Төрийн соёрхолт, гавьяат эмч П.Батчулуунтай ярилцлаа. Дээд шүүхээс түүнийг цагаатгасан шийдвэрийг өнгөрсөн зургадугаар сард гаргасан билээ. Багагүй хугацаанд эрүүл мэнддээ анхаарч, эмчлүүлж байсан тэрбээр өмнө ажиллаж байсан Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албандаа зөвлөхөөр ажиллаж байна.


Сайхан намаржиж байна уу та. Бие нь давгүй сайхан байна уу, таны амь нас, эрүүл мэндийн төлөө санаа зовж байсан хүмүүс олон байсан. Одоо эргээд ажилдаа орчихсон байгааг харах сайхан байна…

-Таван сар орчим нөгөө тусгай газар байгаад тархины цусан хангамжид алдагдал үүсч, зүрхний судас нарийсч, өвдөлт өгч биеийн байдал бас нэлээд түвэгтэй байдалд орох нь орсоон. Гэхдээ сайн эмч нарынхаа ачаар эмчлэгдээд нэг үеэ бодвол овоо болчихлоо. Одоо ингээд хуучин албандаа зөвлөхөөр ажиллаад сууж байна. Юуны өмнө би өнгөрсөн хугацаанд надтай хамт байсан бүх Монголынхоо ард түмэнд, элэгт нэгт монгол ах дүүстээ, түмэн олондоо чин сэтгэлээсээ талархаж байгаагаа хэлмээр байна. Үнэхээр надад итгэж, намайг хайрлан хамгаалж, үйл хэргийг маань зөвөөр ойлгож, миний эрүүл мэндэд санаа зовж, сэтгэлээ чилээж байсан олон хүн байсан. Та нартаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж байна. Мөн мэргэжил нэгт нөхөд маань УНТЭ, ХСҮТ-ийн элэг, бөөр, цусны чөмөг, шөрмөс шилжүүлэн суулгах багийнхандаа, эмчлүүлж байсан хүмүүс, хэвлэл, мэдээллийнхэн, анд найзууд, ахан дүүс, ангийнхан, үнэн худлыг дэнсэлсэн хууль шүүхийнхэн, ер нь энэ асуудлын талаар санаа тавьж байсан бүх хүмүүст талархлаа илэрхийлмээр байна.

Миний талархах сэтгэл хязгааргүй, хэлэлгүй үлдээчих вий дээ. Ер нь намайг дэмжсэн, дэмжээгүй донорын тухай энэ ойлголтыг мэддэггүй байж байгаад мэдэж авсан, түүнийхээ талаар сошиал дээр сэтгэгдлээ хуваалцсан бүх л хүмүүст баярласан гэдгээ хэлмээр байна. Та нарынхаа сэтгэлийн дэмээр өнөөдөр би гарч ирээд, эрүүл мэнд маань сайжраад явж байна.

Дээд шүүхийн шийдвэр гарчихсан ч гэсэн таны биеийн байдал тааруухан, эмнэлэгт байгаа талаар дуулаад хүмүүс бас санаа зовж л байсан шүү. Уг нь цагаатгасан мэдээ дуулсан даруйдаа гармаар байсан биз?

-Улсын Дээд шүүх дээр миний хэргийг авч хэлэлцэж, зөвөөр тунгаан үзээд, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж цагаатгасанд талархаж байгаа. Сайхан мэдээ дуулаад гармаар байсан ч биеийн байдалтай холбоотой шууд гарч чадаагүй. Гараад удаагүй эмчлүүлэхээр Хөх хот руу эмчилгээнд явахдаа хоёр хүүгийнхээ гар дээр тэргэн дээр явж байлаа. Харин одоо хуучин хамт олонтойгоо ажиллаад, мэддэг чаддагаа хэлж зөвлөөд явж байгаадаа баяртай байна аа. Өнгөрсөн хаврын чуулганаар яригдаж байсан Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах тухай хууль маань сая намрын чуулганаар дахин өргөн баригдаад, ажлын хэсгээр ид яригдаж байна. Одоо талуудын саналыг аль болох өргөн хүрээнд тусгаад, зөв зүйтэй хууль гаргачих гээд явж байна даа. Байж байгаад ажлын хэсэг хуралдаж, ордон руу орох юм. Намайг хоригдож байхад эргэж тойрч байсан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, С.Эрдэнэболд, Б.Бейсен, Ж.Бат-Эрдэнэ, ЭМЯ-ны сайд асан А.Цогцэцэг нарт гүн талархлаа илэрхийлж байна. Ер нь энэ хэргийн талаар асар их анхаарч, үгээ хэлж, учир байдлыг асууж сураглаж байсан төрийн албаны болон бүх хүмүүстээ талархаж байгаагаа дахин дахин хэлье.

