Зэрэгцээ ертөнцөд гацагсад...
5 цагийн өмнө
Их хотын зүүн хаяа наран ургах зүг довтолгож явна. Миний зорьж буй газрын нэрийг "Шар хад" хэмээн нэрийднэ. Урд цагт улс төрийн хэлмэгдэгсдийг авчирч цаазалдаг байсан гэх гашуун түүхтэй газар. "Шар хад"-ны эцсийн буудалд намайг бага байхад л гадуураа цагаан хэрмэн хашаатай хэдэн цагаан байшин чимээгүйхэн дүнсийж байдаг байв.
Албан ёсны нэршил нь Баянзүрх дүүргийн IX хороо, "Шар хад" дахь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв. Яагаад ч юм энэ цагаан байшингийн дэргэдүүр нь явахаас жийрхэн холоос ажиглаж байгаад явна. Хаа байсан Яармагаас энэ хэдэн байшинг л үзэх гэж ирсэн хэрнээ ойртож зүрхлэхгүй. Учир нь тэнд сэтгэцийн өвчтэй хүмүүс байгаа. Гэхдээ тухайн үед шууд "Галзуу хүн" гэдэг байсан л даа. Олон жилийн дараа гаднаас нь аймсан ширтэж асан тэр л газрынхаа хашаанд орохоор явж байгаа минь энэ. Түгжээтэй байдаг байх гэж бодсон төмөр хаалга нээлттэй байна.
Би ХЭҮК-ын “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа”-ны багийг дагалдан явсан болохоор захиргааны байр руу төвөггүй л нэвтэрлээ. Миний дагалдан яваа баг эмнэлгийн удирдлагатай уулзан ажил хэргээ танилцуулж байх зуур би эмнэлгийн захиргааны барилгатай дотор талаас нь танилцаж амжлаа. Захиргааны барилга 1963 онд ашиглалтад орсон гэх бөгөөд 60 гаруй жил болжээ. Эмнэлгийн шинэ удирдлагын баг ажлаа аваад дөрвөн сар л өнгөрч байгаа аж. Хүйтэн, хуучны тохижилттой байр, шинэ удирдлагын бүрэлдэхүүн. Манай баг надтай нийлээд 10-уулаа. Хүн бүр тус тусынхаа чиг үүргийн дагуу ажиллана.
Харуусал, үзэн ядалт, нигүүсэл дундуур
Хамгийн эхэнд Шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын клиникээр орлоо. Сүүлд мэдэх нь ээ хамгийн аюултай тасгаар хамгийн эхэнд орсон байж билээ. Миний мэдэхгүй хахь өөр ертөнцийн хаалганы цоож харжигнан нээгдэж нүднээ улаан өнгийн “Санал хүсэлтийн хайрцаг” туслаа. Энэ клиникт хүний амь насыг хохироосон, хүнд гэмт хэрэг үйлдэж шүүхээс хорихоос өөр төрлийн ял авсан, хэрэг хариуцах чадваргүй сэтгэцийн эмгэгтэй хоригдлууд байдаг ажээ.
Хэдийгээр сэтгэцийн эмгэгтэй, хүнд ял үүрэх гэмтэн ч гэлээ хүн учраас тэдэнд ч заяагдмал эрх гэж бий. Тэдэнд хүний мэдрэмжийн тулах хязгаар болсон “Итгэл, найдвар” гэдэг үг хань болдог нь мэдээж. Клиникт ороод би хоригдогсдын харц мөнөөхөн улаан өнгийн “Санал хүсэлтийн хайрцаг” хийгээд дэргэд нь байх эргэлт уулзалтын байрны хаалганд л уяатай байхыг анзаарав. Санал хүсэлтийн хайрцаг доогуураа задархай ашиглах боломжгүй харагдана. Уулзалт, эргэлтийн өрөө засвар, арчлалт хийгдээгүйн улмаас ханын будаг нь холцорч, шавар нь унажээ. Яг л эзэнгүй балгас дундуур явж байгаа мэт мэдрэмж намайг ээрнэ. Өрөөнд мэдээллийн самбар байрлах ёстой гэнэ.
