Сэлбэ гол дагуух үерийн далан барих ажилд 10.5 тэрбум төгрөг төсөвлөжээ
2 цагийн өмнө
Сэлбэ гол дагуух үерийн хамгаалалтын далан барих ажил энэ оны зургаадугаар сард эхлээд буй. Үерийн далангийн бүтээн байгуулалтын төсөв 20.5 тэрбум төгрөг бол зүүн даланг барих ажил бараг дуусжээ.
Энэ талаар Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын ерөнхий инженер "S'Outlet дэлгүүрийн буурин дээр барьж байгаа үерийн хамгаалалтын далангийн байгууламжийг бүрэн барьж дуусаагүй.
Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн байгууламжийн нэгдүгээр хэсэг болох "Натур" худалдааны төвийн урд байрлах түр төмөр гүүрнээс S'Outlet дэлгүүрийн буурь буюу Нарны зам хүртэл үргэлжлэх 1.4км, хоёр талдаа 700метрийн урттай байгууламжийг барьж байгаа юм.
1.4км урттай үерийн хамгаалалтын байгууламжийн зүүн талын хэсгийн газар шорооны ажил бүрэн хийгдэж, даланг суурилуулах ажил 90%-д хүрснээр нөхөн сэргээлтийн ажил хийгдэж байна.
Харин Шангри Ла талын буюу баруун далангийн газар шорооны ажил 70%, үерийн далангийн угсралт 50%-д хүрсэн, хүйтэрч технологийн горим алдагдах тул дүүргэлтийн ажлуудыг хийгээд зогсооно. Нийслэлийн ирэх оны төсөвт 10.5 тэрбум төгрөгийг батлуулж, хавар үерийн далангийн байгууламжийг барьж дуусгах юм.
Энэхүү байгууламжийг барих нийт төсөвт өртөг нь 20.5 тэрбум төгрөг. Гүйцэтгэж байгаа гэрээний үнийн дүн 19.5 тэрбум төгрөг юм. Үүнээс 2023 оны төсөвт 9 тэрбум төгрөгт суусан байгаа. Харин 10.5 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгах шаардлагатай" гэж мэдээллээ.
Сэлбэ сэргэлтийн ерөнхий төлөвлөгөөгөөр тус байршилд барьж байгаа үерийн далан дагуу авто зам тавих ч өөрчлөлт оруулж, зөвхөн тохижилт хийх тухай асуудал батлагдаагүй, яриа хэлэлцээний түвшинд байгаа аж.