Монгол Улс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ашигт малтмалын 106 тусгай зөвшөөрлийг цуцалсан билээ. Хөрөнгө оруулагчдыг татахын тулд дээрх лицензүүдийг сэргээж магадгүй тухай “Bloomberg” мэдээлж байсан билээ. Тэгвэл энэхүү зөвшөөрлийг сэргээн олгохоор болжээ.

УИХ-аас "Ашигт малтмалын тухай" хуулийг баталсантай холбоотойгоор Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган сайдын зөвлөх Ч.Түмэнбаяр, тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Д.Жавхланболд, Түлшний бодлогын хэлтсийн дарга Л.Раднаасүрэн, АМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа, Геологийн албаны дарга Д.Болд, Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсийн дарга С.Цогзолмаа нар оролцон сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Уг хууль батлагдсанаар хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгох талбайн жагсаалтыг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар батлах аж. Энэхүү зөвшөөрлийг олгож эхэлсэнээр улсын төсөвт 1.-1.5 тэрбум ам долларын орлого төвлөрүүлэх боломжтой юм байна. Тусгай зөвшөөрлийг авахыг хүссэн өргөдлийг цахимаар хүлээн авах, тусгай зөвшөөрлийг дугаараар олгох ажлын бэлтгэл хангагдаж эхэлжээ.

Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган: "Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг бид хүнд сурталгүй, ил тод, нээлттэй хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар хайгуулын тусгай зөвшөөрлийг хийх газрыг Засгийн газрыг тогтоож өгнө. Энэ солбилцолыг тогтоох талбайг бидний зүгээс бэлтгэнэ. Ойрын хугацаанд хайгуул хийх нутаг дэвсгэрийг бэлэн болгох байх гэж бодож байна.

Энэ долдугаар сард гарсан чухал асуудал бол шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон 106 тусгай зөвшөөрлийг цэгцлэх төлөвтэй байгаа. Засгийн газрын зүгээс 106 лицензийн талбай дээр сонгон шалгаруулалт зарлах шийдвэр гарсан. Үүнийг ойрын хугацаанд хийхээр сонгох ажил явж байна. Юутай ч энэ салбарт гарч байгаа асуудлыг шийдвэрлэхээр ажиллана. Мөн энэ талбай дээр геологийн ажил хийж байсан аж ахуй нэгжүүдэд ямар нэг хохирол хүндрэл учрахгүй, санхүүгийн эрсдэл үүсэхгүй" гэлээ.

-Уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой байна-

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт тусгагдсан геологи, уул уурхайн салбарын зорилтууд хэрэгжих эрх зүйн үндэс бүрдэж улмаар улс орны нийгэм эдийн засагт доорх эерэг үр дүн гарна гэж үзэж байна гэв. Үүнд:

- Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг төрөөс зөвшөөрөгдсөн газар нутагт олгож эхэлснээр хөрөнгө оруулалт нэмэгдэж ашигт малтмалын нөөц аррвижиж эдийн засгийн чадавхи, дархлаа сайжрах нөхцөл бүрдэнэ;

- Төрөөс геологийн салбарт баримтлах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд геологийн судалгаа, шинжилгээ, мэдээллийн нэгдсэн сантай болно;

- Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уурхайн хаалттай холбоотой үйл ажиллагаа нь хариуцлагатай уул уурхайн зарчимтай нийцэх боломжтой болно;

- Салбарт орох хөрөнгө оруулалт болон баялгийн сан арвижих, экспортолж байгаа ашигт малтмалын боловсруулалтын түвшин дээшилснээр нэмүү өртөг эх орондоо үлдэх, экспортын орлого нэмэгдэх, боловсруулах үйлдвэрт тэргүүний техник технологи нэвтрэх, хөдөлмөр эрхлэлт эрс нэмэгдэх зэрэг эерэг үр дүн гарна.

- Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа, ажил, үйлчилгээ авах, туслан гүйцэтгэгч сонгоход тэргүүн ээлжинд Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид давуу эрх олгодог болсноор дотоодын аж ахуйн нэгжүүдийн орлого, ашиг нэмэгдэнэ;

- Мэргэшсэн мэргэжилтэн, шинжээч болох эрхийг үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, геологи, уул уурхайн салбарын төрийн бус байгууллагаар олгодог болно. Ингэснээр ашигт малтмалын нөөц, ордын нөөцийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар гүйцэтгэнэ.

- Эрдэс баялгийн салбарын бодлого, хууль эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хууль санаачлагчид судалгаанд үндэслэн зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Бодлогын зөвлөлтэй болно. Ингэснээр хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг, үнийн хэлбэлзэл ихтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олборлох үйлдвэрлэлийн салбарын эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой байх нөхцөл бүрдэнэ.

Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах дугаарыг цахим хэлбэрээр тараах бөгөөд улмаар энэ ондоо багтаан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах ажиллагааг цахимжуулах зорилт тавин ажиллах юм.

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 156.6 сая га. Үүнээс:

- Ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэх боломжтой талбай 35.4%

- Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон болон хориглох гэж байгаа талбай 63.5%

Хууль, тогтоомжоор хязгаарласан болон БОНХЯ-аас хориглох гэж буй талбайнууд өөр хоорондоо давхцдаг бөгөөд нутаг дэвсгэрийн 64.6%-ийг эзлэж байна.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болох талбайг дээр дурдсан талбайтай давхцуулалгүйгээр тооцож үзэхэд нутаг дэвсгэрийн 27.7 хувь байна. Үүнд:

· Сонгон шалгаруулалтын талбай - 11.34 сая га буюу 7.2%

· Өргөдлөөр олгох талбай - 32.08 сая га буюу 20.5%

-Газрын тосны салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ-

Газрын тосны тухай хууль нь 1991 онд баталсан БНМАУ-ын хууль байсан. Тус хуулийг өнөөгийн шаардлага, стандартад нийцүүлэн шинэчлэлээ. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар дараах үр дүн гарна гэж үзэж байна.Yүнд:

- Газрын тосны салбарт төрийн байгууллагын эрх үүрэг тодорхой болж, газрын тос ашигласаны төлбөр (роялти)- болон тусгай зөвшөөрлийн төлбөрийн хувь хэмжээ, түүнийг ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх болон тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцаа боловсронгуй болно.

- Газрын тос, уламжлалт бус газрын тос эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрлийн ялгаа тодорхой болж, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тогтолцоо иж бүрэн хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

- Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах үед мөрдөгдөж байсан татварын нөхцлийг хадгалсанаар хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчин бүрдэнэ.

- Монгол Улсад баригдах газрын тосны боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дотоодоос хангах, улмаар газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлаас гарах, экспорт нэмэгдэх, гадаад валютын нөөц өсөх, ажлын байр нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг үр дагаварыг бий болгоно.

- Уламжлалт бус газрын тосны эрх зүйн орчин тодорхой болно.

- Газрын тос болон уламжлалт бус газрын тосны хөрөнгө оруулалт болон бизнесийн орчны өрсөлдөх чадвар нь олон улсын дундаж түвшнээс дээгүүр хэвээр хадгалагдана.

- Гэрээлэгч ашиглалтын үед орон нутагтай байгуулах хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу өөрт ногдох газрын тос, уламжлалт бус газрын тосны орлогоос орон нутаг хөгжүүлэх санд төвлөрүүлж болно.

Өмнө нь манай улс  уламжлал газрын тосноос гадна уламжлал бус газрын тос, тослог элс зэргийг болосруулах нөөц баялагтай. Энэ нь бүрэн бүрэлдэхүүнээрээ хуульд заалт орсноороо хөрөнгө оруулалт нэмэгдэх таатай орчин бүрдүүлсэн сайд хэвлэлийн хурлын үеэрээ онцолсон.

 

Х.Даваа