Ю.Отгонбилэг: Цаашид үнэлгээнд үндэслэн ахмадуудад үйлчилгээ хүргэнэ
8 цагийн өмнө
ГБХНХЯ-ны Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Ю.Отгонбилэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ахмад настны тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуульд идэвхтэй насжилт гэдэг “шинэ” ойлголт орсон байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Хуульд эрүүл идэвхтэй насжилтыг нэгдүгээрт тавьсан. Хоёрдугаарт ахмад настны хэрэгцээ, шаардлагад нийцсэн ямар үйлчилгээг төрөөс үзүүлж болохыг тодорхойлж, тусгаснаараа онцлогтой. Мөн ахмадуудын хөдөлмөр эрхлэх боломж, орчныг бүрдүүлэхэд анхаарч байгаа.
Хүн бүр хөдөлмөр эрхэлж, нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай байхыг илүүд үздэг шүү дээ. Гэтэл манай улсад эмэгтэй хүн 55, эрэгтэй нь 60 нас хүрээд тэтгэвэрт гардаг.
Зарим хүмүүс хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарахдаа насны хувьд залуу, туршлагатай, ид ажиллах насандаа тэтгэвэрт гарах тохиолдол ч бий. Сүүлийн жилүүдэд ажиллах хүчний тоо багасаж байгаа талаар хүмүүс ярьж байгаа. Нөгөө талдаа ахмад насны тэтгэвэрт эрт гаргах боломж бүрдүүлсэн нь эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа хэрэг.
Судалгаанаас үзэхэд манай улсад хүн амын өсөлттэй харьцуулахад ахмад настны тоо 4-5 дахин нэмэгдсэн байгаа юм. Тиймээс ахмад настнуудаа эрүүл мэндээ хамгаалж, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож, өөрт хэрэгтэй орлогоо олж, амьдралын чанараа хадгалах боломжийг бүрдүүлэхэд энэ хуулийн гол зорилго гэж болно.
-Ахмадуудыг хөдөлмөр эрхлүүлэх нэрээр тэтгэвэрт гарах насыг хойшлуулах сонирхол төрд байна гэх шүүмжлэл нийгэмд гарч байна шүү дээ. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Ахмад настны тухай хуульд эрүүл, идэвхтэй амьдралыг дэмжих тухай заалтууд бий. Үүнийг олон улсын жишигт нийцүүлж хийсэн юм шүү дээ. Тэтгэврийн насыг хойшлуулах тухай ямар ч заалт энэ хуульд байхгүй. Харин тэтгэвэрт гарахад бэлтгэх, тэтгэвэрт гарсан ахмадуудыг эрүүл, идэвхтэй амьдралыг сонгох, бусдын дунд нийгмийн харилцаанд идэвхтэй оролцоход туслах талаар тусгаж өгсөн.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанаас үзэхэд тэтгэвэрт гарч байгаа ахмадын 70 хувь нь эрүүл, идэвхтэй амьдралтай, тодорхой хугацаанд өөрт тохирсон хөдөлмөр эрхлэх боломжтой гэсэн судалгаа гарсан.
Манай улсад нийт ахмадын 10 хувь нь л байнгын асаргаанд байгаа. Ихэнх нь эрүүл идэвхтэй, тодорхой хөдөлмөр эрхлэх бүрэн дүүрэн чадвартай байдаг. Мөн ахмадууд бусдад эрүүл, идэвхтэй амьдралын зөвлөмж, үйлчилгээ үзүүлэх, амьдралын туршлагаа хуваалцах, нийгэмдээ хэрэгтэй хүн байж хүндлүүлэх хэрэгцээ шаардлага байгаа нь харагдаж байгаа юм.
Ахмадуудын тоо өсөж, нөгөө талд ажиллах хүчний хомсдолд орж байгаа нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал. Энэ тэнцвэрийг алдахгүйн тулд ихэнх улс шинээр бодолгоо тодорхойлж байна. Манай улс ч энэ жишгээр хуульдаа өөрчлөлт оруулсан.
-Хэдийгээр тэтгэвэрт гарсан ч гэлээ хэвийн ажиллах боломжтой ахмадууд байдаг шүү дээ. Тэднийг идэвхжүүлэх нийгмийн харилцаанаас хөндийрүүлэхгүй байхын тулд юу хийх шаардлагатай вэ?
-Бараг сум, хороо бүрд ахмадын өргөө, байр бий. Энэ байшин барилгыг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй өдийг хүрч байна. Иймд Ахмад настны тухай хуульд “Ахмадын өргөө ордныг байнгын ажиллагаанд оруулж, ахмад настанд ямар үйлчилгээ үзүүлэх вэ” гэдгийг нарийвчлан заасан. Хуулийг хэрэгжүүлэхээр нийгмийн халамжийн санд идэвхтэй насжилтын үйлчилгээг дэмжих санхүүжилтийг оруулж өгсөн. Ингэснээр ахмадын төвд 2-3 хүн орон тооны ажилтан байх юм. Үйл ажиллагааны менежер, нийгмийн ажилтан гэх мэт.
Энэ хүмүүс ахмадын төвийг байнгын үйл ажиллагаатай байлгах учиртай. Ахмадын өргөөнд дасгал хөдөлгөөн зэрэг эрүүл мэндийг дэмжих арга хэмжээ тогтмол болохоос гадна сургалт, уулзалт, мэдээлэл түгээх ажлыг тогтмол хийнэ гэсэн үг. Одоо манай ахмадуудын ихэнх нь гэртээ ач, зээгээ асрах үүргийг хүлээж байна. Тэдэнд очих газар ч ховор.
