Зуны халуун өдрүүдийг бид муу, сайн мэдээтэй өнгөрүүлж байна. Мэдээж Монгол уламжлалын дагуу хамгийн түрүүнд сайн мэдээг нь дуулгая.

Манай улс дэлхийд гуравт бичигдэх, 5-6 триллион ам.долларын эдийн засагтай Япон улстай эдийн засгийн түншлэлийн гэрээг амжилттай байгууллаа. Энэ нь дэлхийд 140 дэх эдийн засагтай манай улсын бүхий л салбарыг хамарсан өргөн хэлэлцээр юм. Үнэндээ манай улсын эдийн засаг дэлхий нийтийн анхаарлыг татах хэмжээнд томорсон сонирхолтой “зах” биш. Тийм байтал Япон улс манай оронтой эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулж буй нь ирээдүйг сайхнаар харж буйн илэрхийлэл болж байна. Тус улсын хувьд яг энэ гэрээг одоогоор 14 улстай байгуулсан. Түүнээс гадна манай улсаар дамжин дэлхийн зах зээлээс ашиг олох хувилбарыг тэд тооцсон байх нь ойлгомжтой юм. Ингэснээр маш товчхондоо манай улсыг чиглэн их хэмжээний мөнгө Японоос “урсч” эхэлж байна. Мөн манай улсын компаниуд бүтээгдэхүүнээ Японы зах зээлд импортын татваргүй оруулах болмж бүрдлээ. 120 гаруй сая хүн амтай тус улсын зах зээлд ямар ч татваргүйгээр бүтээгдэхүүнээ гаргана гэдэг том боломж. Энэ байдлаараа тус түншлэлийн гэрээ дэлхийн бүхий л компаниудын сонирхох сэдэв болж байна. Харин муу мэдээ гэвэл манай улсын зах зээл дээр тун таагүй төсөөлөл нэгэнт үүсчихээд байна. Учир нь иргэд ам.долларын ханшийг 2000 төгрөгт хүрнэ гэсэн хүлээлт үүсгэж эхэлжээ. Ийнхүү ам.долларын ханш хойшид нэмэх тэмдэг рүү тэмүүлнэ хэмээн итгэсэн иргэд Хятадын мөнгөн тэмдэгтээс болгоомжлох байдал ойрын өдрүүдэд эрс нэмэгдэж байна. Зарим нь энэ таагүй байдлаас урьтаж, хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийн хичээлийн хэрэгслийг бэлтгэх ажилд орж эхлэв.

Эдийн засагчид ч иргэдийн энэ таамаглалд баримт нэмж, өөрсдийн төсөөллөө харамгүй уралдуулах болоод удлаа. “Хаан” банкны хувьд өчигдрийн байдлаар нэгийн тоотой ногоон мөнгийг 1858 төгрөгөөр авч, 1877 төгрөгөөр борлуулж байв. Өөрөөр хэлбэл, тус банк авах, зарах ханшдаа 19 төгрөгийн зөрүү үүсгэв. Энэ нь валютын ханш хэлбэлзэлтэй үед эрсдэлээ хамгаалах арилжааны банкны гол арга билээ. Хамгийн ойрын жишээг аваад үзэхэд Санхүүгийн зах зээлийн холбооноос иргэдийн олонхи нь инфляц өснө гэсэн хүлээлт байгааг судалгаагаар тогтоожээ. Тус байгууллагын судалгаанд оролцсон нийт иргэдийн 54 хувь нь ирэх жил инфляц өснө гэсэн хүлээлттэй байгаа аж. Өчигдрийн байдлаар Монголбанкны албан ёсны сайтад ам.доллар 1680 төгрөгтэй тэнцэж байв. Энэ байдал нь өөрөө аюулын хэмжээнд хүрсэн дохио юм. Тиймдээ ч МҮХАҮТ-аас эрх баригчдад хандан мэдэгдэл гаргаад байна. Тэд тус мэдэгдлээрээ Төвбанкы барьж буй бодлогыг хүчтэй шүүмжилж, зөвхөн сурах бичигт байдаг нэр томъёогоор бодит байдалд хандах нь сульдсан эдийн засаг, хэзээ сэргэх нь тодорхойгүй байгаа Монгол төгрөгийн хувь заяанд нөлөөлөхгүй гэдгийг тэмдэглэжээ. Тухайлбал “...Ийм байдлаар үргэлжлээд байвал эдийн засгийн хүрээнээс халин гарч, нийгмийн бухимдал ширүүсэх, улс төрийн тогтворгүй байдал үүсэх эрсдэлийг төр, засаг харахгүй байна гэж үү...” хэмээжээ. Үнэндээ Засгийн газар, Монголбанк сүүлийн хэдэн сарын хугацаанд “Ханш уян хатан тогтож өөрийн тохируулга хийгдэж байна, өөр арга байхгүй” гэх мэт утгатай мэдэгдлүүдийг гаргасаар байгаа. Гэвч мөнгөтэй хүмүүс валютын зах дээр ам.долларын ханш дээр “тоглож” ашиг олох байдал нэмэгдэж, Монгол Улсын эрдэнэсийн сан жилийн өмнөхөөс хоёр дахин үгүй болсон өнөө үед валютыг улам бүр хомсдуулсаар байна.

Монголбанкны зүгээс долоо хоногтоо нэг удаа интервенц хийж байгаа бага хэмжээтэй валютын нөөцөө гөвч дуусгах замдаа хэдийнэ шуудрав. Тэгээд ч долоо хоногтоо 1-2 удаа хийдэг интервенц нь валютын ханшид нөлөө үзүүлэх бус зөвхөн арилжааны банкыг дэмих үйл ажиллагаа болон хувираад удаж буйг ч эдийн засагчид өгүүлэх болжээ. Тухайлбал Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг “Монголбанк мөнгөний бодлогоо урьтал болгохгүйгээр төр засгийн өмнөөс очиж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх байдлаар асуудалд хандсан нь өнөөгийн нөхцөл байдлыг бий болгосон. Одоо бодлого дээр илүү анхаарах ёстой. Мөнгөний хатуу бодлого явуулбал бид эдийн засгаа царцаачихна. Одоо Төвбанк мөнгөө хумих гэж оролдож магадгүй. Энэ бол буруу” хэмээсэн. Тэгвэл Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Санхүүгийн удирдлагын тэнхимийн зөвлөх багш Ж.Дэлгэрсайхан “Чанаргүй зээлийн хэмжээ цаашдаа ч нэмэгдэх хандлагатай гэсэн дүгнэлтийг зарим банкны шинжээч гаргасан байна лээ. Үүнд валютын ханш нөлөөлж байгаа юм. Манай улс хэрэглэгч учраас валютын ханш импортын бараанд нөлөөлж буй хэрэг. Тиймээс тодорхой хэмжээний төсөл хэрэгжүүлж буй компаниудын хувьд түүхий эд нь валютын ханшаар дамжаад нэмэгдсэнээс болоод, мөн гадаад худалдааны хамааралтай аж ахуй нэгжүүд чанаргүй зээлд шилжих байдал ажиглагдаж байна” гэж ярьжээ. Үүнээс гадна иргэд валютын ханшийн өсөлтөөс шалтгаалж, бухимдал өндөртэй байгаа. Харин эрх баригчид энэ бухимдлаас холуур байж, одоог хүртэл үндэсний хувцаснаасаа салалгүйгээр наадамдаж явна. Гэвч тун удахгүй ард түмний бухимдал эсэргүүцлийн хэлбэрт шилжиж, Засгийн газар, УИХ-ыг байлгах эсэх тухай “ял” тулгах хэмжээнд хүрэх магадлал тун өдөр болж ирлээ.

Тэгээд ч ам.долларын ханш ойрын хугацаанд тогтворжих шинж “тэмдэг” дотоодын зах зээл дээр алга. Мөн ноён ногооноос шалтгаалж өссөн хятадын мөнгөн тэмдэгтийн ханш энэ жилдээ буурах төлөвгүй байгаа нь Засгийн газраас ам асууж, “Эзэн-100”-гийн биелэлтийг шаардах гол үндэслэл болох нь тодорхой.
 

Д.Ганбаатар
Эх сурвалж: Монголын үнэн сонин