Дөрвөн мянган эмэгтэйн амийг зольсон хуурамч мэдээлэл
2 цагийн өмнө
2012 оны гуравдугаар сарын 12. Монголын эрүүл мэндийн салбарт нэгэн тушаал гарсан нь салбарын сайд Н.Хүрэлбаатарын гарын үсэг, тамгатай Удирдамж батлах тухай байдаг. Үүнд, умайн хүзүү, хөхний өмөнгийн илрүүлэг эргэн дуудах тогтолцооны удирдамжийг нэгдүгээр, “Хорт хавдар бүртгэх удирдамж”-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай гэжээ. Ийнхүү Монгол Улс одоогоос 12 жилийн тэртээ умайн хүзүүний хорт хавдрын эсрэг аяныг анх эхлүүлж байв. Учир нь 2012 онд ДЭМБ-аас манай улсад хорт хавдар тэр дундаа умайн хүзүүний хорт хавдар их байгааг анхааруулсан байдаг. Гэвч ...
БИД УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРААР ЖИЛД 200 ЭМЭГТЭЙГ АЛДАЖ БАЙНА
Тухайн үед дэлхий нийт энэхүү өвчинтэй тэмцэж, улс орны ирээдүй болсон өсвөр насны охид болоод насанд хүрсэн эмэгтэйчүүдийнхээ алтан амийг алдахгүйн төлөө умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг яаралтай хийж, товлолт вакцины жагсаалтад оруулж байв.
Манай улсын хувьд ч 2012 оны дөрөвдүгээр сараас 12-15 настай охидыг вакцинжуулах ажлыг төлөвлөжээ. Ингээд 10.000 гаруй охидод вакцин хийсэн ч, төд удалгүй эсэргүүцэлтэй тулснаар энэхүү ажил замхарч, зөвхөн сайн дураар хийлгэх хүсэлтэй хүн ХСҮТ-д хандах зохицуулалтыг хийж байв.
Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн ээлжит эрэн сурвалжилгаараа 2012 онд анхлан эхэлж байсан умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцинжуулалт ямар учир шалтгааны улмаас зогссон, үүний ард улс төрийн ямар нэгэн ашиг хонжоо байв уу. Вакцинжуулалт зогсоход хэн нөлөөлөв, 12 жилийн дараах үр дүн юу байв зэрэг асуултын эрэлд гарлаа. Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцинжуулалт хийх үед Засгийн газрын тэргүүн нь Н.Алтанхуяг, Эрүүл мэндийн сайд нь Н.Хүрэлбаатар, дэд сайд нь Ж.Цолмон нар байжээ. Н.Хүрэлбаатар сайдын эхлүүлсэн энэхүү ажил Н.Удвал эрүүл мэндийн сайд болсноор дуусгавар болсон байдаг. Ийнхүү тухайн үедээ нийгмийн халуун сэдэв болж, иргэдийг талцуулаад байсан умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцины тухай яг энэ цаг мөчид буюу 2024 онд дахин онцгойлон ярьж эхлээд байна.
Учир нь Монгол Улсад жилд 400 гаруй эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогддог. Ихэнх тохиолдол нь хожуу шатандаа оношлогдож байгаа учир жилд илэрсэн хоёр хүн тутмын нэг нь нас бардаг гэсэн харамсалтай судалгаа байна.
ХСҮТ-өөс гаргасан судалгаагаар 2023 онд буюу өнгөрсөн жил нийт 7244 хүн хавдраар өвчилсний 5.9 хувь буюу 425 хүн нь умайн хүзүүний хорт хавдраар оношлогджээ. Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч папиллома вирусийн тархалт дэлхийд 12 хувьтай байдаг бол манай улсад 35-аас дээш хувьтай байгаа нь дэлхийн хэмжээнд дээгүүрт орох үзүүлэлт юм. Нэг ёсондоо умайн хүзүүний хавдар монгол эмэгтэйчүүдийн дунд маш өндөр хувьтай байгаа төдийгүй улам ихэсч байгаа учраас ийн дахин вакцин хийх талаар ярьж эхэлжээ. ХСҮТ-өөс 2012 онд папиллома вирусын вакцин хийлгэсэн охидын дунд судалгаа хийжээ. Дархлаажуулалтад хамрагдсан охид умайн хүзүүний хорт хавдраас 92 хувь хамгаалагдсан гэсэн үр дүн гарсныг “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ыг үүсгэн байгуулагч, Анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхан онцолсон юм.
