Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн Давж заалдах шатны шүүх хурлын тов  арваннэгдүгээр сарын 07-ны өдөр товлогдлоо. Түүнд анхан шатны шүүхээс 4.9 жилийн хорих ял оноосон.

Тодруулбал,

1. 13.11 дүгээр зүйлд заасан “Хувь хүний нууцыг задруулах” зүйл ангиар буруутгаж,  2 жилийн хорих ял оноов.

2. 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах”. Үүнд, Боловсролын зээлийн сангийн зээл авсан тухай нийтэлсэн мэдээлэл, Ц.Гарамжавын зээлийн асуудлыг мэдээлсэн,  Шүүхийн нэр төрд халдсан буюу ШЕЗ-ийн гомдол зэрэг дөрвөн иргэн, нэг хуулийн этгээдээс гаргасан гомдол байв. Үүнд гурван сарын зорчих эрх хязгаарлах ял оноосон.

3. 18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайслхийсэн” гэж үзэж 1 жилээр зорчих эрх хязгаарлав;

4. 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах”. 57 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн орлогоо захиран зарцуулж мөнгө угаасан хэргээр 6 сарын хорих ял оноов.

5. 19.11 дүгээр зүйлд заасан “Төрийн нууцыг хууль бусаар олж авах”. Өөр бусад этгээдийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийн хураан авсан гэх бичиг баримтад улсын нууцад хамаарах баримт бичиг байсан гэх бөгөөд үүнийг Н.Өнөрцэцэг хадгалсан, олж авсан гэж буруутган 1 жилийн хорих ял оноосон.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралтай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мэдээлэл хийлээ.  

Өчигдөр орой шүүх хурал товлогдлоо. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2013 оны тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 2-ны өдрийг сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг ял шийтгэлгүй байгааг эсэргүүцсэн өдөр болгосон. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчдийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн, сэтгүүлчдийг дарамталсан үйлдэл хийсэн этгээдүүдэд хариуцлага тооцохыг шаардсан хөтөлбөр гаргасан. Үүн дотор сэтгүүлчдийг эрүүдэн шүүх, сэтгэл санаагаар дарамтлах, чөлөөтэй ажлаа явуулах боломжоор хангахгүй байхыг эсэргүүцэж хөтөлбөр гаргаад арваннэгдүгээр сарын 2-ныг тэмдэглэлт өдөр болгосон. Энэ өдөр маргааш тохионо. Яг үүний өмнөхөн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурал товлогдож байна. Өнөөдөр би хоёр асуудлаар мэдээлэл хийхээр ирсэн.

Нэгдүгээрт, иргэний хувиараа Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газарт хүсэлт гаргаж байгаа. Би Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлт гаргасан. Энэхүү бичгээ өнөөдөр өргөн барих гэж байна. Би ямар нэгэн байдлаар шүүх хуралд Өнөрцэцэгийг өнөө маргаашгүй сулла, шүүх Өнөрцэцэгийг хэлмэлдүүлж байна гэдэг мэдэгдэл хийгээгүй, хийж байгаагүй, хийхгүй. Ажиглагчаар оролцъё. Шаардлагатай тохиолдолд нууцын баталгаа өгнө. Нууцын зэрэглэлээс хамаараад Үндэсний аюулгүй байдлын гишүүд хэрэгтэй танилцдаг. Нууцтай холбоотой хэрэг дотор нь бий. Гэхдээ шаардлагатай тохиолдолд би нууцын баталгаанд гарын үсэг зураад, баталгаа өгнө. Гарч ирээд би нууцтай холбоотой ямар ч мэдээлэл өгөхгүй гэдэг баталгаа гаргаж байгаад ажиглагчаар суумаар байна. Ажигламаар байна гэсэн үг. Өнөөдрийг хүртэл би шүүх засаглалыг алдаж болохгүйг ярьж хэлсээр ирсэн. Өнөөдрийг хүртэл энэ зарчмаа барьсаар ирсэн. Гэтэл яг одоогийн байдлаар жаахан эргэлзэх сэтгэгдэл төрж байна. Яагаад гэхээр нууцтай холбоотой мэдээллийг нууцыг хадгалах үүрэгтэй этгээд нь бусдад алдсан. Түүнийг олж авсан, хадгалсан, дамжуулсан этгээдүүд бүгд эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Гэтэл нэг л хүн нь өнөөдөр эрүүгийн хариуцлага хүлээгээд шоронд байж байна. Тэгэхээр би зүгээр л үүнийг орж үзмээр байгаа юм. Иргэнийхээ хувиар. Сэтгүүлчийн хувиар орж үзмээр байна. Мэдээж хэрэг шүүх засаглалд нөлөөлж болохгүй. Орж үзэх л сонирхолтой байна. Шүүх хурал яаж явагдаж байгааг хармаар байна. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг ардчиллын дархлаа. Монголын ардчиллын дархлаа. Ардчилал гэдэг өөрөө хоёрхон вакцинтай. Түүний нэг нь хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө юм. Энэ дархлааг хамгаалж байдаг ганц вакцин нь хэвлэлийн эрх чөлөө. Ийм байдал үүсэж байгаа юм биш биз дээ. 