Хувь хүний эрүүл мэнд, өвчний асуудал нууц байх ёстой ч таны эрүүл мэндэд санаа зовсон улсууд бүгд л энэ талаар дэлгэж ярьж байсан. Та үүнд эмзэглэсэн үү?

-Би чинь хар бага хүүхэд байхдаа тархиндаа гэмтэл авч, нийтдээ 10 гаруй удаа мэс засал хийлгэсэн хүн. Өвчин шаналал, зовиур гэж юу болохыг арав ч хүрээгүй насандаа мэдэрсэн болохоор хүнд тусалдаг хүн болно, эмч болно гээд шийдчихсэн тэрүүгээрээ явсаар эмч болсон хүн шүү дээ. Ер нь сайн эмч байхын тулд сайн хүн байх ёстой гэж боддог. Гэр бүлийн хүмүүжил маань ч тийм байсан. Бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө эмч хүн бүхий л боломжийг эрэлхийлдэг. Би ч тэгж явж ирсэн, одоо ч тэгж яваа. Намайг элдэв асуудалд орооцолдоод ирэхэд хөөрхий эргэн тойрны хамтран зүтгэгч, найз нөхөд маань бүгд л биеийн байдлын талаар яриад эхэлсэн. Би тэгээрэй гэсэнгүй, гэр бүлийнхэн ч тэгээгүй. Эргэн тойрны хүмүүс маань эмч хүмүүс голдуу болохоор эрхгүй миний биеийн байдалд санаа зовсноо яриад эхэлсэн л дээ. Угаасаа тэд маань намайг зүрхний ямар асуудалтайг мэднэ. Би чинь эмнэлэг дээрээ байхдаа зүрхний шигдээс болж, 16 минут зүрх зогсоод эргэж ажилласан хүн. Бас чихрийн шижнээр өвчлөөд 30 гаруй жил болж байгаа учраас тэд үнэхээр санаа зовсон байх. Миний асуудал бол яахав. Харин намайг тэнд байхад миний төлөө ил гарч, эмчээ авармаар байна гэж ярьж, хэвлэлийн хурал хийж, ярилцлага өгч байсан олон арван өвчтөнүүдийнхээ талаар сонсоод үнэхээр миний өр өвдсөн.

Донор болон эрхтэн шилжүүлэн суулгасан хүмүүсийн тухай мэдээлэл нууц байдаг. Гэхдээ тэр хүмүүс эмчийнхээ тухай дуугармаар байна гээд хэвлэлийн хурал хийж, өөрсдийнхөө түүхийг хүртэл хуваалцсан…

