Монгол-Япон хоёр улс Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгууллаа
2014/07/22
Токио хотноо болж буй Монгол-Японы эдийн засгийн форумд Монголын талаас 130 гаруй, Японы талаас 180 гаруй төлөөлөл оролцож байгаа юм. Энэхүү формын үеэр Монгол-Япон хоёр улс Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар эцэслэн тохирсон гэдгээ мэдэгдэв. Энэ шийдвэрийг баталгаажуулсан хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.
Манай улс гадаадын хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах алхамуудыг хийж байгаа гэж УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг онцлон хэлсэн юм. Тэрбээр "Өнгөрсөн онд Хөрөнгө оруулалтын хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Үнэт цаасны тухай хууль, энэ 2014 онд Ашигт малтмалын тухай хууль мөн Газрын тосны тухай хуулиудыг УИХ-аас баталсан нь Монголд хөрөнгө оруулалтын орчинг тогтвортой байлгахад чиглэсэн цогц арга хэмжээ байсан" гэлээ.
Мөн эдгээр арга хэмжээг Монголын төрөөс хөрөнгө оруулагчдад хайнга хандаж, хууль эрх зүйн орчныг дордуулсан хэд хэдэн шийдвэр гаргаж, улмаар сүүлийн хоёр жилд эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд доройтсоны дараа авч хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн Монголын эдийн засгийн өсөлт хурдацтай байсан он жилүүдэд монголчууд өөрсдөө хөгжөөд явчих юм шиг санагдаж байсан үе бий. Энэ бол алдаа байсан. Гэхдээ хамгийн гол нь алдаагаа засах чадвартай байх нь хамгийн чухал хэмээн хэлсэн юм.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал: "Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагаа банк санхүүгийн салбарт өргөжин тэлж байгаагийн нэг илрэл нь өнгөрсөн жил Японы хоёр банк Монголд төлөөлөгчийн газраа нээсэн бол энэ жил Монголын мөн хоёр банк Токио хотноо төлөөлөгчийн газар нээж байгаа явдал" гэв.
Монголын Худалдаа хөгжлийн банк болон Үндэсний хөрөнгө оруулалтын банк Монгол Улсын Ерөнхийлөгчийн Японд хийж байгаа айлчлалын үеэр төлөөлөгчийн газраа нээж байгаа юм.
Түүнээс Монгол улсын эдийн засгийн үзүүлэлт муудаж, нэн ялангуяа валютын нөөц буурч байгаа гэсэн таагүй мэдээллийн талаар Японы хөрөнгө оруулагчийн зүгээс асуухад, тэрбээр "хэдийгээр валютын нөөц тодорхой хэмжээгээр буурсан ч ноцтой аюул дагуулахгүй" гэж хариулав.
Одоогийн байдлаар Монгол Улсын валютын нөөц 1.6 тэрбум ам.доллар байгаа аж. Монгол улсын Төв банк БНХАУ-ын Төв банктай Үндэсний валют солилцох гэрээтэйг дурдаад энэ гэрээний дагуу Монгол улс 1.7 тэрбум юанийн своп гэрээтэй байгаа бөгөөд энэ хүчин чадлыг бүрэн ашиглаагүй байгаа юм байна. “Энэ гэрээ ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дахин гурван жилээр сунгагдана. Монгол улсын гадаад худалдааны 80 хувь нь юаниар хийгдэж байгаа нөхцөлд валютын нөөцийн асуудал аюул болох болоогүй гэж онцоллоо.
Зочин · 2014/07/23
баярлалаа
Зочин · 2014/07/23
Зочин · 2014/07/23