Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материал орчимд 9.8 га талбайд 3,000 айлын орон сууц барихаар төлөвлөжээ. Энэ хүрээнд газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байгаа юм байна.

Энэ тухай нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Мөнхбаяр "Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль 2023 оны 12 дугаар сард батлагдсантай холбогдуулан нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэж, газар чөлөөлөх журмыг энэ оны гуравдугаар сард Засгийн газраас баталсан. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Ханын материал орчимд нийт 9.8 га 3,000 айлын орон сууц барихаар 232 иргэн, ААН-ийн газрыг чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар нийт НЗД-ын 10 удаагийн захирамжаар 137 иргэнтэй гэрээ байгуулж, нөхөн олголтоор газрыг чөлөөллөө. Үлдсэн 95 иргэнтэй хөрөнгийн үнэлгээ болон зөвшилцөх ажил үргэлжилж байна.

Өвөл боллоо гээд газар чөлөөлөлтийн талаар иргэдтэй зөвшилцөх ажил зогсохгүй" гэж мэдээллээ.

Ирэх онд нийслэлийн төсвөөс нийт 1.7 их наяд төгрөгийн шинэ 97 төсөл арга хэмжээ, шилжин хэрэгжих 68, онд дамжин санхүүжих 2.9 их наяд төгрөгийн 263 төсөл арга хэмжээг санхүүжүүлэхээр баталжээ.