Д.Ухаанзаяа: Одоо үед урласан торгон зээгт наамлын үзэсгэлэн гэдгээрээ Монголдоо анхных нь
4 цагийн өмнө
энэ удаагийн ярилцлагын зочноор Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухаанзаяаг урьж ярилцлаа. Тэрээр энэ сарын 15-нд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Шүтээн торгон зураг” хоёр дахь бие даасан үзэсгэлэнгийн нээлтээ хийж, шинэ бүтээл, лекцээрээ түмэн олонтойгоо учран золгох гэж байна.
-“Шүтээн торгон зураг” гээд нэрээсээ эхлээд сонирхол татаж байна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн тань онцлог юу вэ?
-Монголынхоо ард түмэнд номын лекцүүд хүргэдэг байлаа. Мөн өмнө нь Богд хааны ордон музейд бүтээлийн бэсрэг үзэсгэлэнгээ гаргаж байв. Харин энэ удаагийн үзэсгэлэнгийн “Шүтээн торгон зураг” нэрээс нь торгоор урласан бурхан шүтээнүүд байхыг хүмүүс ойлгож байгаа болов уу. Ингэхдээ Монголдоо анх удаа юм. Учир нь музей, сүм хийдэд хадгалагдаж байсан хуучны зээгт наамал бүтээлүүдээр өмнө нь үзэсгэлэн гарж байсан. Харин энэ нь одоо үед шинэчлэн найруулсан зээгт наамлын урлагийг хөгжлийн өөр өнцгөөс харуулж, өөрийн тигээр бүтээсэн бүтээлүүдийн үзэсгэлэн гэдгээрээ онцлог юм.
-Торгон зээгт наамлын урлаг манай улсад хэзээнээс хөгжих болов. Мөн хэрхэн урладаг талаар хуваалцвал?
-Зээгт наамлыг торгоор зурах урлаг гэж болно. Тодруулбал, өнгө өнгийн торго нь дэвсгэр будаг юм. Ингэхдээ өнгийн эрчилсэн утсаа зээглэж зураас контор хийж урладаг. Энэ урлаг нь Энэтхэг, Төвөд, Монгол гээд Их хөлөгний уламжлалтай олон оронд дэлгэрсэн. Тэр дундаа Монгол оронд оргилдоо тултал хөгжсөн гэж би ойлгодог.
Хэдийгээр Монголд Бурханы шашин дэлгэрсэн үеэс урлахуйн ухаан хөгжиж байсан ч XIX зууны сүүл, XX зууны эхэн үеэр VIII Богдын зарлигаар зээгт наамал, танка зургийн хөгжил оргилдоо хүрч, том бүтээлүүд нь энэ үед бүтсэн байдаг.
Тухайлбал, 12-оос 15 метр хүртэл өндөртэй бүтээлүүдийг хүрээнд туурвиж байсан түүх бий. Бурхан зураг хүйтэнд хөлдөх, халуунд гандах, нугалбал хугарах гээд асуудал байдаг. Харин торгон зээгт наамал нь нүүдэлчин ахуй соёлд тохирсон буюу хуйлаад эвхэх боломжтой зэрэг олон давуу талтай. Манай хуучны урлаачид зээгт наамлыг Япон, Солонгос, Хятадын ховор нандин торгоор урлаж байв. Түүнчлэн Тавхай Боорч, Шардорж гэхчлэн хүрээний бурхан урлалын томоохон төлөөлөгчид уран үйлт эмэгтэйчүүдийг нэгтгэж, эх загвар тигийг нь гаргаад шавь нараа удирдан зохион байгуулж бүтээл туурвидаг байв. Миний хувьд мөн энэ уламжлалын дагуу уран үйлт эмэгтэй шавь нараа үнэ төлбөргүй сургасан. Тэд маань багшийнхаа номын үйлд даган баясаж, гар бие оролцдог. Ийнхүү 16 том бурхны дүрийг үзэсгэлэн дээрээ зална.
-Үзэсгэлэнгээ Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг сонгож гаргаж байгаа нь бас учиртай болов уу?
-Манай улсад олон галерей, музей бий. Гэхдээ Занабазарын музей нь хуучны үнэхээр их авшигтай, одоо цагт хадгалагдаад ирсэн Өндөр гэгээн Занабазарын цутгуур бурхад бүрэн эхээрээ заларч байна. Мөн хүрээний алдартай бурхан урлаачийн бүтээлүүд хадгалагдсан сүншиг энергитэй газар учир тус музейг сонгож энэ лхагва гаргийн 12:00 цагт нээлтээ хийхээр болсон.
Энэ үзэсгэлэнд зээгт наамлын бүтээлүүд зонхилж байгаа ч үүний сацуу бурхан зургийн арга техникээр бүтээсэн миний чөлөөт сэтгэмжит зургууд бий. Мөн сав ертөнцийн юм үзэгдлийг бурхан зургийн аргаар донжид оруулж, мөн чанарыг нь гаргаж урласан бүтээлүүд бас бий.
Жишээлбэл, салхины хоосон, галын халуун, үүлний хөнгөн чанарыг дүрс, донжид оруулж зурдаг. Түүнчлэн бурхан зургийн аргаар үлгэр домгийн рид хувилгаан амьтдыг өөрийн бодол оюун, сэтгэмжээр бүтээсэн. Тухайлбал, Сүлд хийморь, Оргилын эзэд, Газар эх, Тэнгэр эцэг гэхчлэн олон бүтээлээс бурхан зургийн арга техникийг урлагийн ямар ч төрөлд хөрвүүлэх боломжтойг ойлгож болно.
-Та шинэхэн бүтээлүүдээрээ олны мэлмийг баясгахаас гадна лекц тавина гэсэн. Тэр тухайд?
-Би лекц гэх үгнээс татгалзаад байгаа юм. Хүрэлцэн ирсэн хүмүүстэйгээ үнэ төлбөргүй харилцан яриа өрнүүлэх маягаар 18-нд “Лусын ээл ба хорлол”-ын тухай, 19-нд “Ад донгийн хорлолыг буцаахуй” тухай, 20-нд “Үхэл зуурдаас гэтэлж, сайн заяанд төрөхүй” тухай ярина. Энэ замбуулинд төрсөн бүх бодгаль мөнх бус. Ийм барьцгүй ертөнцөд амьдарч байгаа учраас үхэл, дараа төрлийн тухай ойлголттой байх хэрэгтэй. Энэ талаар Монголд бичсэн хамгийн гайхалтай бүтээл нь “Бард тойдол” буюу “Үхлийн номын хаан хэмээн сонсоход толь” гэх ном билээ. Үүнийг номын олон садантайгаа хамтран бүрэн эхээр нь шинэчлэн гаргасан бөгөөд үзэсгэлэнгийн үеэр борлуулагдана. Ийнхүү дурдсан номын арга хэмжээнүүд маань долоо хоногийн турш үргэлжилнэ.
П.ЛХАГВАЖАРГАЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2 цагийн өмнө
BOOBN SXN YDAANR XXN DOLOOMR80955877
Зочин · 3 цагийн өмнө
ANUSDI80955877