Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2025 онд хийх авто замын засвар, шинэчлэлийн ажил, гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төслүүдийн хэрэгжилт, сургууль, цэцэрлэгийн газрын асуудал шийдвэрлэсэн судалгааны талаар хэлэлцжээ.

Авто замын бүтээн байгуулалтын тухайд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр “Бүтээн байгуулалтын жилийн хүрээнд томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжихтэй холбогдуулан тендерийн баримт бичгийг боловсруулж, тендер зарлах ажлуудын бэлтгэлийг хангаж байна.

Нийслэлийн хэмжээнд авто замын бүтээн,  байгуулалт, засвар, шинэчлэлийн ажлуудыг 2025 оны долдугаар сараас өмнө дуусгах, Зайсангийн гүүрний засвар шинэчлэлийн ажлыг 2025 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө дуусгах үүрэг даалгавар өгсөн.

Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас уг хуучин гүүрийг дөрөвдүгээр сарын 1-нд дуусгаж, шинэ гүүрийг зургаадугаар сард барьж дуусгахаар ажиллаж байна” гэж танилцуулав.

Бусад төслийн ажлын явцаас:

  • Метро төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгч буюу төслийн (EPC) түлхүүр гардуулах гэрээний нөхцөл бүхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийн I үе шатыг зохион байгуулсан. 2025 оны хоёрдугаар улиралд багтаан тендерийн II үе шатыг зохион байгуулж, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
  • Трамвайн ТЭЗҮ, загвар зургийн ажлыг 2025 оны хоёрдугаар улиралд багтаан дуусгаж, ЗТЯ-ны дэргэдэх ШУТЗ-ийн хурлаар хэлэлцүүлж, Зам, тээврийн хөгжлийн төвөөр томсгосон төсвийг магадлалаар баталгаажуулах ажлыг зохион байгуулна.
  • "Шинэ тойрог авто зам" төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, 2025 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр гэрээ байгуулж, ажил эхэлсэн.
  • "Шинэ их тойруу" хурдны зам төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан бөгөөд гэрээ байгуулах шатанд байна.
  • 2025 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 136 төсөл, арга хэмжээний хүрээнд 208.1 га газрын 3,949 нэгж талбарт газар чөлөөлөхөөр төлөвлөн, нийслэлийн Засаг даргын 2025 оны А/58 дугаар захирамжийн дагуу нөлөөлөлд өртсөн нэгж талбаруудын газар, эд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий компанийг сонгон шалгаруулах худалдан авах ажиллагааг зохион байгуулна.
  • Сэлбэ дэд төв, Сүхбаатар дүүрэг, Дэнжийн 1000 дэд төвийн дулааны цахилгаан станцын ажил, Сүхбаатар дүүрэг, Орон сууцны 7 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөө, Баянгол дүүрэг 4 дүгээр хороо Нарны замын баруун, Төмөр замын зоориноос урагш Тээвэрчдийн гудамжтай холбох авто зам, нүхэн гарц зэрэг ажлуудын трасст өртсөн 43 нэгж талбарт НЗД-ын захирамжаар нөхөх олговор олгожээ.