Н.Сугар: Чингэлтэй дүүргийн төвийн хороодод зөвшөөрөгдсөн цагаас бусад үед хог хаясан иргэнийг 30,000 төгрөгөөр торгоно
13 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн төвийн хороодод 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглосон талаар Засаг даргын захирамж гарчээ. Энэ талаар тус дүүргийн менежер Н.Сугар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Засаг даргын захирамжаар Чингэлтэй дүүргийн төвийн зургаан хороо буюу байшин, хороолол дунд өдрийн цагаар хог хаяхыг хориглосон. Энэ захирамжийн дагуу оройн 18:00 - 21:00 цагийн хооронд иргэн, аж ахуйн нэгжүүд төвлөрсөн хогийн цэг дээр хогоо хаях боломжтой. Бусад цагт хог хаяж болохгүй.
Хэрвээ дээрх цагаас бусад үед хог хаясан тохиолдолд хог хаягдлын хууль зөрчсөн гэж үзэж, шаардлагатай торгуулийн арга хэмжээг авна. Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг 30,000, аж ахуйн нэгжийг 300,000 төгрөгөөр торгох юм.
Манай дүүргийн хувьд хог ачилтыг 24 цагийн дотор гурван удаа хийдэг. Тодруулбал өглөө, өдөр, шөнө гэсэн цагаар хог ачдаг хуваарьтай. Хэдийгээр ингэж ажилладаг ч хогийн цэгүүд дээр байнга хогтой байдаг. Яагаад гэвэл иргэд 24 цагийн дотор хүссэн үедээ хогоо гаргаж хаядаг.
Өглөө 08:00 цагт хог ачлаа гэж бодоход иргэд 08:30 юм уу, 09:00 цагт хогоо хаячихдаг. Ингээд дараагийн хог ачилт буюу үдээс хойш гэхэд тэр хог тухайн хогийн цэг дээр байдаг. Энэ хүртэл хүмүүс уутнаас нь задлах ч гэдэг юм уу, янз бүрийн асуудал их гарна.
Ийм байдлаар бид хогтой орчноос огт салж чадахгүй байна. Тэгэхээр ийм зохицуулалт хийвэл дараа өдөр хүртэл хоггүй цэвэр орчинд байх боломж бүрдэнэ.
Тохижилт үйлчилгээний ажилчид 21:00 цагаас эхлээд бүх хүчин чадлаараа энэ хороодын хогийг ачиж эхэлнэ.
Аж ахуйн нэгж, иргэдийн хувьд хогоо хаях хамгийн боломжтой хувилбар гэж үзсэн учраас цагийн хуваарийг ингэж гаргасан" гэж ярилаа.
Зочин · 10 цагийн өмнө
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh