Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн тухай албаныхан мэдээллээ.

Батарей хуримтлуурын станцын төслийн захирал Н.Батсайхан "Багануур дүүрэгт 50МВт хүчин чадалтай, 200МВт.ц багтаамжтай батарей хуримтлуурын станцыг барих гэрээ 2024 оны 9 дүгээр сарын 6-нд батлагдаж, талбайн ажил тухайн сарын 15-наас эхэлсэн юм. Барилга угсралтын ажил 11 дүгээр сарын 29, 30-нд дуусаж, техникийн комисс ажилласнаар хүчдэлд залгалаа. Төслийн барилга угсралтын ажлыг 77 хоногийн хугацаанд гүйцэтгэсэн юм.

12 дугаар сарын 1-нээс туршилт эхэлж, энэ сарын 6-нд 25-30 МВт эрчим хүчийг нийлүүлж байсан бол яг одоогийн байдлаар төвийн системд 49 МВт-ыг нийлүүлж байна. Батарей хуримтлуурын станц 12 өдрийн хугацаанд төвийн системд 1,800МВт/ц эрчим хүчийг нийлүүллээ.

Уг станц 25,000 орчим айлд тог тасрах эрсдэлээс сэргийлнэ. Станцын туршилт, тохируулгын ажил бүрэн дуусаж, хоёр удаа эрчим хүчээ нийлүүлж эхэллээ" гэж мэдээллээ.

Улаанбаатар хотын эрчим хүчний систем ачааллаа даахгүйн улмаас айл, өрх, ААН-ийн цахилгааны хэрэглээг өдөр бүр хязгаарлаж байгаа билээ.