Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон нийтээс баахан базаахгүй үг сонсох шиг боллоо. Гэхдээ энэ УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд улс орны ирээдүйтэй холбоотой олон түүхэн шийдвэрийг гаргана.

УИХ-д суудалтай намууд, гурван намын хамтарсан Засгийн газрын хөтөлбөрт орсон том төслүүд хөдлөх, хэрэгжих эсэх нь УИХ-ын хэрхэн шийдэхээс шууд хамаарна.

 

Эхнээсээ тулаад ирсэн байна. Тэр нь том төслүүдийн эхэнд шахам эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбох төсөл юм. Эдгээр боомт холбогдохгүй, энэ хэвээр байхад эдийн засгийн тэлэлт ярих нь утгагүй хэрэг болно.

 

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан холболтын ажлыг дуусгаснаар боомтуудын нэвтрэх хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, нүүрс тээврийг 40 сая тонноор, экспортын орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой. Тэр утгаараа, нүүрсний экспортоос хамгийн их хамааралтай манай улсын хувьд яахын аргагүй тэргүүлэх төсөл, хамгийн хэрэгцээд хилийн гарц болчихоод байгаа юм. Гэвч боомтуудыг холбож чадалгүй хэлэлцээрийн шатанд 16 жил гацсан. Тухайн үед манайх ч балласан л даа. Харин сүүлийн үед БНХАУ энэ төслийн талаар улс төрийн, эдийн засгийн түвшинд нааштай хандлагатай болоод байна. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилж, тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай Шанхай хотод албан ёсны уулзалт хийсэн. Тэр үеэр Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болгосон.

Тэгвэл энэ хэлэлцээрийг хэрхэн үргэлжлүүлж, хэрэгжүүлэх талаар “Чайна энержи” групп Монголын талын ажлын хэсгийн ахлагч, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд албан бичиг ирүүлжээ. “Чайна Энержи” нь Хятадын эрчим хүчний томоохон групп юм. “Нүүрс, цахилгаан, төмөр зам, боомт, тээвэрлэлт”, “Үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалт, нөөцлөх, ашиглалт”, “Нүүрс, цахилгаан, газрын тос, байгалийн хий, химийн үйлдвэрлэл” гэсэн олон чиглэлд цогц үйл ажиллагаа явуулдаг. 2023 оны жилийн эцсийн байдлаар тус групп 310 мянган ажилтантай, нийт хөрөнгийн хэмжээ 2.1 их наяд юань, нүүрс олборлох хүчин чадал жилд 665 сая тн, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал 320 сая киловатт, өөрийн төмөр замын тээврийн хүчин чадал жилд 600 сая тонн, боомтын нэвтрүүлэх хүчин чадал 290 сая тн, нүүрс-газрын тос химийн үйлдвэрлэлийн хүчин чадал нь жилд 29.3 сая тн болжээ.

 

Тэгвэл “Чайна Энержи” группын ирүүлсэн “БНХАУ, Монгол Улсын эрчим хүч, хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай” уг албан бичигт “…“Чайна Энержи” групп нь 2003 оноос эхлээд Тавантолгой уурхайн төслийг “гурван цогцоор хэрэгжүүлэх”-ээр Монгол Улстай 21 жилийн турш хэлэлцээр хийж байна.

 

Тус групп 2005 онд Монгол Улсын Засгийн газар болон аж ахуйн нэгжтэй хэлэлцэж, Гашуунсухайт төмөр замын маршрутын төлөвлөгөөг баталсан. 2009 оны нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газарт нэгдсэн төлөвлөгөөг бизнесийн хамтын ажиллагааны саналын хамт хүргүүлсэн. Хоёр улсын Төрийн тэргүүн нарыг байлцуулан, талууд 2014 оны наймдугаар сард Хятад, Монголын нарийн царигийн төмөр замын холболтын санхүүжилтийн Үндсэн гэрээнд гарын үсэг зурсан. Улмаар “Чайна энержи” групп 2015 оны нэгдүгээр сард уг гэрээний дагуу Гашуунсухайт төмөр замыг барьж, ашиглалтад оруулсан. Үүнд 7.17 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн. Гэвч Монголын тал урагшаа чиглэсэн төмөр замыг төлөвлөсөн хугацаанд барихгүй байсаар 2020 онд гэрээг өөрчилж, өргөн царигтай барихаар шийдсэн. Ингэж төсөл удаан хугацаагаар зогссон. Үүний улмаас өнгөрсөн 16 жилийн хугацаанд 2.7 тэрбум гаруй юанийн алдагдалд орсон. Одоо Хятад руу өргөн царигаар ачаа тээвэр нэвтрүүлэхтэй холбоотой боомтын бүтээн байгуулалтыг өөрчлөх хүрээнд нарийн царигтай хилийн шалган нэвтрүүлэх талбай, шинэ өргөн царигтай хилийн шалган нэвтрүүлэх талбай, шилжүүлэн ачих талбайг өөрчлөн засварлах зэрэг хэд хэдэн дагалдах төслүүдэд 4.1 тэрбум гаруй юанийн хөрөнгө оруулалт шаардагдана.

