгийн гол нь тэрээр генсек болсон ч нам дотроо өөрийнхөө багийг бүрдүүлж эхлээ ч үгүй байгаа ба МАН-ын Хэрэг Эрхлэх Газрын удирдлагын цөм бүхэлдээ Д.Амарбаясгалангийн үед томилогдсон дарга нараас бүрдэж байгаа. Тэр дундаа МАН-ын Нарийн Бичгийн Дарга Н.Энхбаатар, Ц.Чулуунзагд нар голчлон намынхаа Хэрэг Эрхлэх Газрын үйл ажиллагааг зангидан удирдаж буй аж. Ийнхүү МАН-ын "том дарга нар" орон нутгийн 2024 оны сонгуулийн үеэр НИТХ-ын нэр дэвшигчид ба, Х.Нямбаатараас илүү орон нутаг буюу аймаг, сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ түлхүү анхаарч буйн шалтгаан юу болох нь удахгүй тодорхой болох биз ээ.

 

Г.Галхүү

sonin.mn