Гэтэл өнөөх мэдээллийн самбар нь цонхны тавцан дээр байна, гадагшаа мэдээлэл түгээж буй бололтой. Уг нь мэдээллийн самбарт үйлчлүүлэгчийн эрх үүргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй, сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 10 дугаар зүйл сэтгэцийн эмгэгтэй хүний эрх түүний хууль ёсны төлөөлөгчийн эрх үүргийн талаар, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчийн ёс зүйн хэм хэмжээний талаар Эрүүл мэндийн сайдын тушаалын хавсралтыг бичсэн байх аж. Гэтэл цонхон дээр гадагшаа мэдээлэл өгч байгаа самбарыг дотор байгаа хэн олж унших вэ дээ.
Өргөөшөө хоёр метр хүрэхгүй урт нь гурав орчим метртэй давчуу уулзалтын байранд бие хийгээд сэтгэл үнэхээр багтах аргагүй мэт. Тэнд л хоригдогсод өөрсдийн танил царайг харж, мэддэг үнэрээ үнэртдэг байх. Хаашаа ч юм, хэн рүү ч юм сэтгэлээ уудалж итгэл найдвараа илгээе гэвч “Санал хүсэлтийн хайрцаг” ёроол нь онгорхой гэдгийг магадгүй хэзээ ч мэдэхгүй биз. Тэдний итгэл найдварын оч болсон энэ бүс харахад ойрхон ч халдахад бэрх дэндүү алс буйд. Яг л алганы хонхор мэт. Үүдний танхим хоригдогсдын бүс хооронд байх хаалга тэдний хувьд харь улсын хилийн дээс мэт.
Яагаад ч юм надад тийм л бодол төрөөд байлаа. Энэ завсрын бүсэд халгасхийн жаал зогсов. Өнөөх харцнууд намайг нэгжин ширтсээр л байна. Завсрын бүсээс хөдөлж хоригдогсдын байгаа хилийг давж алхсаар тэдний чөлөөт цагаа өнгөрөөх танхимд оров. Хоёр талаас нэвт ширтэх хоригдогсдын ухаангүй, ёроолгүй гүн ангал мэт хоосон харцан дундуур дагжин алхсаар авч хүрэхэд тийм алс. Хөлөө чилтэл алхчихсан юм шиг хамаг бие салхийтэл ядарчээ. Харц ядраадаг ажээ. Чөлөөт цаг өнгөрөөх танхимд, телевизор, номын сан байна. Элэгдэж навсайтал эргүүлсэн цөөвтөр ном нуруугаа авсан морь шиг тавиур дээр хотолзоно.
Номны агуулга ямар байдаг юм бол гэж сонирхлоо. Иргэний утга уянгын тууж, өгүүллэг голчлон харагдана. Хамгийн дээд тавиур дээр Библи байна. Номын сангаа хэрхэн сэлбэдэг тухай асуувал сувилагч бүсгүй “Гэр орноосоо, таньдаг мэддэг хүмүүсээс ном аваад л сэлбэдэг дээ” гэвэл хажуунаас Санхүүгийн албаны дарга гэх бүсгүй “Номын санд ном авах төсөв байдаг” хэмээн эгдүүцэнгүй хэлж байгаа сонсогдоно.
Алинд нь итгэхээ ч ойлгосонгүй. Хяналтын нэгдсэн камераар өрөө тус бүрийг хянахаас гадна нийт хэсгийг харах ажээ. Шалгалтын багийн гишүүн “Номын санд бичиг үсэг заах, оюуны чадамжийг дээшлүүлэх, чөлөөт цагаа өнгөрөөх өрөө тасалгаатай. Мэдээж энгийн иргэдтэй адил хэмжээний ном, сонин сэтгүүл унших боломжгүй ч тусгай хэрэгцээнд тулгуурласан танин мэдэхүйн чиглэлийн арга туршлагаар эмчилгээний нэг хэлбэр болохуйц арга барилаар нэмж тохижуулах нь зүйтэй байна” хэмээн нэлээд хатуухан шаардлага тавьж байгаа сонсогдоно.
Клиникт нийт 40 гаруй хоригдол байснаас дөрөвний нэг нь эмэгтэй, үлдсэн нь эрчүүд. Эрүүгийн тухай хуулийн хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн 20-оод, давтан хэрэг үйлдсэн 10-аад албадан эмчлүүлэгч байна. Ар гэрээсээ холбоо тасраад 14 жил болж байгаа албадан эмчлүүлэгч ч байна.
Яагаад ч юм эднийг хоригдож байх хугацаанд нь хүн ёсоор хандах учиртай ч гарт нь өөр нэгэн эрдэнэт хүний амь нас хохирсон гэж бодохоор өөрийн эрхгүй гол өөд гашуун аргаад ирэх. Гэмшлийн сүүдэр ч үл үзэгдэх тэдний царайг хараад үзэн ядах, өршөөн нигүүлсэхийн хоёр туйл мөргөлдөн сэтгэлд шуурга болон дэгдэх нь тарчлаан.
Хамгаалалтын ажилтнуудын хувьд ч нэлээд хүнд нөхцөлд ажилладаг нь илт. Хүн бус араншинтай нийгмийг цочроосон гэмт хэрэг үйлдсэн ухаангүй араатнуудтай нэг дор хонох нь ширэнгэнд гар нүцгэн газар хэвтэж байгаагаас ялгаа юун. Энд хоригдогсдын эрхийг ярихаас өмнө тэднийг асарч, сувилж байгаа эмч, сувилагч, асрагч үйлчлэгч, хамгаалалтын ажилтнуудын эрх, нийгмийн асуудал нэн тэргүүнд яригдах ёстой мэт санагдана. Тэд албадан эмчлүүлж байгаа эмчлүүлэгчдийн дундаас сэтгэцийн өөрчлөлт өгч, сэтгэл зүй нь тогтворгүй байгаа тохиолдолд биечлэн болон телекамерын хяналтыг тасралтгүй хийж эмч, жижүүр, эмнэлгийн ажилтнуудтай хамтран ажиллана.
Энд таван сувилагч 72 цаг амарч ээлжинд гардаг. Сэтгэл санаа, мэдрэл мөнхийн ачаалалтай ийм ажил хүсмээр ч юм биш. Нийт батлагдсан орны тоо уг нь 37 юм билээ. Гэтэл аль хэдийнэ 40 гаруй хоригдолтой болчихсон байх ба нэг өрөөнд 10 гаруй хүн чихэлдэн сууна. Нэг хүнд оногдох зай талбай, хүрэлцэхүйц агаар гэх мэт стандартын тухай энд ярих ч хэрэг алга.
Ер нь Сэтгэцийн эмгэг судлалын клиникт ачаалал хэтэрсэн гэдэг асуудал бүх л тасаг, клиник дээр яригдаж байлаа. Гартаа байнга гавтай байх дөрвөн хоригдогч. Нийгэмд гарах нь бүү хэл хоригдож байхдаа ч аюул тарьж мэдэх ухаангүйчүүд. Хамтран хэрэг үйлддэг эгч дүү хоёр нэг орон дээр зэрэгцэн суужээ.
Гартаа гавтай дөрвийн нэг нь хоёр ч хүний амь хохироосон хүн дүрст араатан аж. Эдний дундаас хөрш бүсгүйгээ хэрцгийгээр хөнөөсөн нэгэн эмэгтэй хэрэг хүлээх чадваргүй тул хоёрхон жил энд хоригдоод суллагдана гэж хянагч өгүүлж байна. Хайран хүний амь хохироочихоод хоёрхон жилийн дараа эдгэрлээ гээд гарах тухай сонсох тийм ч хялбар биш. Хэнийг, хэнээр сольж байгаа нийгэм бэ гэж өөрийн эрхгүй л бодогдох. Харуусал, үзэн ядалт, нигүүсэл дундуур зүрх пал палхийн цохилох. Яах ёстой юм бол.
Орчлонгоос гээгдэгсэд буюу “Гэр төв”
Хорвоо ертөнцийг сансар огторгуйд дүүлэн нисэх нэгэн сансрын хөлөг гэвэл энэ унаанаас буугаад үлдчихсэн, эсвэл буулгаад хаячихсан хүмүүс байдаг ажээ. Ах дүү, хамаатан садандаа гологдож хаягдсан эдгээр хүмүүсийн хувь тавилан сонсоход л зүрх халирам. Хүн гэгч нийгмийн амьтан. Сүрэглэн амьдарч, ядарч, зүдэрсэн нэгнээ сүргээсээ гаргаж хаялгүй асран тэтгэж, халамжлан бөөцийлсөөр л байдаг нь хүний төрөлх араншин. Уулын мод урттай богинтой гэдэг шиг хүн ч гэсэн сайнтай муутай л байдаг хорвоо. Хэн нэг нь хаялаа гэхэд өөр нэгэн өр зөөлөн сэтгэлтэн өргөж асраад л явдаг. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хашаан дотор ийм л орхигдогсод хашаа барин, мод тарьж, гэр орноо арчлан өөрсдийн нэгэн ертөнцийг үүсгэж амьдран суух аж.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нийт 550 ортой. Энэ 550 орны 234-ийг нь буюу байрны ашиглалтын 50 хувьд нь байнгын өвчтөн, эргэлтгүй, эргэж авахгүй, ах дүү хамаатан садандаа хаягдсан өвчтөн эзэлдэг. Энэ 234 өвчтөнөөс эрүүлжиж, засал авч байгаа 30 гаруй өвчтөнг нийгэмшүүлэх зорилгоор тусад нь гэр барьж гаргасан нь бидний очсон“Гэр төв” юм байна. Анх "Гэр төв" байгуулагдсан цагаас эхлэн тэнд амьдарч ирсэн хүмүүс 40-60 гаруй насны хүмүүс байх ба 10 гаруй эмэгтэй байгаа гэнэ. Энэ хүмүүсийг ямар сонголтоор нэг гэрт хуваарилдаг юм бэ гэж асуувал харгалзан ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн “Нэг гэрт эрэгтэй эмэгтэйгээр нь хуваарилдаг. Эрэгтэй, эмэгтэйгээр нь хамт байлгахгүй бол дан эрэгтэй хүмүүс нэг дор амьдрах тохиолдолд орчин ахуйгаа цэвэрлэхгүй, ундны усандаа явахгүй, хоолоо хийж идэж чадахгүй асуудлууд үүсдэг тул ингэж зохион байгуулж, хуваарилдаг” хэмээн тайлбарлаад “Эдгээр өвчтөнүүдээ хоорондоо ээнэгшсэн дассан байдлыг харгалзан үзэхээс аргагүй” гэж байв.
Би зориуд нэг гэрийг сонгон орж эзэдтэй ярилцлаа. Гэрийн дотор нөхцөл гэрэлтүүлэг муу ч гэлээ гал түлсэн нь урдаас пүнхийн угтах. Хэрвээ би “Гэр чинь жаахан бүүдгэр юм аа даа” гэсэн бол “Амьдрал ерөөсөө л бүүдгэр” гэж хариулах байсан ч байж магадгүй. Гэрээ цэмцийтэл цэвэрлэжээ. Цэмцийлгэж орхисон эзэгтэйг Уранчимэг гэдэг, 70 гаруй насны эмэгтэй. Тэрбээр надтай мэндлээд “Би Увс аймгаас 2000 онд ирж энд амьдраад 20 гаруй жил болж байна. Би нутагтаа оёдолчноор 20-оод жил ажилласан” хэмээн хүүрнэв.
Ах дүү, хамаатан садан байдаг эсэх талаар асуувал “Нутагт ах дүү маань бий. Намайг нэг өдөр хот явж группт орчихоод ир гэж дагуулж яваад энд авчирч хэвтүүлсэн. Хамаатны нэг охин ирдэг байсан сүүлийн үед харагдахаа болилоо. Өнгөрдөг наадмаар ирээд явсан” хэмээн ярихад нь нүдэнд өчүүхэн баярын оч гялсхийгээд унтрав. Уранчимэг нутагтаа харьж амьдрах хүсэлтэй гэнэ. Ирж авах хүн байхгүй болохоор явуулахгүй байна уу гэж асуухад “Миний бичиг баримт байхгүй. Эмнэлэгийн нийгмийн ажилтан хөөцөлдөж байгаа гэсэн” гэж байна. Ерөнхийдөө асрамжийн газраас үзүүлж байгаа үйлчилгээнд сэтгэл хангалуун л байгаа бололтой.
Эмнэлэгт хэвтэж буй харж хандах хүнгүй, ар гэрийнхэн нь хаясан эдгээр өвчтөнийг бичиг баримтжуулах ажлыг эмнэлгийн удирдлагын зүгээс маш идэвхтэй хөөцөлдөн ажилласаар одоо ердөө дөрөвхөн хүн л бичиг баримтгүй үлджээ. Тэдний нэгтэй би уулзсан болж таарлаа. Энэ дөрвөн хүн регистрийн дугаар бүү хэл Монголд төрсөн нь ч бүртгэгдээгүй учраас хууль эрх зүйн талаас саад учраад байгаа аж. Хаягжилт тодорхойгүй, харьяат биш хүмүүс ч эдгээр асрамжийн иргэдийн дунд байх. Бидний “Местный” гэж ярьдаг сууршмал, цагаач статустай БНХАУ-ын нэг иргэн ч байдаг гэнэ.
Миний багт нь орж ажилласан “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа”-ны багийн нэг албан хаагч “Төрсөн нь хүртэл бүртгэгдээгүй хууль эрх зүйн талаас ийм саадтай учраад байгаа хүмүүсийн биологийн насыг болон хариуцагчийг нь шүүхээр тогтоолгоод холбогдох бусад шаардлагатай эрх зүйн баримт бичгийг онцгой нөхцөлд авч үзэж шийдвэрлээд бичиг баримттай болгочихмоор санагдаад байх юм. Бичиг баримттай болчихвол ядаж халамжийн тэтгэвэр аваад эмнэлгийн төсөвт дарамт болохгүй байж болох юм” гэж ярьж байна. Үнэхээр л бодууштай санал.
Миний орсон гэрт өөр нэг эрэгтэй өвчтөн байна. Улаанбаатар хотын унаган иргэн бөгөөд үйлдвэр комбинат орчимд төрж өссөн гэнэ. Хүнтэй харилцах чадвар муу бололтой. Ам нээлгэх гэж нэлээд зүйл асуусан боловч олигтой хариулт өгч чадсангүй. Харж хандах хүн байхгүй орь ганцаар бөгөөд насаараа ажил хийж үзээгүй гэнэ. Багцаагаар би түүнийг 60 орчим настай болов уу гэж таамаглалаа. Насаа мэдэхгүй байсан болохоор таамаглахаас яах вэ. Энд амьдрагсдын ихэнх нь Мааньтад байсан сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн асрамжийн газраас иржээ. Тухайн асрамжийн газар татан буугдаж оронд нь архинд донтогсдын эмчилгээ, сувилгааны газар орсон байгаа тухай эмч, сувилагч нар ярьж байна. Энэ гэрийн эзэгтэй Уранчимэг ч бас Мааньтаас ирсэн гэнэ. “Анх ирээд хашаанд мод суулгах, зам талбай засахаас эхлээд их л ажилтай байсан. Энэ модыг суулгаад тав, зургаан жил усалж, арчилсан. Ажилтай байх сайхан байжээ” хэмээн ярих нь нэгийг өгүүлээд байх шиг. Түүгээр ч барахгүй уулын аманд газар хагалан ногоо тарьдаг байсан гэнэ. “Зүгээр суугаад байх дэмий байна, суугаад байхаар хамаг бие хөшчих гээд байх юм” хэмээн шүүрс алдан өгүүлнэ. Найман гэрийн 30 гаруй хүний хоолыг гурван хүн ээлжлэн хийдэг бөгөөд хааяа усанд ч явдаг гэнэ. “Асрагч маань бидний хувцас, хунарыг угаагаад өгчихдөг болохоор өглөө босож гэрээ цэвэрлээд л хийх юмгүй болчихдог” гэж байна. Өвлийн хүйтэнд ч яах вэ.
Харин хавар, зун, намрын саруудад ажил хөдөлмөр эрхлүүлбэл наанадаж эдгээр хүмүүсийг нийгэмшихэд тус болох, цаанадаж эмнэлгийн төсвийн ачааллыг хуваалцах үйлдвэрлэл хөгжүүлэхэд ч болохгүй гэх аргагагүй санагдана. Хашаан дотор нэг хүлэмж байна. Биднийг дагуулж явсан энэ хэсгийг хариуцдаг Оюунчимэг эмч “Бид нар энэ хүлэмжиндээ нарийн ногоо тариалдаг. Өнгөрсөн намар ургац хураалтаар зөндөө ногоо хурааж авсан, одоо ч хүнсэндээ хэрэглэж байгаа” хэмээн ярив. Үгүй дээ л хүнсний ногоогоо тариалаад байж болох нь байна шүү дээ. Оюунчимэг эмч цааш нь “Энэ хашаанд ургаж байгаа жимсний моднуудыг бүгдийг нь би гэрээсээ авчирсан. Нэгд эднийгээ ажилтай байлгаж биеийг нь хөшөөчихгүй байх хэрэгтэй. Хоёрдугаарт, арчилж ургуулсан моднууд маань үр жимсээ өгөөд эхэлнэ. Энэ асаргааны хэд маань модноосоо жимсээ хураан авч боловсруулаад үгүйдээ л амин дэмүүдээ байгалаас нөхөх боломжтой болно” хэмээн өөриймсөн ярих аж. Орчлонд муугаасаа сайн нь олон доо.
Монгол хүний нэг араншин байдаг. Сэтгэл гаргасан зүйлдээ өөрийгөө бүрэн зориулдаг тууштай, өөриймсүү. Оюунчимэг эмч би хийдэг ажлаа л хийнэ, энд мод бут тарих, зам талбай засах нь миний ажлын чиг үүрэгт хамаарахгүй гэвэл хэн ч түүнийг буруутгах эрхгүй. Найман гэрийг нэг сувилагч хариуцан ажиллана. Настайвтар биерхүү сувилагч эмэгтэй “Тэр минь, энэ минь” гэчихсэн л гүйж яваа харагдана. Ерөнхийдөө найман гэрийн командлагч юм уу даа. Гэхдээ хувцас хунарыг нь угааж заримдаа өтгөн шингэнтэй нь ч зууралдах хэрэг гардаг гэнэ лээ. Эдгээр асрамжийн иргэдийг ар гэр, хамаатан садан нь энд авчирч орхичихоод тэтгэмжийг нь авахаа мартдаггүй. Эмнэлгийн зүгээс энэ асуудалд анхаарал хандуулснаар 10 гаруй иргэний тэтгэмжийн асуудлыг шийджээ. Цаашид ч ажиллах шаардлагтай байгааг эмнэлгийн удирдлагын зүгээс ярьж байсан. Эдгээр орхигдогсод Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагын шийдэж чадахгүй байгаа асуудлын нэг гэнэ.
Зэрэгцээ ертөнцийн харьяат
СЭМҮТ-ийн III дугаар клиник буюу хурцын тасгаар ёстой дайраад л гарлаа. Тасагт засварын ажил хийгдэж байв. Эмчлүүлэгчдээ нэг жигүүрт шахан оруулж нөгөө жигүүрээсээ барилгын засварын ажил эхэлжээ. Засвар хийгдсэнээр усанд орох өрөөтэй болно хэмээн ярьж байлаа.
Би сурвалжилгынхаа энэ хэсгийг яагаад ингэж нэрлэмээр санагдсанаа үнэхээр мэдэхгүй байна. Тэдний оюун санаа энэ орчлонгоос хальж бидний мэдэхгүй зэрэгцээ ертөнцөд гацсан мэт ажээ. СЭМҮТ-ийн I клиник. Энд сэтгэцийн анхан шатны өвчтөнүүд хэвтэн эмчлүүлдэг. Эдгээр өвчтөн сэтгэл, мэдрэлийн тодорхой түвшний эмчлэгдэх шаардлагатай хүмүүс.
Нийгмийн тахал мэт болчихоод байгаа мэдрэлийн ядаргаа буюу орчин үед стресс хэмээн нэрлэх болсон суурь оноштой өвчтөн I клиникийн өвчтөнүүдийн дийлэнхийг эзэлдэг гэнэ. Энэ клиник дотор ямар ч хамааралгүй нэг тасаг байгаа гэнэ. Энэ нь сүрьеэгийн тасаг. Сэтгэцийн өвчтөнүүдтэй юун сүрьеэтэй хүмүүс холилдчихоо вэ гэтэл сэтгэцийн эмгэгтэй бас давхар сүрьеэтэй хүмүүс байгаа гэнэ. Мэдрэлийн ядаргаанаас үүдэлтэй энэ өвчнийг эртхэн оношилж эмчлэхгүй бол хүндрэх магадлалтай ажээ. Мэдрэлд өгсөн ачаалал хий юм харах, цаашлаад өөрийн болон бусдын амь насанд халтай үйлдэл хийж болзошгүй байдалд хүртлээ хүндрэх тохиолдол их гэнэ.
Сайд нарт хандсан санал байна
Өглөө нар мандаж байхад шахам Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хашаагаар зүрхшээнгүй орж явсан би нар баруунаа таширлан уулын орой хэдэрч эхлэх үед бодлогоширонгуй гарч явлаа. Сэтгэлд дараатай бүхнээ энэ хашаан дотор сэгсэрч үлдээе гэвч нэгэнт өнгөрсөн. Миний мэдрэмж дээд цэгтээ тултал хөвчирчээ. Хашаанаас гармагц амны хаалтаа авч сая л нэг бүтэн амьсгаа авлаа. Даац хэтэрсэн гэдэг үг эндэхийн эмч, сувилагч, ажилтан албан хаагчдын амны уншлага шиг л байна. Энэ үгээр юуг өгүүлэх гээд буйг уншигч авхай надаар хэлүүлэлтгүй мэдэх буй за. Өнөөгийн нийгэмд бидний дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн янз бүрийн асуудалтай байгаа тухай нийгмийн сэтгэлзүйн чиглэлээр судалгаа хийдэг эмч өгүүлж байсан.
Нийгмийн давхарга, амьдралын чанар, албан тушаал, хот хөдөө үл ялган шинэ зууны тахалд нэрвэгдээд байгаа гэнэ. Аймшигтай юм шүү. Мэдрэлийн ядаргаанаас үүдэлтэй сэтгэцийн эмгэг ухаалаг гар утас, цахим флатформууд ихсэж, идэвхжсэнтэй зарим талаар холбоотой. Гэхдээ л бидний бүтээсэн нийгэм хүнд ээлтэй гэдэг яг үнэн үү гэдэг асуулт надад төрөөд байна. Хамгийн гол нь эмнэлгийн хашаанд асрамжийн газар байгаа нь хачирхалтай. Хүн ардын эрүүлийг хамгаалах, эмчлэн эдгэрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах газар нийгмийн халамжийн ажил эрхлээд төсөвтөө дарамт аваад сууж байна. Яагаад эдний асуудлыг төр харахгүй байгаа юм бэ.
Эхний уулзалт дээр эмнэлгийн удирдлага эдгээр асруулагчдыг дүүрэг, аймаг нийслэлийн дэргэд асрамжлуулах ёстой тухай ярьж байсан. Мааньтын асрамжийн газрыг эргэн сэргээхэд ч болохгүй гэх газаргүй. Энэхүү сурвалжилгыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарт хаяглан төгсгөе. Сүрьеэгийн тасгийг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлэгт нь хариуцуулж, асрамжийн өвчтөнийг тусгай хэрэгцээт асрамжийн газар байгуулан өрх тусгаарламаар санагдсанаа өгүүлье. Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах үндэсний төв иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийг хариуцан ажлаа явуулмаар байна. Эмнэлэг эмнэлгээрээ, асрамж, асрамжаараа. Ингэвэл яаж байна даа сайд нараа.
ТРАМП ТӨМӨРӨӨ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №002/24629/
Зочин · 30 минутын өмнө
TANILTSXN80955877
Зочин · 39 минутын өмнө
Энэ нөхөр өөрөө хоосонгүй юу? Өөрийгөө “Трамп Төмөрөө” гэв үү?
Зочин · 3 цагийн өмнө
XALYYXN XUSSN SEKSDI80955877
Зочин · 3 цагийн өмнө
XUSLN SEKSDN80955877
Зочин · 5 цагийн өмнө
ZYGAATSI80955877XUSNEER
Зочин · 5 цагийн өмнө
SEXSDI80955877ANUSN