Энэ тухай манай сонин өмнө нь их ч бичсэн дээ. Ер нь монголчуудын амьдралын цикль баяраас баярын хооронд өнгөрдөг гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй. Нэг баярыг арай хийж дуусгаад дараагийн баярыг хэрхэх тухай бодож эхэлнэ. Тэр дундаа өвлийн сарууд бол бүр чанга. Шинэ жилийн баяр бүтэн сар гаруй үргэлжилнэ.

Ажлын, ангийн, нутгийн шинэ жил гэж явсаар сүүлдээ төрсөн ордоороо хүртэл нэгдэж баяр тэмдэглэх нь ч бий. Ингээд түр амсхийгээд уламжлалт Цагаан сарын баярт бэлдэнэ. Мэдээж дундуур нь хайрын баяр гэж нэрлэгддэг Валентины баярыг ч орхигдуулахгүй. Энэ ч бас чамгүй зарлага өндөртэй баярын тоонд ордог гэсэн судалгаа бий. Нэг муу лам үхсэн өдөр зэргээр муулж, муулж яг тулаад ирэхээр цэцэг, шоколад бариад л гүйцгээдэг. Энэ хоорондоо сар шинийнхээ бэлтгэлийг бас бага багаар явуулах хэрэгтэй болно.

Харин энэ жилийн хувьд Цагаан сарын баяр гуравдугаар сарын 1-нд болсон нь бүр ч хямрааж орхилоо. Сар шинэ хуучраагүй байтал Мартын 8 болов. Уг нь энэ өдрийг олон улсад Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэж, эрх нь зөрчигдөж байгаа асуудлынхаа талаар дуу хоолойгоо гаргаж, зарим оронд бүр тэмцэл, жагсаал өрнүүлдэг. Харин манайд бол нөгөө л ажил, ангиараа тэмдэглэж явсаар хамгийн сүүлд хэдэн эрчүүд нь эхнэрүүдээ баярлуулж, гал тогоо барьж, цэцэг бэлэг гардуулснаар өндөрлөдөг. Тун удахгүй Эр цэргийн баяр болно. Үүнийг амьхандаа л цомхон тэмдэглэхийг оролддог ч ангийн хөвгүүддээ чихэр печень, ажлынхаа эрчүүдийг хоолонд оруулах гээд үргэлжлээд л байна. Мөн “Эр цэргүүдийг төрүүлдэг эмэгтэйчүүдийн ч баяр” гээд өнөөдүүл маань ороод ирнэ, яаж ч болохгүй. “Чамд ямар хамаатай юм” гээд хэлээд үз дээ. Хөөрхий муусайн эрчүүдийн хоншоор нь тутах байлгүй. Харин хаа очиж Хүүхдийн баяр, наадам хоёрын зарлага харьцангуй гайгүй тусдаг байх. Сөөсгөр хэдэн хүүхдүүдээ нэг өдөр дагуулж парк, тоглоомын талбай ордог бол наадмаар машиндаа шатахуунаа дүүргэж аваад хөдөө гараад давхичихна. Харин энэ олон баяр дундаас жилийн хоёр болон гуравдугаар сарыг хамтад нь “Баярын сар” гэж нэрлэмээр санагддаг.

Энэ “Баярын сар”-ыг монголчууд бид харин ч нэг тэмдэглэсэн шиг тэмдэглэж, найрласан шиг найрлаж өнгөрөөнө дөө. Ёстой л нөгөө “Хүргэн хүү” кинон дээр Хайдав “Гар татахгүй үр, эрүү хамхихгүй иднэ ээ хө” гэж суудаг шиг л юм болохоос наагуур болно. Гэтэл яг энэ үеэр улсын импорт багасч, мөнгөний ханш унаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл гаарна. Аргагүй шүү дээ, манайхан чинь угаас хүний дор орох дургүй улс. Нэгнийхээ дээр биш гэхэд доор нь орохгүйг л хичээнэ. Үүнээсээ болоод цалингийн зээл тавьж, хүүтэй мөнгө зээлээд ч хамаагүй баяруудаа тэмдэглэнэ. Гол нь бусдад муу, муухай харагдахгүй гэсэн бодолтой нь холбоотой. Хүрээний үед “Гэрээ зараад цагаан сар хийсэн” гэсэн яриа гарч байсан гэдэг. Гэтэл энэ үг өнөө ч бараг л хэвээрээ байгаа нь харамсалтай. Цагаан сараар жишээ аваад үзэхэд л нэг айл дунджаар 3-5 сая төгрөг зарлагаддаг. Тавгийн идээ, ууц өвчүү, бэлэг сэлтээс эхлээд тавилга, аяга шаазангаа ч сольж харагддаг. За тэгээд хөдөө гадаа хол явдаг бол зарлага нь улам л нэмэгдэнэ. Ингээд баяр дуусч, сар шинэ хуучрахад баахан өр зээлтэй, хоосон нойтон хүмүүс үлддэг. Хатсан боов, хуучирсан бууз, хэдэн оймсноос өөр юмгүй л сууцгаана шүү дээ. Тиймээс өөрсдийгөө ингэж туйлдуулан байж баярлаж цэнгэдэг байдлаа одоо больцгооё гээд байгаа юм.