 

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын холболтын асуудлыг 14 том төслийн жагсаалтын эхэнд оруулж, “гурван цогцоор хэрэгжүүлэх” хамтын ажиллагааг хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлж байна” гэжээ.

 

Түүнчлэн “…БНХАУ, Монгол Улсын урт хугацааны найрсаг харилцаа, эрчим хүчний салбарын тасралтгүй, гүн гүнзгий хамтын ажиллагааг харгалзан үзэж, мөн Монгол Улсын урагшаа чиглэсэн төмөр зам өргөн царигийг ашиглах болсон түүхэн онцлог, улс төрийн нөхцөл байдлыг бодолцсоныг БНХАУ-ын тал ойлгож, гомдол гаргах хуулийн арга хэмжээг өнөөг хүртэл аваагүй болно. Түүхэн асуудлуудыг яриа, хэлэлцээний замаар шийдэж, урт хугацааны боломжит худалдааны хэлэлцээр, тогтвортой, хүчин чадлыг нэмэгдүүлсэн хамтын ажиллагаагаар дамжуулан төслийн эдийн засгийн үр ашгийг баталгаажуулах боломжтой гэдэг байр суурь баримталж ирлээ. 2024 оны аравдугаар сарын 14-нд хийсэн хоёр талын уулзалтын үр дүн, ажлын явцыг бүрэн дүгнэсэн. Үүний үндсэн дээр дараах саналыг албан ёсоор дэвшүүлж байна.

 

Үүнд:

 

Нэг. Хууль эрх зүйн тогтвортой орчин, гэрээг хэрэгжүүлэх нөхцлийн баталгаа:

 

Төсөл хэрэгжих хугацаанд зохистой ашиг хүртэх нь хоёр талын урт хугацааны, тохиромжтой, тогтвортой хамтын ажиллагааны үндэс юм. Талууд “гурван цогцоор хэрэгжүүлэх” хамтын ажиллагааг урт хугацааны хамтын ажиллагаатай уялдуулж, харилцан дэмжлэг үзүүлж, харилцан хамгаалахад хүчин чармайлт гаргах нь зүйтэй юм. Чингэхдээ танай УИХ нэгдсэн ойлголтод хүрч, дэмжлэг үзүүлэх шаардлагатай юм. Ялангуяа нүүрсний худалдаа, нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хууль эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлж, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, хэлэлцээрийг хэрэгжүүлэх нөхцөлийг бий болгох нь чухал юм.

 

Хоёр. Урт хугацааны худалдааны гэрээ:

 

“Чайна энержи” групп шударга, бодит байдалд үндэслэн урт хугацааны худалдааны хэлэлцээрт үнэ, үргэлжлэх хугацаа, хэмжээ, чанарыг оруулж, баталгаажуулах саналтай байна.