Хоёрдугаарт, би эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль боловсруулсан. Үүнийгээ Хууль тогтоомжийн хуулийн дагуу Засгийн газраас саналаа авахаар хүргүүлсэн. Өнөөдөр D парламент дээр гарах байх. Тэгэхээр бид нэг сарын хугацаанд түүнд саналаа өгөөд явах нь нээлттэй болно. Эрүүгийн хуулиас бид ил тод мэдээллийг тараах гэдэг заалтыг авч хаях хуулийн төсөл санаачилсан. Энэ бол зөвхөн хэвлэл мэдээлэл биш олон нийт үзэл бодлоо илэрхийлэхийг шууд хааж, зөрчсөн. Үндсэн хуулийн заалттай зөрчилдсөн. Бид энэ заалтыг хасуулахаар маш олон жил явсан. Одоо ирэх оны төсөв яригдаж байна. Үүний эсрэг дугармаар байвч бид цагдаагийн үүдэнд очихоос айсандаа чимээгүй байгаа. Ийм нам гүм намрыг би анх удаа үзэж байна. Ийм нам гүм байж болохгүй. Би өөрөө хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсны хувиар сэтгүүлчийн хэрэг нь шийдэгдэх, шийдэгдэхгүйгээс үл хамааран цагдаад дуудагддаг. Цагдаагийн үүдэнд очоод хэдэн өдөржин суудаг. Энэ бол дарамт. Энэ дарамтыг үүсгэсэн заалт бол Эрүүгийн тухай хуулийн 13.14 дүгээр заалт. Хамгийн түрүүнд бид нийлж байгаад үүнээсээ салах хэрэгтэй. Энэ зөвхөн хэвлэлтэй холбоотой асуудал биш. 2020 онд энэ хууль батлагдсанаас хойш нийт 1000 орчим хүн энэ хуулийн заалтаар шийтгүүлэх, хэрэг үүсгэсэн. Жилд 250 орчим хүн энэ хуулийн заалтаар шийтгүүлж байна. Бусад гэмт хэргүүдийн тоотой адил, зарим гэмт хэргээс давсан шийтгэлийг энэ заалтаар иргэд шийтгүүлж байгаа. Хэвлэл мэдээллээс гадна олон нийтийн сүлжээнд өөрийн байр сууриа илэрхийлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг шалгаж байна. Зөвхөн энэ хуулийн заалтаар арга хэмжээ авснаар Монгол Улс нэгхэн жилийн дотор хэвлэлийн эрх чөлөө, хувь хүний эрх чөлөөгөөр 21 байр ухарсан. Найман жилийн дотор 49 байр ухарсан. Ийм байж болохгүй. Тиймээс энэ хуулийг санаачлан өргөн барьсан.