Товч агуулга

  • Гардасил вакциныг үйлдвэрлэхэд хүний ​​гаралтай эс ашигладаггүй.
  • Вакцин дахь хөнгөн цагаан нь дархлааны хариу урвалыг илүү сайжруулах нөлөөтэй ба өдөр тутам хоол хүнс, бусад эх үүсвэрээс авч байгаа хөнгөн цагаанаас хамаагүй бага.
  • Гардасил вакцин полисорбат 80 агуулдаг ч үргүйдэл эсвэл үхлийн цочрол үүсгэх шинжлэх ухааны үндэслэл, нотолгоо байхгүй.
  • Сүүлийн 50 жилд вакцин 54 сая хүнийг үхлээс аварсны 101 сая нь нярай хүүхдүүд.
  • Вакцинууд эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйд ямар нэгэн нөлөө үзүүлэх үндэслэл байхгүй.

Бадарч Бямбадулам хэмээх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.11-ний 15:12 минутад “11 настай хөвгүүд, охидоо 1 сар сургуульд бүү явуул !!! ШЭЙР ….

11-с дээш настай хүүхдүүдэд юм бна шүү !!!” гэсэн гарчигтай лайв видео хийжээ. 11 настай хүүхдүүдэд товлолоор хийж эхлэх гэж буй умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг эсэргүүцсэн агуулгатай уг видеог 5.6 сая удаа үзсэн бол 14.6К хүн сэтгэгдэл бичиж, 16К хариу үйлдэл үзүүлжээ.

Тэрбээр видео бичлэгтээ “Гардасил гэх вакцины найрлагад Л1 уураг буюу хүний эсээс гаргаж авдаг, абортны хүүхдийн материал ордог юм. Туслах орцод нь хөнгөнцагааны исэл буюу гидроксид ордог. Энэ нь идээ үрэвсэл үүсгэдэг, тархи гэмтээдэг, саажилт үүсгэдэг, алцгеймер үүсгэдэг, мартаж санах өвчтэй болгодог, хөнгөн цагааны исэл буюу гидроксид гэдэг бодис нь хүний халуун цусанд орохоороо тухайн хүний тархинд саажилт үүсгэдэг” гэхчлэн ярьжээ.

Ийнхүү ярьсан мэдээллийг нь нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

“Гардасил хэмээх вакцины найрлагад ордог Л1 уураг буюу хүний эсээс гаргаж авдаг, абортны хүүхдийн материал ордог юм байна”

Factcheck 1:

Вакцин үйлдвэрлэлтэй холбоотой хамгийн өргөн тархсан худал мэдээллүүдийн нэг нь энэ сэдэв ажээ.

Гардасил (ХПВ) вакцинд үр хөндүүлсэн ургийн эд эс эсвэл уураг, тухайлбал L уураг ашигладаг гэдэг нь ХУДАЛ мэдээлэл болохыг мэргэжлийн байгууллагууд тайлбарласны нэг нь АНУ-ын Хавдрын нийгэмлэг, Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төв (CDC), Филадельфийн Хүүхдийн эмнэлгийн дэргэдэх Вакцины мэдээллийн төв (2000 онд байгуулагдсан) зэрэг байгууллагууд тайлбарлажээ.

Вакцины судалгаа, боловсруулалтад эсийн шугамыг ашигласнаас болж энэ төөрөгдөл үүссэн гэж үздэг байна. 1960-аад оны үед зарим вакциныг үйлдвэрлэхэд ургийн эдээс гаргаж авсан эсийн шугамыг шаардлагатай вирусийг өсгөвөрлөхөд ашиглаж байжээ. Гэвч үүнд Гардасил вакцин хамаагүй юм.

Гардасил вакциныг рекомбинант ДНХ гэх технологийг ашиглан үйлдвэрлэдэг буюу хүний папиллома вирусийн гадаргуугийн зөвхөн L1 уургийн вирус төст мэдээллийг агуулсан хэсгээс бэлтгэдэг.

Өөрөөр хэлбэл, хүний ​​гаралтай эсийг ашигладаггүй гэсэн үг.

Гардасил зэрэг вакцины талаарх эдгээр буруу ойлголтыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, АНУ-ын Эрүүл мэндийн байгууллага зэрэг эрүүл мэндийн байгууллага няцааж, вакцины аюулгүй байдал, найрлагад нь ургийн эд агуулаагүй болохыг баталж байна.

“Туслах орцод нь хөнгөнцагааны исэл буюу гидроксид ордог. Энэ нь идээ үрэвсэл үүсгэдэг, тархи гэмтээдэг, саажилт, альцгеймер үүсгэдэг, мартаж санах өвчтэй болгодог”

Factcheck 2:

Гардасил вакцины найрлагад хөнгөн цагаан, тодруулбал, хөнгөн цагааны давс буюу гидроксифосфат сульфат ордог.

Хөнгөн цагааныг вакцины найрлагад нэмэлтээр ашигласнаар хүний дархлааны хариу урвалыг илүү сайжруулах нөлөөтэй ба ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг өнгөрсөн 60 жилийн судалгаа нотолно гэдгийг АНУ-ын Хүнс болон эмийн агентлагаас мэдээлжээ.

Хөнгөн цагааны агууламжтай бусад вакциныг https://www.cdc.gov/vaccine-safety/about/adjuvants.html?CDC_AAref_Val=https://www.cdc.gov/vaccinesafety/concerns/adjuvants.html линкээр ороод харж болно.

Энэ нь аюулгүй бөгөөд үр дүнтэй болох нь олон жилийн туршид батлагдсан тул ийнхүү ашиглахыг олон улсын эрх бүхий байгууллагууд зөвшөөрсөн байдаг.

Вакцинд агуулагдах бага хэмжээний хөнгөн цагаан нь хүний биед аюулгүй буюу өдөр тутам хоол хүнс, бусад эх үүсвэрээс авч байгаа хөнгөн цагаанаас хамаагүй бага болохыг өргөн хүрээний судалгаа, зохицуулалтын хяналт баталж байна.

Өнөөдрийг хүртэлх хийсэн вакцины аливаа судалгаануудаар вакцинд агуулагдах хөнгөн цагаан нь альцгеймер болон мэдрэлийн ямар нэгэн эмгэгтэй шууд холбоотой гэж тогтоогдоогүй буюу тийм үндэслэл байхгүй төдийгүй эрүүл мэндийн тогтолцоонд нөлөөлж, асуудалд хүргэдэггүй болохыг эмнэл зүйн туршилтууд, урт хугацааны мониторингууд харуулдаг байна.

“Хоёр дахь туслах найрлагад нь полисорвит 80 гэж элемент орж байна. Энэ нь үргүй болгодог нь туршилтаар батлагдсан. Үхлийн шок буюу анафлаксийн шоконд оруулдаг, үхэлд хүргэх өндөр эрсдэлтэй”.

Factcheck 3:

Гардасил вакцин нь полисорбат 80 агуулдаг ч үргүйдэл эсвэл үхлийн цочрол үүсгэдэг мэдээлэл нь ҮНДЭСЛЭЛГҮЙ.

Полисорбат 80 нь хүнсний болон эмийн бүтээгдэхүүнд уусгах чадварыг сайжруулах, тогтворжуулах зорилгоор ашигладаг химийн бодис бөгөөд вакцины найрлагад хоруу чанар, сөрөг нөлөө үүсгэх стандарт хэмжээнээс хамаагүй баг хэмжээгээр ордог байна.

Вакцин дахь Полисорбат 80 нь үргүйдэл эсвэл үхлийн цочролд нөлөөлөх шинжлэх ухааны үндэслэл, нотолгоо байхгүй ба аюулгүй байдлыг АНУ-ын Хүнс, эмийн агентлаг, ДЭМБ, Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс хянадаг.

Эрдэмтдийн анхааруулж байгаа яриа нь 2004 оноос хойш вакцины найрлага өөрчлөгдсөн. Яагаад гэвэл дэлхийн хүн ам хурдацтай өсөж үржиж байгаа, дэлхий даац хэтэрч байгаа учраас хүн амыг цөөлөх бодлого барьж байгаа гэдгийг судлаачид эрдэмтэд хэлж байгаа”.