Тэрээр “Манай улсын эмэгтэйчүүдийн дунд зонхилох хоёр дахь хавдар бол умайн хүзүүний хавдар. Гэтэл дархлаажуулалтын вакциныг өнөөдрийг хүртэл хийгээгүй байна. Уг нь Монгол Улсад 2012 онд энэхүү вакциныг Мянганы сорилтын сангийн дэмжлэгтэйгээр нэвтрүүлсэн. Гэвч цөөн хэдэн хүн “Охидыг үргүй болгодог” гэсэн буруу мэдээллийг нийгэмд тарааснаар энэ хөтөлбөр зогссон. Харин хор уршгийг нь бид өнөөг хүртэл амсаж сууна. Буруу мэдээллийг тарааж, хүмүүсийг вакцинд үл итгэх байдал үүсгэсний үр дүнд манай улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Хавдрын үндэсний зөвлөлөөс 2012 онд вакцин хийлгэсэн эмэгтэйчүүдийг судлахад вакцин маш үр дүнтэй буюу хавдар үүсгэдэг папиллома вирусээс 90 хувь хамгаалсан байсан бөгөөд жирэмслэлтэд ямар ч нөлөө үзүүлээгүй. Бид олон орны эрдэмтэдтэй хамтарсан гурван том судалгаа хийсэн” гэсэн юм.
ВАКЦИН ХЭЛБЭРЭЭР ОРЖ ИРСЭН 3.8 САЯ АМ.ДОЛЛАР САЛХИНД ХИЙСЭВ
Үүнээс харахад 12 жилийн өмнө эхэлсэн дархлаажуулалтын ажил хэвийн үргэлжилсэн бол бид өнөөдөр дөрвөн мянган эмэгтэйн амийг аварч чадах байжээ. Тэгвэл 2012 онд дархлаажуулалтын ажил яагаад зогсов. Энэхүү асуултын хариуг олохоор бид тухайн үед Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Цолмонтой уулзсан юм.Тэрээр “2012 онд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газарт би дэд сайдаар ажиллаж байсан.
Тус оны дөрөвдүгээр сард манай улсад АНУ-аас Мянганы сорилтын сангийн дэмжлэгтэйгээр 3.8 сая ам.доллартой тэнцэх хэмжээний вакциныг буцалтгүй тусламжаар өгсөн. Өөрөөр хэлбэл, АНУ-ын татвар төлөгчдийн мөнгөөр үнэгүй вакцин оруулж ирж тарьсан гэсэн үг.
Ингээд гардасил вакциныг хийсэн. Үүний өмнө Монгол Улсын Засгийн газар дархлаажуулалтад бэлдэх үйл ажиллагаа явуулж, вакцины тухай иргэдэд ойлголт, мэдээлэл өгөх, хийлгэх гэж байгаа хүүхдийн эцэг эхтэй уулзаж гэрээ байгуулж байсан. Ингээд дархлаажуулалт эхлэхэд миний бие ард түмний нүдэн дээр өөрийнхөө 13 настай охинд вакцин тариулсан. Хэрэв тус вакцин хортой байсан бол би хүүхдэдээ тариулахгүй шүү дээ” гэсэн юм. Энэ бол одоогоос 12 жилийн өмнөх үйл явдал. 2012 оныг эргэн санавал сонгуулийн жил. Тэр үед сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулж, Ерөнхий сайдаар Норовын Алтанхуягийг томилж, шинэхэн Засгийн газар бүтцийн өөрчлөлт хийж байсан цаг хугацаатай умайн хүзүүний хорт хавдрын дархлаажуулалт яг давхацсан байдаг.
Энэ тухай Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон хэлэхдээ “2012 оны долоодугаар сард засаг солигдож, Эрүүл мэндийн сайдаар Н.Удвал томилогдож ирсэн. Би тэр үед эрүүл мэндийн асуудлаас гадна биеийн тамирыг давхар хариуцдаг байсан. Тиймээс 2012 оны паралимпад тамирчдаа авч яваад ирсэн.
Эргээд ирэхэд вакцинтай холбоотойгоор “Охидыг үргүй болгох гэж байна. Туршилт хийж байна” зэрэг эсэргүүцэл үүссэн байсан. Тодруулбал, вакцинаас үүдэж буруу, зөрүү ойлголт үүсэж, намайг маш ихээр харлуулсан. Ингээд тус Засгийн газар вакцинжуулах үйл явцыг зогсоож, үлдсэн тун буюу гуравдугаар тунг бүгдийг нь үхүүлсэн. Тухайн үед Н.Удвал сайд дэмжиж, тууштай байсан бол дархлаажуулалт зогсохгүй байх боломж байсан” гэсэн юм. Үүнээс харахад умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцинжуулалт сонгуулийн салхинд дарагдаж, хоёр нам солигдох төдийд л олон мянган охид эмэгтэйчүүдийн амьд, эрүүл явах эрх зөрчигдсөн нь харамсалтай. Тухайн үед Монголын төр эх орныхоо ирээдүй болсон охид, эмэгтэйчүүдийнхээ өмнө хамгийн буруу шийдвэрийг гаргасан нь умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг товлолт вакцинд оруулаагүй явдал юм. Үүний төлөөсийг 12 жилийн хугацаанд дөрвөн мянга орчим ээж халуун амиараа төлжээ. Мөн Монгол Улсын Засгийн газар Мянганы сорилтын сангаас вакцин хэлбэрээр орж ирсэн 3.8 сая ам.долларыг хэнд ч хэрэггүй болгож, салхинд хийсгэсэн. Хэрэв тухайн үед Н.Хүрэлбаатар сайдын эхлүүлсэн ажлыг дараагийн Н.Удвал сайд үргэлжлүүлээд явсан бол өнөөдөр буюу 12 жилийн дараа бид Австрали улс шиг умайн хүзүүний хорт хавдрыг 100 хувь ялан дийлсэн орон болж, сайн жишгээр яригдах байлаа.
“САНААТАЙ ТҮГЭЭСЭН ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ИХЭВЧЛЭН АШИГ ХОНЖОО ХАЙСАН БАЙДАГ”
2012 онд вакцин хийж эхлэхтэй зэрэгцэн нийгмийн сүлжээгээр энэхүү ажлыг харлуулах, эсэргүүцэх аян хүчтэй өрнөж байсан нь тухайн үеийн хэвлэлүүдийн хуудаснаа тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тодруулбал, ХСҮТ дотроосоо нэгэн эмч эсэргүүцэж байсан нь “Даффодил” эмэгтэйчүүдийн хавдрын клиникийн захирал, эмэгтэйчүүдийн хавдрын их эмч Л.Баярсайхан байв. Тэрээр тухайн үед “Мерк бол хувийн компани. Энэхүү вакциныг хийсэн улс орнуудын охид, эмэгтэйчүүдээс гаж нөлөө илэрсэн. Мөн Гардасил хийлгэсэн 71 хүн нас барсан гэж мэдээлсэн.
Нас барсан хүмүүсийн 34 нь уг вакциныг хийлгэсэн. Манайх шиг эдийн засгийн хязгаарлагдмал, хүн ам цөөтэй улс дэлхийд хамгийн үнэтэй гэх энэхүү вакциныг хийж эхлэх нь эртэдсэн хэрэг. Дор хаяж 10 жилийн дараа бусад орны үр дүнг ажиглаад шийдэх асуудал.
Гардасил нь дээд тал нь 4-5 жилийн түр зуурын дархлаа тогтоодог” гэж олон нийтэд зарлажээ. Мэргэжлийн эмчийн хийсэн энэхүү мэдэгдлийн дараа эцэг эхчүүд вакцин эсэргүүцэгчдийн холбоо хүртэл байгуулж, охиддоо туршилтын вакцин хийлгэхгүй гэж хэвлэлийн хурал зарлаж байлаа. Ийнхүү хэсэг бүлэг хүмүүсийн тэмцлийн үр дүнд бүхэл бүтэн эрүүл мэндийн салбар цаашлаад Монгол Улсын хэмжээнд эхлүүлсэн томоохон ажил замхарсан байна. Гэтэл 2024 онд тайлагнаж буй ХСҮТ, Хавдрын үндэсний зөвлөлөөс хийсэн судалгааны үр дүнд Л.Баярсайхан эмчийн энэхүү мэдэгдэл няцаагдаж, дархлаажуулалтад хамрагдсан охид умайн хүзүүний хорт хавдраас бүрэн хамгаалагдсан гэдэг нь нотлогдсон.
Тиймээс бид тухайн үед вакциныг эсэргүүцэж байсан Л.Баярсайхан эмчтэй холбогдоход “Би эсэргүүцэж байгаагүй. Зөвхөн хийх гэж байгаа арга барилыг нь шүүмжилсэн.
Тухайн үед миний хэлснээр буруудсан. Эхнээсээ энэхүү вакциныг худлаа сурталчилж, хоёр төрлийн хавдар үүсгэх эрсдэлтэй вакциныг хорт хавдраас бүрэн хамгаална гэж сурталчилж байсанд нь эгдүүцсэн. Учир нь үйлдвэрлэгч компани нь өөрөө вакцин хийлгэсэн ч заавал эрт илрүүлэгт ороорой гэж анхааруулж байхад Монголын төр худлаа сурталчилгаа хийсэн. Энэхүү худал сурталчилгааг эсэргүүцэж байсныг минь вакциныг эсэргүүцсэн болгож, гуйвуулсан байдаг. Түүнээс би вакцин битгий хийлгээрэй гэж нэг ч удаа хэлээгүй. Одоо ч би эсэргүүцдэггүй. Харин хамгийн сайн болох гардасил 9 вакциныг л хийлгээрэй гэж хүмүүст зөвлөдөг” гэсэн хариултыг өгсөн юм.
Ийнхүү ямар ч судалгаагүй, батлагдаагүй мэдээлэл, дуулиан үргэлжилсэн нь Монголын төрийн эхлүүлсэн томоохон ажлыг “унагажээ”. Үүнээс бид батлагдаагүй худал мэдээлэл хүний амьдралд, тэр ч бүү хэл улс эх орон, Монголын гэрэлт ирээдүйд хэрхэн сөргөөр нөлөөлж болдог бодит жишээний гэрч болж сууна. Одоо ч зарим эмэгтэйчүүдийн төлөөлөл вакциныг эсэргүүцэж, хэвлэлийн хурал зарласаар байдаг.
Тэгвэл Монголын баримт шалгах төв, Хуурамч мэдээллийн эсрэг “FactCheck.mn” талбараас умайн хүзүүний хорт хавдрын вакцинтай холбоотой мэдээллүүдэд шалгалт хийж, энэ нь төөрөгдүүлсэн, худал мэдээлэл болохыг баталсан байна.