 

1.Хоёр талын байгуулах нүүрсний худалдааны гэрээнд “Чайналкогийн урт хугацааны гэрээний үнэ”-ийн үнэ тогтоох механизмыг ашиглах нь зүйтэй. Энэ механизм нь зах зээлийн зарчим болон олон улсын туршлагад нийцсэн, удаан хугацаанд зах зээл дээр батлагдсан, ойлгоход ч, хэрэгжүүлэхэд ч хялбар. Энэхүү гэрээний дагуу Монголын коксжих нүүрсний эцсийн үнэ нь цаашид ямар ч үнэ тогтоох механизм батлагдахаас үл хамааран “Чайналкогийн урт хугацааны гэрээний үнэ” механизмаар бий болсон үнээс өндөр байх ёсгүй юм. “Чайна энержи” групп Хятад, Монголын хил дамнасан төмөр зам зэрэг дэд бүтцэд хамгийн их хөрөнгө оруулсан. Монголын нүүрсний зах зээлд хамгийн өндөр хувийг эзэлдэг. Хамтын ажиллагааны хамгийн урт хугацааны стратегийн түншийн хувьд Монголын нүүрсний зах зээлийн хамгийн өрсөлдөхүйц, урт хугацааны худалдааны гэрээний үнээр гэрээ байгуулах нь зүйтэй.

 

2. Гашуунсухайтын төмөр зам баригдаж ашиглалтад орсноос хойш 16 жил алдагдалтай ажиллаж байна. Цаашид холбож, түүнийгээ ашиглалтад оруулахад дахин гурван жил шаардлагатай. Шударга, бодит, эрх тэгш зарчмыг баримтлан талууд нүүрсний худалдааны тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагааны хугацааг 16-20 жил байх саналыг гаргаж байна.

 

3. Нүүрсний худалдааны хэмжээг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Нэгдүгээр үе шат нь олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэхээс өмнөх буюу 2025-2029 он хүртэл бөгөөд энэ хугацаанд худалдааны нийт хэмжээ 27 сая тн байх, хоёр дахь үе шат нь хүчин чадлыг нэмэгдүүлсний дараах 2030 оноос эхлэх үед худалдааны хэмжээ жил бүр 20 сая тн-оос багагүй байх нь зүйтэй.

 

4. Нүүрсний чанарын тухайд Хятадын хэрэглэгчийн нүүрсний стандартыг баримталж, коксжих нүүрсний төрлийг үндэслэл болгоно. Чанарыг шалган хүлээн авахдаа Монголын нүүрсний экспортын лабораторын стандартыг баримтална. Талууд Хятадын талын боомтоор орж ирэхэд дахин шалгах механизмыг бий болгож, чанарын зөрүүг олон улсын жишгийн дагуу шийдвэрлэнэ.

 

Гурав. Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх:

 

1. Монгол Улсын хуулиар стратегийн ашигт малтмалын нөөцөд гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан. Үүний улмаас “Чайна энержи” групп Тавантолгой нүүрсний ордыг эзэмших эрх, хувь эзэмших болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны санал гаргах боломжгүй болсон.

 

2. Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагаа нь нүүрсний олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх, нөхцөл нь бүрдсан талбайд хурдацтай олборлолт хийж, хоёр шинэ уурхайн талбайд олборлолт хийхийг дэмжих нь зохистой. Нөөц ихтэй талбайг давуу эрхээр сонгож, богино хугацаанд ашиглалтад оруулж, олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх санал дэвшүүлж байна.

 

Дөрөв. Төмөр замын холболт: 

 

-Ганцмод-Гашуунсухайтын төмөр замыг Хятадын төмөр замын сүлжээнд оруулсан. Бүтээн байгуулалтын дараа дотоодын нүүрс тээвэрлэлтийн тогтвортой байлгах урьтач нөхцөлийг бий болгож, тээвэрлэх хүчин чадал, урсгалыг үндэслэн худалдааны бусад бизнесийн хэрэгцээг хангахад хүчин чармайлт гаргана” гэжээ.

 

Эцэст нь “…Хоёр талын хамтын ажиллагааны түүх, төслийн хэрэгжилтийн олон улсын практикт үндэслэн, шударга, харилцан итгэлцэл, харилцан ашигтай байх хамтын ажиллагааны зарчимд тулгуурлан дээрх саналуудыг дэвшүүлэв.

 

Монголын тал “гурван цогцоор хэрэгжүүлэх” хамтын ажиллагааг урагшлуулахыг дэмжинэ гэдэгт найдаж байна. Хамтын ажиллагааны гэрээ байгуулсны дараа “Чайна энержи” групп өнгөрсөн хугацаанд учруулсан бодит хохирол болоод холбогдох орлогын алдагдлыг нэхэмжлэхгүй” гэсэн байна.

 

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин