Улаанбаатар хотын 2025-2028 оны хооронд хэрэгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Шинэ тойрог авто замын урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж байгааг албаныхан мэдээлэв.

Төслийн танилцуулгаас дурдахад дөрвөөс зургаан эгнээ бүхий 50 гаруй км урт үргэлжлэх Шинэ тойрог авто замыг нэг болон хоёрдугаар тойрог замтай барих нь.

Нэгдүгээр тойрог зам 20 гаруй км урт үргэлжлэх бол хоёрдугаар тойрог зам 24.4 км урт байх урьдчилсан трасс сонголтыг хийж байгаа аж.

Төслийн ТЭЗҮ болон зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдаж, “Си Эс Си И Си Айком консалтантс” ХХК шалгарчээ.

Өнөөдрийн байдлаар Шинэ тойрог авто замын суурь судалгаа, суурь зураг боловсруулах, инженер геологийн судалгаа, авто замын одоогийн байдлын урсгал, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, байгаль орчны нэгдсэн үнэлгээ, инженерийн шугам сүлжээг судлах ажил үргэлжилж байна. Шинэ тойрог авто зам нь баруун талдаа Туулын хурдны замтай, зүүн талдаа Баянзүрхийн гүүр болон Төв аймаг руу туннелиэр холбогдох юм байна.

2025 оны зургаадугаар сард Шинэ тойрог авто замын ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулж, холбогдох мэргэжлийн зөвлөлүүдээр хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

Замыг барих тендерийг ирэх онд зарлаж, 2032 онд ашиглалтад оруулахаар ТЭЗҮ-д тусгаж, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэх тооцоол гарчээ.