-Тухайн үед би ямар ч мэдээлэлгүй байсан. Ямар хүмүүстэй холбогдох биш. Гэтэл холбооныхон маань цуглаад хурал хийсэн байсан. Бас хувь хүмүүс ч өөрийнхөө туулсан амьдрал, амьд үлдсэн түүхээ хэвлэлд ярьсан байсан. Тэр хүмүүсийн хувьд тэгж ил гарах шаардлагагүй, хуулиар нууцаа хамгаалуулах, нууцлах эрхтэй хүмүүс шүү дээ. Гэтэл миний төлөө хүмүүс тэгж хичээсэн. Бүгд өөр өөрийнхөө нүүр хуудсан дээрээ ч бичиж, эмчийгээ хамгаалъя гэж давлагаалсан гэсэн. Зөвхөн өвчтөнүүд маань ч биш олон хүмүүсийн тэгж өөр, өөрийнхөө индэр дээр үгээ хэлсэн талаар сүүлд л сонссон. Би Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт А.Отгондалай, Г.Нямхүү, ардын эмч Б.Гоош гээд олон сайхан багш нараасаа суралцаж, хүний өвчин зовлонг нимгэлэхийн төлөө хичээж ирсэн. Мөн миний багш, миний хоёр дахь амьдралыг бэлэглэсэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт Ж.Хайрулла гэдэг хүний ачаар би тархины гэмтлээ давсан. Зүрхэндээ хоёр ч удаа зүрхний шигдээс болоход Улсын Нэгдүгээр болон Гуравдугаар эмнэлгийн хамт олныхоо ачаар амь аврагдаж байлаа. Хорих ангиас яаралтай хүргэгдэж зүрхэндээ стент тавиулахад найз Д.Лхагвасүрэн (гуравдугаар төв эмнэлэг) маань судсан дотуурх ангио хийсэн. Эргээд харахад би ус уух хувьтай л хүн юм. Ер нь би өөрийгөө хэзээнээс төрүүлсэн аав ээж, сургаж хүмүүжүүлсэн багш, ард түмэндээ өртэй гэж боддог учраас сурч мэдсэнээ Монголын ард түмнийхээ төлөө зориулна гэж бодож ажиллаж ирсэн. Энэ өр ширийг бол юугаар ч дарж дийлэхгүй учраас хөдөлмөр, сурч мэдсэнээрээ гаргана гэж л ирсэн хүн. Одоо бас надад итгэсэн, намайг хайрласан энэ олон хүмүүст өртэй гэж мэдэрч сууна. Бас л чадах ажлаа хийж, сурч мэдсэнээ зааж зөвлөж, хариуг нь барина даа. Амьдрал үргэлжилсээр байна шүү дээ.

Та өөрт тань зааж тусалсан хүмүүсийн талаар дурдаж байна. Харин та өөрөө хэдэн хүнд хагалгаа хийж, амь насыг нь аварч байсан бэ?

-Миний мэс засал хийж, амь насыг нь аварсан хүний тоо 10 мянга хүрсэн болов уу гэсэн тооцоо бий. Мэс засал хийсэн нь 10 мянга, давхардсан тоогоор үзэж эмчилж байсан нь 20 мянга орчим болов уу. Цөс, элэг, нойр булчирхай тайрах мэс заслуудаас гадна судасны мэс заслыг хөгжүүлж, захын судасны мэс заслыг нэлээд хийсэн дээ.

Таныг бол судасны мэс заслын хөгжлийг Монголд авчирсан хүний нэг гэдэг. Ямар ч эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал эхлээд судасны мэс заслыг хийдэг болохоос л эхэлж таарах байх?

-Надаас өмнө судасны мэс заслыг Улсын Гуравдугаар төв эмнэлэг дээр ихэнхдээ хийдэг байсан. Би 1993 онд анх Алберт Холли Рашер багштайгаа танилцаж байлаа. Тэгээд 1996 онд багш маань намайг АНУ-д урьж аваачсан юм. Тэнд жил орчим болохдоо англи хэл сурахаас гадна захын судасны мэс заслаар дагнан суралцсан. Судасны мэс засал хийж чаддаг хүн ямар ч мэс заслаас айдаггүй юм гэж багш маань хэлдэг байж билээ. Судасгүй нэг ч эрхтэн, эд гэж байхгүй. Судсаа мэдчихсэн эмчид ямар ч мэс засал асуудалгүй, хамаагүй дөхөмтэй байдаг юм гэж сургадаг байсан. Судсанд хэрхэн мэс засал хийх арга барил, нарийн техникийг харамгүй зааж өгсөн дөө.

О.Сэргэлэн эмч та хоёрын эх орондоо эрхтэн шилжүүлэн суулгах салбарыг хөгжүүлье гээд тангараг тавьж байсан тухай ярилцлагаас нь уншаад огшмоор, өрөвдмөөр санагдаад байсан. Тэр омголон залуу үеэ та жаахан дурсаач?

-Монгол Улсад бөөр шилжүүлэн суулгах багийг үүсгэн байгуулсан Английн эрдэмтэн Моррис Слапак намайг АНУ-д судасны мэс заслаар мэргэшээд ирснийг мэдсэн. Тэгээд надад “Би бас Элэг Шилжүүлэн суулгах багийг бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа юм. Элэг шилжүүлэн суулгах багийн гишүүнээр чамайг авъя. Бас нэг хүнтэй хамт бэлтгэнэ” гэсэн. Тэгээд нэгдүгээр төв эмнэлгээс О.Сэргэлэн профессор бид хоёр анх элэг шилжүүлэн суулгах мэс заслыг сурахаар Финланд руу явж байлаа. Очоод үнэндээ элэг шилжүүлэн суулгах мэс засал яаж хийгдэж байгааг хараад их сүрдсэн. Маш олон хүний бүрэлдэхүүнтэй тийм том мэс заслыг өмнө бид хоёр харж байгаагүй. Гараад “Маш том баг хэрэг болох юм байна. Энэ том үйл хэргийг хоёулаа эхлүүлье!!! Хоёулаа л хамтдаа зүтгэхээс өөр аргагүй” гэдгээ ярилцсан. Тэгээд цугтаа энэ үйл хэргийнхээ төлөө үнэнч байж, Монголын эрүүл мэндийн салбарт элэг шилжүүлэн суулгах ажлыг хөрсөнд нь суун суутал нэгнээ мөрлөн түшиж, үнэнч шударга, эв эетэй байя гэж тангараг өргөж байлаа. Удалгүй Финландын элэг шилжүүлэх багийн ахлагч Крис Хүкерстэйтийн урилгаар Д.Даваадорж маань ирж, багийн гурав дахь гишүүн маань болж байсан тэр цагаас хойш бид 60 гаруй хүнтэй олуулаа болжээ.

Бүх зүйл хоосноос эхэлж байгаа шүү дээ. Дүрэм журам цаасан дээр боловсруулахаас эхлээд. Бас хоорондоо үл ойлголцох авалцах зүйл байна биз?

-Зөрөх юм гаралгүй л яахав. Гэхдээ хоёулаа байх үедээ тэрийгээ ярина. Бас ч тийм олон зөрөөгүй ээ. Багтаа хэнийг авах вэ гэдгээс л эхэлнэ ш дээ. Яг багийнхаа хуралд орох үедээ бид хоёр саналаа нэгтгээд ордог байсан. Гэрт аав, ээж хоёр хүүхдүүдийнхээ өмнө зөрөлдөөд өөр, өөр юм яриад байж болохгүй биз дээ. Яг тэднийхээ өмнө асуудлаа жигдлээд орно, тэд маань ч энэ хоёрын маань санал ийм байгаа юм байна гээд үгийг маань сонсдог байсан даа. Энэ ажлыг эхлүүлж байх үед эхэндээ бид хоёрыг шүүмжилж байсан улс зөндөө байсан. Бөөр шилжүүлэн суулгахаа сайн болгоогүй байж юун элэг шилжүүлэх гэж л байлаа. Элэг шилжүүлэн суулгах нь арга барилын хувьд бусдаас нэлээд амаргүй. Гэхдээ бид хоёр ярьж байснаараа ард нь гарсан. Бид хоёр тэгж л нэгнээ дэмжиж явж энэ хүрлээ. Дараа нь эрүүл мэндийн шалтгаанаас би багийнхаа үйл хэргээс холдсон ч гэсэн шаардлагатай асуудал дээр зөвлөлддөг, тэд маань ч үгийг маань сонсдог. О.Сэргэлэн маань багаа ахлаад, би нөгөө талд Эс эд эрхтэн шилжүүлэх албыг удирдаад явж байсан. Саяны хэрэг явдлаар шүүхийн гадна О.Сэргэлэн маань хар өглөө ирээд л зогссон байна лээ. Тэднийгээ их ажлынх нь хажуугаар ийм байдалд оруулах ч гэж дээ гээд харамссан ч, хамтдаа босгоно доо гэж тангарагласан амлалтаа бид хаа хаанаа биелүүлсээр ирлээ дээ гэж бодсон.

Таныг хоригдож байхад хүмүүс өршөөх ёстой гэж их бичиж байсан. Нөгөө талд хүмүүс өршөөл хүснэ гэдэг гэм буруутайгаа хүлээж байгаа. Харин таныг өөрийгөө бодох биш, ардаа байгаа олон арван залуусынхаа итгэл үнэмшлийн төлөө хатуу зогсож байгаа гэж байсан?

-Өршөөлийн тухай яриа гарч байсан ч би тэр талаар бодож байгаагүй. Би буруу зүйл хийгээгүй учраас өршөөл эрэх учиргүй. Өөртөө итгэлтэй байсан учраас би зоригтой байсан. Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж байгаа залуус маань юунд итгэж, юуны төлөө зүтгэх юм бэ. Тиймээс өршөөлийн тухай ярих, бодох ч шаардлагагүй байсан. Би шударга үнэн ялна гэдэгт итгэж байсан, шүүгчид шударгаар шийднэ гэж найдаж байсан. Яахав, миний эрүүл мэндийн байдал асуудал дагуулж байсан. Найм дахь стентээ хоригдож байхдаа тавиулсан. Тэгтэл зүрх, бөөрний хавсарсан дутагдалд орж, хоёр гарандаа дуслын тариатай сар орчим хэвтсэн. Нэрмээд уушгинд асуудал үүсээд. Явбал явчихаар л байсан. Үнэндээ ч явах нь дээ л гэж бодож байлаа. Эмч нарынхаа буянаар л үлдсэн дээ. Бүр одоо ярилцлага өгөөд сууж байна гэхээр. Хань, үр хүүхдүүд, тэнгэрт байгаа аав, ээж, ханийн маань аав, ээж гээд тэд маань харсан байх аа.

Явах нь гээд бодохоор эвгүй байгаагүй юу. Өршөөл гуйхгүй гэж хатуу байсан гэхээр?

-Би үнэндээ өмнө нь хоёр удаа үхээд боссон хүн байхгүй юу. Хүүхэд байхдаа тархины гэмтлээс ухаангүй гурав хонохдоо энэ ертөнцөөс явчихаад эргээд ирсэн хүн. 2011 онд зүрх зогсоод сэрэхгүй дээ гэж байхад буцаад зүрхний цохилт орж ирсэн. Тийм болохоор гурав дахиа ингээд явбал явна биз гэж бодогдож байсан хэрэг л дээ.

Та гэрийнхэндээ хэрэгт шалгагдаж байгаа гэж хэлэлгүй, гэрчийн мэдүүлэг өгч байгаа гээд яваад байсан юм биш үү?

-Цагдаа дээр надад Эрүүгийн хэрэг үүсгээгүй байсан. Нэг өдөр л дуудаад Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татлаа гэсэн. Тэгэхэд нь гайхсан, гэхдээ л үнэн мөн нь гараад ирнэ дээ гэж итгэсээр л байсан.

Таныг шалгах үедээ донороос эрхтэн шилжүүлэх үйл явцад ашиг сонирхолд хөтлөгдсөн зүйл алга гэж тогтоосон гэж тухайн үед бичигдэж байсан, бас таны эгчийн ярилцлагаас эгч тань бөөрний диализийн аппаратад ордог хүн байна гэдгийг хүмүүс мэдэж авсан?

-Миний ээж, төрсөн хоёр эгч маань бөөрний дутагдалтай. Ээж, нэг эгч маань бөөрний дутагдлаар бурхан болсон. Тэднийгээ өвчтэй байхад би энэ ажлаа хийж байсан. Арын хаалгаар бөөр шилжүүлэн суулгах талаар би ярьж яваагүй, одоо ч нэг эгч маань аппаратад ороод л явж байгаа.

Эрхтэн шилжүүлэх нь хүний амь насыг аварч байгаа ч нөгөө талд эрхтний наймаа, хүний наймаа гэсэн болгоомжлол байдаг. Бид үүн дээр хэрхэн анхаарч ирсэн, цаашид анхаарах ёстой вэ?

-2000-аад оны эхэн үед дэлхий даяар хүний болоод эрхтний наймааны асуудал дэлгэрсэн юм билээ. Манайд дөнгөж эхэлж байх тэр үед. Дэлхийн 150-иад орны ЭМ- ийн сайд нар, ДЭМБ, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэг нийлээд 2008 онд Стамбулын тунхаглалыг Туркт цуглаж гаргасан. Харин бид 2018 онд энэ тунхаглалд нэгдэж орсон байдаг. Би үүний араас явж, тэр хуралд нь оролцож байсан хүн. Одоо зөвхөн нэгдүгээр эмнэлэг, Хавдрын эмнэлэг гэхгүй хоёр, гуравдугаар эмнэлэг, цэргийн эмнэлэг, ЭХЭМҮТ гээд гуравдугаар шатлалын зургаан том эмнэлэг дээр Эрхтэн, эд, эс шилжүүлээн суулгах эмчилгээ үйлчилгээг хийдэг болохоор багуудаа бүрдүүлээд эрчимтэй ажиллаад явж байгаа. Маш олон хүн хүлээх жагсаалтад хүлээгдэж, амь насны асуудал хэцүү байгаа учраас илүү өргөн хүрээнд ажиллахаар бодлогоо тодорхойлоод явж байгаа. Сайд маань ч өөрөө ийм мэс засал хийдэг, зовлон жаргалыг нь мэдэх хүн учраас анхаарал тавиад ажиллаж байгаа. Гэхдээ багууд олон болохын хэрээр хяналт маш чухал. Ёс зүйн журмын дагуу, эрхтэн шилжүүлэх үйл ажиллагааг ямар нэг байдлаар мөнгө ашиг олох нөхцөлд хүргэхгүйн тулд бид хичээж ирсэн, цаашид ч илүүтэй анхаарах хэрэгцээ байгаа. Үр дүнг нь сайтар дүгнэдэг байх ёстой! Энэ бүх үнэн зөв мэдээллийг ҮАБЗ, ЭМЯ, ДЭМБ, Дэлхийн Эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгт жил бүр тогтмол мэдээлдэг үүрэгтэй. Өнөөдөр дэлхийн 93 улсад Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээг тогтвортой хөгжүүлж байна. Манай улсын эмчилгээний тоо, чанар, үр дүнгээрээ эдгээр орны эхний хагаст явж байгаа. Гүйцэтгэгдэж байгаа эмчилгээний тоо нь багавтар боловч үр дүн нь маш сайн яваа. Улс гүрэн бүрд төрөөс нь хянаж, үр дүнг нь тооцож, ирээдүйг нь тодорхойлж, боловсон хүчнээ бэлддэг байх ёстой. Үүнийг ДЭМБ, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгээс бидэнд байнга зөвлөдөг юм.

Та өөрөө Стамбулын тунхаглалд нэгдэх ёстой гээд явж байсан хүн эргээд өөрөө эрхтний наймаачин нэр зүүх үед танд ямар санагдаж байв. Хувь заяаны даажигнал ч юм шиг?

-Хүний амьдрал таашгүй ш дээ. Би өөрөө үүний эсрэг, тийм эрсдэл гарахаас урьдчилан сэргийлж явж ирсэн. Тэр л итгэл үнэмшлээрээ байсан учраас түүнд тэгтэл эмзэглээгүй л дээ. Нэг хүний амь нас, эрүүл мэнд амьдралын чанарыг л дээшлүүлэх боломжийн тухай бодож явахаас тэндээс ашиг олох тухай бодол хаанаас байхав. Тийм ч боломж манайд байхгүй.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг нүүр номдоо танаас уучлалт хүсч байна, мэддэг хүмүүс нь дамжуулаад өгөөрэй гэсэн байсныг та харсан уу, хүмүүс танд хэлсэн байх?

-Би сошиалаас их хол хүн. Өөрөө хараагүй. Хүмүүс тэр талаар хэлсэн. Буруу ч бай, зөв ч бай болдог юм болдгоороо болсон. Би олон юм ярихгүй.

Эрхтэн шилжүүлэх салбарын хөгжил медиа салбар буруу ойлголт өгснөөс болж хэдэн арван жилээр зогссон жишээ түүх дэлхийн улс орнуудад байдаг л даа. Хэдийгээр манай салбарын зөрүүтэй ойлголт танд асуудал удсан ч бас ойлголт багатай байсан энэ салбарын тухай олон хүмүүс зөвөөр ойлгоход хүрсэн болов уу гэж бодож байна. Эрхтнээ хандивлах хүсэлтээ олон хүн Е-Mongolia дээр илэрхийлэх болсон?

-Бүх зүйл хоёр талтай л даа. Хэдийгээр миний эрүүл мэнд, амь нас эрсдэлтэй байдалд орсон ч нөгөө талдаа олон түмэн бидний үйл хэрэг, ажлын талаар зөв ойлголттой болж таниулсан нь сайн юм даа. Одоо гудмаар явахад олон хүн “Эмч ээ, бие нь сайн байгаа юу” гэж надад их анхаарч байна. Олон хүн таньдаг болж. Тэр хэрээр манай салбарын асуудлыг мэддэг болсон байх аа гэж найдаж байгаа. Дэлхийн бусад улс орнуудад ч энэ салбарын хөгжилд ийм асуудлууд олон гарч байсан, гэхдээ бодит учрыг нь мэдэж цаашаа хөгжөөд явсан байдаг. Бид ч бас хөгжлийн нэг шатыг туулаад явж байна. Монголчуудын хувьд нэгэндээ өгөх сэтгэл, туслах сэтгэл ихтэй хүмүүс. Тархины үхэлтэй донорын тухай ойлголт ч сая нэлээд өөрчлөгдсөн байх, бусдадаа туслах сэтгэлээр хандлага ч өөр болох байх гэж бодож байна. Тархины үхэлтэй донор бол маш олон хүний амийг аварч, амьдралыг нь өөрчилж байдаг буянтан. Хайртай хүнийхээ үхлийг хүлээн зөвшөөрч, бусдад туслахаар шийдвэр гаргаж байгаа ар гэрийнхэн бол баатрууд гэж хүмүүс ойлгосон байх аа. Дэлхий нийтэд амьд донороос эрхтэн шилжүүлэх гэхээсээ аль болох кадавр донороос эрхтэн шилжүүлэн суулгах ёстой гэдэг.

Өөр нэг эрүүл байгаа хүний эрүүл мэндийг эрсдэлд оруулалгүй, тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлж суулгах нь зөв гэж үзэж байгаа хэрэг үү?

-Тийм. Харин монголчууд аав, ээж хайртай хүнийхээ төлөө өөрт байгаагаа харамгүй зориулдаг хүмүүс. Манай амьд донороос эрхтэн шилжүүлсэн үзүүлэлт олон улсдаа өндөр. Гэхдээ энэ үзүүлэлт эсрэгээрээ байвал зохистой талаар зөвлөдөг юм.

Гэхдээ таныг баригдах үеэр цөөнгүй хүн эрхтний наймаа манайд байж болзошгүй талаар харддаг гэдэг нь харагдсан. Танаас үүн дээр баттай хариу авчихмаар байна?

-Найдвартай хариу хэлэхэд, Монгол Улсад Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд хүний болон хүний эрхтний наймаа байхгүй. Харин цаашдаа энэ бүх эрсдэлээс сэргийлж, хяналтын тогтолцоог нарийн бий болгож, хууль тогтоомж, бүхий л зүйлдээ анхаарч ажиллах ёстой.

Таныг ял аваад явахад залуу эмч нар урам зориг, итгэлгүй болж байна гэж ярьж байгаа нь харагдаж байсан. Та тэдэнд хандаж юу гэж хэлэх вэ?

-Битгий ай залуус аа. Хийх ёстой юмаа хий. Тангараг өргөсөн бол ажлаа хийгээд, ур чадвараа улам сайжруулаад, хуулийн эрх зүйн хүрээнд, ёс зүйгээ бариад ажиллаарай. Та нар энэ салбарын ирээдүй шүү гэж хэлье.

 

Э.ЭНЭРЭЛ