Өндөр хөгжилтэй улс оронд ахмадуудыг чөлөөт цагаа өнгөрөөх байраар нь хангадаг. Харин доторх үйл ажиллагаа нь олон нийтийн оролцоотой тасралтгүй явж байдаг. Тухайлбал, олон жил мэргэжлээрээ ажилласан эмч хэдийгээр тэтгэвэртээ гарсан ч, ахмадын ордондоо байрлаж, бусдадаа эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байх жишээтэй. Мөн зарим үед ахмадууд мэргэжлийн багш нарыг хөлслөөд сургалтад хамрагддаг. Гэхдээ ахмадуудад зориулсан сургалт хөнгөлөлттэй, үнэгүй байх нь элбэг.
Сургалт гэхээр нүсэр байдлаар төсөөлөх хэрэггүй. Залуучууд сайн дураараа ахмадын төвд очоод, гар утасны аппликейшн ашиглаж төлбөр тооцоог хэрхэн хийж байгааг заахад залуу, ахмад үеийн туршлага солилцох уулзалт болох юм шүү дээ. Мөн ахмад багш нар хичээлийн хоцрогдолтой хүүхдүүдэд тусалж болно. Энэ жишгээр ахмадын төвийг цааш нь ажиллуулахаар хуульд заасан.
-Хуульд ахмадуудад цогц үнэлгээ хийх тухай заасан байсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?
-Өмнө нь дурдсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “Тэтгэвэрт гарсан ахмадуудын 70 хувь нь эрүүл идэвхтэй амьдралтай. Тодорхой хугацаанд өөрт тохирсон ажил хийх боломжтой” гэсэн судалгааг хийсэн байдаг. Дэлхийн олон оронд “Ахмад настны цогц үнэлгээ буюу “ICOPE”-ын аргачлалаар энэ судалгааг хийж байна. Харин манай улс энэ үнэлгээг анх удаагаа хийж эхэлнэ. ГБХНХ-ын сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар бүх хороо, сумын эрүүл мэндийн төв дээр энэ үнэлгээг анх удаагаа хийж эхэлнэ. ГБХНХ-ын сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар бүх хороо, сумын эрүүл мэндийн төв дээр энэ үнэлгээг хийж эхэлнэ. Үнэлгээнд ахмад настны бие бялдар, танин мэдэхүй, сэтгэлзүй, үйл ажиллагааны чадвар, нийгмийн тулгамдсан асуудлууд зэрэг нь орж байгаа юм. Нэг хүнийг үнэлэхэд 20-30 минут зарцуулахаар байгаа учраас илрүүлэх асуумжаар судалгааг эхлүүлж, шаардлагатай бол лавшруулан оношлох юм. Илрүүлэх асуумжаар сайн гарсан хүнд цааш нарийвчилсан үнэлгээ хийхгүй. Эхний ээлжид сайн дурын үндэс дээр энэ үнэлгээг хийнэ. Хүн бүрийг заавал үнэлгээнд хамрагдахыг шаардахгүй юм. Хууль дөнгөж л хэрэгжиж эхэлж байна. Ер нь цаашид энэ үнэлгээг хийж, үнэлгээ дээрээ үндэслэн ахмадуудад үйлчилгээ хүргэх юм.
-Ахмад настны асаргааны хувилбарт үйлчилгээг шинээр нэвтрүүлэхээр хуульд заасан байсан. Үүнийг хэрхэн нэвтрүүлэхээр тусгасан бэ?
-Манай улсад байнгын асаргааны тэтгэмж өгөхөөс илүү нэмэлт үйлчилгээ ховор байсан. Харин энэ хуульд ахмад настны үйлчилгээг олон хувилбартай болгосон. Өнөөдөр нийгмийн хэрэгцээ шаардлага өөрчлөгдөж байна. Зарим ахмад тэтгэврээ өгөөд илүү тохилог асрамжийн төвд амьдрах санал гаргахыг үгүйсгэхгүй. Энэ хүмүүст зориулсан орчныг бүрдүүлэхэд хувийн хэвшлийнхнийг татан оролцуулах хэрэгтэй болж байгаа. Иймд асаргааны хувилбарт үйлчилгээнд идэвхтэй насжилтыг дэмжих төвийн үйлчилгээ, гэрээр асрах үйлчилгээ, өдрөөр асрах үйлчилгээ, түр болон урт хугацаагаар асрах үйлчилгээ, байнга асрах үйлчилгээ, төрөлжсөн асрамжийн үйлчилгээ зэрэг орж байгаа юм. Зарим ахмад зөвхөн өдрөөр асруулах шаардлага гарвал үүнд тохирсон үйлчилгээг үзүүлнэ гэсэн үг. Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь дээрх үйлчилгээг багцаар эсхүл үйлчилгээ тус бүрээр иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулж гэрээлэн гүйцэтгэнэ гэж хууль, журамд заасан.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
хүннү · 40 секундын өмнө
Халамжаа цөөл, үнэгүй эм олгодог, нийтийн тээвэрт үнэ төлбөргүй зорчдог байдлаа боль. Тэд НДШ-д өчүүхэн мөнгө төлж, түүнийгээ хэд дахин өсгөн авч байна. Жишээ нь: одоо сард 170 мянга гаран төгрийг НДШ-д төлөөд тэтгэвэрт гарахдаа 600 000₮-ийн тэтгэвэр авах юм. Одоо нийтийн тээвэрийн автобус өвгөн, эмгэн зөөдөг унаа боллоо. Оюутнууд автобусанд мөнгө төлж явах боллоо. Ахмадууд ч гэсэн мөнгөө төлөөд яваг.
Зочин · 8 цагийн өмнө
BOOWN XXNO LAW XOXI80955877ANUSN
Зочин · 8 цагийн өмнө
SEXSY UILCHLGE NAS TOOXGUI80955877