Хуурамч мэдээлэл түгээхийн хор уршгийн тухай “FactCheck.mn” талбарын үүсгэн байгуулагч, медиа аналист Ц.Тамир “Мэдээ гэдэг хүний ирээдүйд гаргах шийдвэрт үргэлж нөлөөлж байдаг. Тухайлбал, маргааш цас орно, эсвэл хотын аль нэг хэсэгт зам засварын ажил хийгдэх тул тухайн замыг хаана гэвэл хүн түүнд төлөвлөж шийдвэр гаргана. Тиймээс хуурамч мэдээлэл иргэдийн амьдралд шууд хортой нөлөө үзүүлж байдаг. Хуурамч мэдээлэл түгээж буй хаягуудыг харахад тухайн батлагдаж нотлогдоогүй мэдээллийг санаатайгаар болон санамсаргүйгээр түгээсэн байдаг. Санаатай түгээж байгаа нь ихэвчлэн үүнээсээ ямар нэг байдлаар ашиг хонжоо олж байдаг тул тасралтгүй, давтамжтай, илүү хорон байдаг. Бид ийм жишээг сонгуулийн үеэр их хардаг. Үүний ард зохион байгуулалттай санхүүжилт ч явж байдаг гэж үздэг. Харин нөгөө хэсэг нь буюу санамсаргүйгээр хуурамч мэдээлэл түгээдэг хэсэг бол цэвэр тухайн хүний боловсролын түвшин, хүрээлэн буй орчин, мэдлэгийн хүрээтэй нь хамаатай. Тиймээс энэ бүлэгт хэвлэл мэдээллийн оролцоо маш чухал. Аливаа худал мэдээлэлд автахгүй байх, мэдээллийг шүүлтүүртэйгээр хүлээн авч, дотроо тунгаан боловсруулсныхаа үндсэн дээр бусдад түгээх, дамжуулах зэрэг үйлдлийг хийдэг дадал зуршилтай болгох шаардлагатай” гэв.
Үнэхээр цахим орчинд худал мэдээлэл түгээж буй хаягуудыг харахад ихэвчлэн иргэний нийгмийн байгууллагуудын хуурамч, хэн гэдэг нь мэдэгдэхгүй профайл зурагтай байх нь элбэг. Тэд мэдээллээ үргэлж бүүстэлж, их хэмжээний мөнгө цацаж байгаа нь ажиглагддаг. Умайн хүзүүний хорт хавдрын тухай хуурамч мэдээлэл түгээж буй хаягууд ч ялгаагүй хэн нь үл мэдэгдэх байгаа нь цаанаа улс төрийн захиалгатай, ашиг хонжоо хайсан байж магадгүй юм гэсэн хардлага төрүүлнэ.
ХОЁР ӨДӨРТ НЭГ ЭМЭГТЭЙ УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРААР НАС БАРДАГ
2012 оноос хойш эрүүл мэндийн сайдаар ирсэн хүн бүхэн хорт хавдартай тэмцэх арга хэмжээний тухай тушаал, тогтоол гаргаж байсан ч тодорхой үр дүнд хүрч чадахгүй байна.
Жишээлбэл, 2018 онд Эрүүл мэндийн сайд байсан Д.Сарангэрэл “Умайн хүзүүниЙ хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах зарим арга хэмжээний тухай” гэсэн тушаал гаргаж, Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг, өвчний оношилгоо, үр дүнг сайжруулах арга хэмжээ авахыг тухайн үеийн ХСҮТ-ийн дарга Ж.Чинбүрэнд даалгасан байдаг.
