Уншигч та байгаа газраасаа сошл руу ороод хараарай. Түгжрэл, утаа халуун сэдвийн нэг болсон байгаа биз. Яг өдийд утаагаа санаад, угаартаж үхлээ гэж орилно. Орой нь болохоор нэг см ч хөдөлсөнгүй, түгжирлээ гэдэг сэдэв “од” болно.

Гэхдээ юу гээч дарга нь утаагаа мөнгө гэж саначихсан, иргэд нь түгжирдэг атлаа би л машинтай бол болохгүй гэж байж ядсан хэдэн арав илүү жилийг үдлээ.

 

Тэгээд энэ сарын 8-ны өдрөөс эхлэн шинээр автомашины улсын дугаар олгохгүйгээр шийдвэрлэсэн. Иргэд ч их бухимдлаа. Гэлээ гээд машиндаа хахсан нийслэл хотод үүнээс өөрийг хийхгүй бол түгжирлээ гэж хараах иргэдийн тоо нэмэгдэнэ. Яахав зарим нэг поп гарууд замаа өргөсгө, гүүрэн зам барьж гэж шүлсээ үсчүүлж байгаа харагдана лээ.

 

Тэртээ тэргүй 50 хүрэхгүй мянган тээврийн хэрэгсэлд зориулж баригдсан энэ хотод зам мянга давхарлаад түгжээ амархан тайлагдахгүй. Төвлөрлийг сааруулж байж, хотыг зорих их урсгалыг зогсоож байж түгжээ тайлагдана. Улсын дугаар шинээр олгохгүй байх шийдвэртэй холбоотой хууль нь жилийн өмнө, тогтоол нь энэ оны хоёрдугаар сард батлагдсан. Энэ тогтоол нь нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тухай юм. Энэ тухай Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу хэлэхдээ “Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 400-450 мянган автомашин замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож байна.

 

Өөрөөр хэлбэл, оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа юм. Харин нийслэл 250 мянгаас доош тооны тээврийн хэрэгсэлтэй байж 25 км/цагаас дээш хурдтай явах боломжтой болж буй. Энэ хүрээнд Улаанбаатар хотод бүртгэлтэй 785 мянган тээврийн хэрэгслээс хасалт хийн 730 мянга болсон тохиолдолд таван шалгуур үзүүлэлтийг баримтлан улсын бүртгэлийн дугаарыг олгоно” гэж байсан юм.

 

Таван шалгуур үзүүлэлтэд чухам юу багтсан бэ гэдгийг хамтдаа зураглая. Нэгдүгээрт, тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлт бүртгэлтэй хуулийн этгээд байх. Нэг ёсондоо хотод л бай гэсэн санаа. Хоёрдугаарт, тухайн өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуульд заасан төлбөр, Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7-рт заасан зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх, жолоочийн даатгалд хамрагдсан байна. Гуравдугаарт, тээврйин хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4” эсвэл түүнтэй дүйлцэхүйд буюу түүнээс дээш байх. Дөрөвдүгээрт сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн байх. Тавдугаарт, экспортын өмнөх техникийн хяналт үзлэгт орсон байх шаардлага тавьж буй.

 

Одоогоос гурван жилийн өмнөх судалгаагаар нийслэлийн иргэдийн 55% хувьдаа автомашинтай гэх судалгаа гарчээ. Эдгээр автомашины дийлэнх нь 2008 оноос хойш үйлдвэрлэгдсэн автомашин эзэлж байж. Хуучин автомашинаас ялгарах хүхэрлэг хий, хүнд метал төдий чинээ их байна гэсэн үг.

 

Мөн дээрх судалгаанд оролцогчдын 60-аас дээш хувь нь түгжрэлийг бууруулах тал дээр ямар нэг зоригтой алхам хийхийг дэмжиж байгаа гэсэн байна. Хэрэгжээд удаагүй байгаа улсын дугаар олголтыг хязгаарлах шийдвэр дээрх зоригтой алхмын нэг нь. Нэг хэсэг хүмүүс нь автомашин оруулж ирж амьдралаа залгуулдаг байж болно. Дээрх шийдвэр тэдэнд сөрөг тусаж болно. Гэлээ гээд нийслэлийн нийт иргэдийн эрх ашиг хохирч болохгүй. Нэгэнт шийдвэр гарсан бол түүнийг дага. Гүйцээ. Өөр асуудал байхгүй. Хотод амьдарч байгаа бол хотын дүрмийг баримтал. Хэдүүлээ хэдэн тоо бодъё л доо. Нэг зорчигч өдөрт дунджаар 2.5 цагийг түгжрэлд зарцуулдаг гэж тооцъё. Жилд 160 гаруй цаг түгжрэлд урсчихна. Өдөрт дунджаар 31.7 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог гэж тооцвол зорчигчид нэг жилийн хугацаанд 1.1 их наяд төгрөгийг түгжрэлд хийсгэчихэж байгаа юм.

Энэ бол алдагдсан боломжийн өртөг. Ийм хэмжээний бүтээмжийг бид зүгээр л зам дээр өнгөрөөчихдөг гэсэн үг. Манай улсын ДНБ-тэй харьцуулбал гурван хувьтай дүйнэ. Үнэтэй биш гэж үү.