Элдэв баярыг тэмдэглэж болно. Гэхдээ зохих түвшинд нь, гэр бүлийнхээ хүрээнд ч юм уу санхүүгийн элдэв дарамт, хүндрэлгүй тэмдэглэж сурцгаая. Цагаан сарыг манайхан ёс уламжлалаа мэдэх хамгийн чухал баяр гэдэг. Тэр нь ч үнэн. Гэхдээ яг ёс уламжлал, тэмдэглэж ирсэн түүхийг нь аваад үзвэл манай Цагаан сар харьцангуй минимал хэв шинжтэй. Хэдээс дээш насныхан ууц тавих, ямар насанд хэдэн үеэр тавгийн идээ засах гээд бүгдийг нь уламжлуулаад заагаад өгчихсөн байдаг л даа. Бүүр өндөр настай хөгшид эмгэд дээр хүүхэд дагуулж очихгүй, заавал шинийн нэгэндээ багтаж очих гэх мэтчилэн аль болохоор настай хүмүүсийг хүндрүүлэхгүйгээр зохицуулдаг байв. Гэвч өнөөгийн бид болохоор 30 хүрээгүй шахам айлууд өндөр өндөр идээ засч, их бага шүүс, том том ууц өвчүү тавьсан харагддаг. Ингэж байдгаа гөвж баярын уур амьсгалд даруулж, хөл толгойгүй баярладгаа л болих хэрэгтэй байна. Жижиг баяруудыг бол ингэж тэмдэглэн өнгөрүүлж болно гэж бодож магадгүй. Гэхдээ Цагаан сарыг ч гэсэн аль болох зардал чирэгдэл багатай тэмдэглэхэд ч буруудах зүйлгүй. Наад зах нь ёс уламжлалаа сайтар судлаад нас намба тань болоогүй бол ууц, идээгээ багасгаж болно шүү дээ.

Уг нь нэг хэсэг манайхан ийм үрэлгэн байдлыг болих зорилгоор ахан дүүсээрээ нэгдээд золголтоо ресторанд тэмдэглэсэн юм. Харамсалтай нь айл айлаас тодорхой мөнгө цуглуулаад золголтоо хийгээдэхсэн чинь настайчууд нь гэрээр ирсэнгүй гэж гомдоллож, залуучууд нь очихгүй бол ёстой болохгүй гэсээр хоёр дахин зарлага гараад байхаар нь больчихсон гэдэг яриа байдаг. Үнэний ортой байх. Сүүлийн жилүүдэд л ингэж ресторанд золголтоо хийж байгаа байдал анзаарагдахаа больчихсон байна лээ. Тиймээс энэ байдлыг буцаан сэргээгээд үзэхэд ч буруудахгүй л байх.

Ер нь энэ олон баяруудаа тоймтойхон тэмдэглэх тал дээр хичээцгээхгүй бол нийтээрээ туйлдаж, үнийн өсөлтөд дарлуулсаар өндийхөөргүй болох нь. Дээрээс нь улс орноос цахилгаан дулааны үнэ, элдэв татваруудаа нэмж дороос нь өндийхөөргүй болгочихоод байна.

Тиймээс өөрсдийнхөө хэмжээнд хэмнэлт хийцгээж хөл толгойгүй бужигнадгаа больж, ёс ёслоод л өнгөрдөг болохгүй бол хөл доороос нь босч ирж чадахгүй шинжтэй.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