Factcheck 4:

Энэ нь төөрөгдүүлсэн мэдээлэл байна. Учир нь вакцины найрлага нь үр дүн, аюулгүй байдал, шинээр гарч ирж буй эмгэг төрүүлэгчид дасан зохицох зэрэг шалтгаанаар цаг хугацааны явцад өөрчлөгдөж болно. Гэсэн хэдий ч ийм өөрчлөлтүүд нь нарийн зохицуулалттай бөгөөд тухайн өөрчлөлт бүрд вакциныг батлуулахын өмнө аюулгүй байдал, үр дүнтэй байдлын өргөн хүрээний эмнэл зүйн судалгаа хийдэг бөгөөд ДЭМБ, АНУ-ын Хүнс, эмийн агентлаг зэрэг томоохон байгууллагууд хатуу хянаж, үнэлдэг.

ДЭМБ-ын статистикаар вакцины тусламжтайгаар жил бүр 2-3 сая хүний амийг аварч байна. 2024 онд Lancet сэтгүүл хэвлэгдсэн томохон судалгаагаар сүүлийн 50 жилд дархлаажуулалтын үр дүнд 154 сая хүний амь үхлээс аврагдсан байна.

Өөрөөр хэлбэл, дэлхий даяар минут тутамд 6 хүн вакцины үр дүнд аврагдсан гэсэн статистик гарчээ. Ялангуяа, хүүхдэд хийсэн вакцинууд 101 сая нярайг аварсан байна.

Дархлаажуулалтын үр дүнд үхлийн аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэгдэж чадсан хүмүүсийн дундаж наслалт 66 байжээ.

“Л уураг 5-10 жилийн дотор үргүй болгоно. 10 жилийн өмнө тариулсан вакцинаас боллоо гэж 10 жилийн дараа хүн сэтгэхгүй бодохгүй”.

Factcheck 5:

Вакцинууд эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйд ямар нэгэн нөлөө үзүүлэх үндэслэл байхгүй болохыг эрүүл мэндийн байгууллагууд тайлбарласаар иржээ. Ийм биологийн үндэслэлтэй механизм байхгүй бөгөөд ийм нотолгоо өнөөг хүртэл гарч байгаагүй аж.

Вакцин нь тухайн эмгэг төрүүлэгчийг танихад дархлааны системийг сургадаг бөгөөд энэ нь богино хугацаанд үргэлжилдэг учраас тийм боломжгүй байна.

Иймд дээрх мэдээллүүд нь олон нийтийг төөрөгдүүлсэн, нийтийн эрүүл мэндэд хохирол үзүүлэхүйц ХУДАЛ мэдээллүүд байна.

Монгол Улсын хувьд Гардасил-4 (Gardasil™) хэмээх хүний папиллома вирусийн эсрэг дөрвөн цэнт рекомбинант вакцины нэг тунгаар 11 настай хүүхдүүдийг дархлаажуулах гэж байгаа бөгөөд булчинд тарих зориулалттай.

Нэмэлт мэдээлэл

Манай улс умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн түвшнээрээ дэлхийн 185 орноос 53-рт эрэмбэлэгдэж, дэлхийн дунджаас 3 дахин, Ази, Номхон далайн баруун бүсийн орнуудын, Зүүн Азийн орнуудын дунджаас 1.5 дахин өндөр байна.

Харин нас баралтын түвшнээр дэлхийн 185 орноос 69-рт эрэмбэлэгдэж дэлхийн дунджаас 1.3 дахин, Ази номхон далайн баруун бүсийн орнууд, Зүүн Азийн орнуудын дунджаас 2 дахин өндөр байна.

Жилд 400 гаруй эмэгтэй энэ халдвараар оношлогдож, 150 орчим эмэгтэй УХХХ-ын шалтгаанаар нас барж байна.

Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг дэлхийн 140 улс нэвтрүүлсэн бөгөөд 76 нь сургуульд суурилсан байдлаар зохион байгуулж байна.

Хавдрын Үндэсний зөвлөлөөс 2012 онд вакцин хийлгэсэн охидыг тандан судлахад ХПВ-ийн эсрэг 3 тун вакцин хийснээс 5, 11 жилийн дараах үр дүн ХПВ-16 хэв шинжийн эсрэг 90%-100% байна.

Эх сурвалжууд:

  • ДЭМБ
  • АНУ-ын Хүнс болон эмийн агентлаг
  • Халдварт өвчин судлал, хяналтын төв
  • ХСҮТ
  • ХӨСҮТ
  • ЭМЯ
  • Хавдрын Үндэсний зөвлөл