Тэгвэл Ж.Чинбүрэн “itoim” мэдээллийн сайтад өгсөн ярилцлагадаа “Мянганы сорилтын сангийн тусламжтайгаар умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх хөтөлбөр 2013 оноос эхэлсэн. Жилдээ шинээр 400 гаруй умайн хүзүүний хорт хавдар оношлогддог, үүний 200 гаруй буюу 50 орчим хувь нь эрт үедээ оношлогдож байгаа юм. Бид эрт илрүүлгийн хөтөлбөрийн хүрээнд умайн хүзүүний хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 50 хувийг аварч байна” гэж ярилцлага өгч байжээ. Тэгвэл 2018 онд жилд 400 хүн энэхүү өвчнөөр өвдөж, 200 нас бардаг гэсэн статистик 2024 онд ч хэвээр байгаа нь энэхүү хорт хавдартай тэмцэх ажил жилийн жилд урагшлаагүй, хэрэгжүүлж буй арга хэмжээ нь үр дүнд хүрээгүйг баталж байна. Харин 2020 онд Т.Мөнхсайхан сайд байхдаа Умайн хүзүүний хорт хавдрын цогц хяналтын зааврыг шинэчилсэн байдаг. Энэ мэт үе үеийн салбарын сайдууд энэ өвчний эсрэг тогтоол, тушаал гаргадаг ч цаасан дээр ажил хэрэг, үр дүнгээ өгсөн мэт бичигдээд мартагдаж байгаа нь харамсалтай.
Монголын төр НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр 11 настай 70 мянган хүүхдэд хийх папилома вирусийн эсрэг гардасил вакциныг хүлээж аваад байна. Энэ тухай ЭМЯ-ны Халдварт өвчний хэлтсийн дарга Д.Баярболд “Монгол Улс 2012 оноос папилома вирусийн вакциныг хийж эхэлсэн. Гэтэл ХСҮТ-ийн Л.Баярсайхан тэргүүтэй эмч нар эсэргүүцсэнээс болж вакцинжуулалтыг зогсоож байсан. Гэтэл өнгөрсөн 12 жилийн хугацаанд бид 4000 эмэгтэйг умайн хүзүүний хорт хавдраар алджээ.
Энэ нь хоёр өдөрт нэг эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар нас барж байна гэсэн үг. Тиймээс ЭМЯ-ны зүгээс умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин хийх эрх зүйн орчныг бий болгох үүднээс 2023 онд УИХ-аар дархлаажуулалтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг өргөн барьсан.
Тус хуульд гурван төрлийн вакциныг товлолтод оруулахаар болсон. Үүний нэг нь хүний папилома вирусын вакцин юм” гэв. Иргэн Б.Баярсүрэнгийн охин энэ жил 11 настай. Тиймээс умайн хүзүүний хорт хавдрын вакцинжуулалтад орох насны босгыг биелүүлж байна. Түүнээс умайн хүзүүний хорт хавдрын тухай ямар ойлголттой тухай, охиндоо вакцин хийлгэх үү гэж асуухад “Би 39 настай. Биднийг өсвөр насны хүүхэд байхад энэхүү өвчний талаар төдийлэн мэдлэг байгаагүй. Харин сүүлийн жилүүдэд нэлээд яригдах боллоо. Умайн хүзүүний хот хавдраас сэргийлэх хамгийн зөв арга нь вакцинжуулалт гэдэгтэй санал нэгдэж байна. Харин энэ ажил хэн нэгний бизнес битгий байгаасай. Үнэхээр хүлээн зөвшөөрөгдсөн чанартай вакцинаар тарина гэвэл би охиноо дархлаажуулалтад хамруулна” гэсэн билээ.
“Ниргэсэн хойно нь хашгирав” гэдэг үг зүгээр ч нэг гараагүй бололтой. Монголын эрүүл мэндийн салбарын өмнө “бөмбөг дэлбэлээд” буй умайн хүзүүний хорт хавдар хэмээх өвчнийг бид 12 жилийн өмнө урьдчилан сэргийлж, ялан дийлэх боломжтой байлаа.
Гэвч хуурамч мэдээлэлд хэт итгэж, эмэгтэйчүүдийнхээ амиар өргөл өргөсөөр энэ цаг үед иржээ. Тиймээс эрдэнэт хүний амь настай холбоотой цацагдаж буй мэдээлэлд хяналт тавьж, баталгаатай, судлагдсан мэдээлэлд итгэж, шинжлэх ухаанчаар хандах нь иргэн бүрийн үүрэг болж буйг энэхүү нийтлэлээрээ уламжилъя.
Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА, Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин