Зарим улстөрч мөнгөний сүйрлийг бүтээн ашиг олж, түүгээрээ дамжуулан олон түмнийг хүслээрээ захирч, эрх мэдлийн сац суваргын оргилд мөнхөд залрахыг хүсдэг.

Тухайлбал, В.И.Ленин “Нийгмийг нь устгая гэвэл мөнгийг нь устга” гэсэн философийг боловсруулжээ. Тэгээд Октябрийн хувьсгал хийхдээ ч, хожим олон орныг эрхшээлдээ оруулах ёстой гэж зүтгэж байхдаа ч ийм л бодлого баримталсан. Учир нь “Аливаа улс орныг эрхшээлдээ оруулъя гэвэл мөнгийг нь мөнгө биш болгоход л хангалттай. Мөнгө нь сүйрсэн нийгмийг эрхшээлдээ байлгах амар” гэж коммунизмын онолч үзэж байжээ. Харин А.Гитлер мөнгөний ханшийг унагах бодлогыг холбоотнуудынхаа тусламжтайгаар амжилттай явуулж байсан байна. Германд мөнгөний ханш унаж, нийгмийн дундаж давхаргынхныг ядуучуудын эгнээнд оруулав. Далимаар нь А.Гитлер хүслээ биелүүлж, нийгмээ сүйрүүлэн бүтээх гэж оролдсон юм. Хүний нийгэмд дуулиан тарь­сан хоёр эрхэм ийнхүү мөнгөний ханшаар дамжуулж нийгмийг эрхшээлдээ байлгах гэж хичээжээ. Харин ардчилал, эрх чөлөөний онолч, Нобелийн энхтайвны шаг­налт М.Фридман “Мөнгийг хянах нь эдийн засгийг хянаж, өөрчлөх чухал багаж” хэмээн даян дэлхийн эдийн засагчдад сануулсаар ирэв. Ардчиллын онолчийн үзэл ба­римт­лалаар бол мөнгийг хянах нь эдийн засгаа хянаж байгаа арга аж. Өөрөөр хэлбэл, мөнгөө хянаж чадахгүй бол эдийн засгаа хяналтаас алдлаа гэсэн үг. Манай улс эдийн засгаа хяналтаасаа алдаж байгаа бололтой. 

Эрх мэдлээ сайхан зүйл хийхэд биш эдийн засгаа унагахад ашиглав Мөнгөний зохицуулалт, төрийн оролцоо зайлшгүй чухал болохыг 1930 оны үеийн АНУ-ын эдийн засгийн хямрал харуулсан юм. Учир нь АНУ-ын банк, санхүүгийн салбарын дараалсан дампуурал, өрийн сүлжээ, мөнгөний ханшийн уналт нь хямралаас болоогүй. Харин мөнгөний системийг маш их нөлөөтэй, хувийн ашиг сонирхол ихтэй, туршлагагүй цөөн хэдэн хүнд хариуцуулснаас үүдэлтэй. Тэдний зохион байгуулалттай бодлогын үр дүн гэж дүгнэсэн юм. Тэгвэл монгол төгрөгийн сулрал 1930 оны АНУ-ын эдийн засгийн хямралын зохион байгуулалтыг санагдуулах боллоо. Валютын өсөлт, төгрөгийн сулрал нь эдийн засгийн хямралаас болоогүй. Ингэж нөлөөлөх хямрал ч болоогүй. Эрх мэдэлтнүүдийн туршлага, алдаатай бодлогоос ч болоогүй. Харин тэдний маш сайн тооцож хийсэн зохион байгуулалттай бодлогын тусгал гэж ойлгогдохоор байна. Манай улсын банк, санхүүгийн салбарын хүндрэл “ардчилагч” гэж цээжээ дэлддэг цөөн хэдэн хүмүүсийн ааш араншин, ашиг со­нирхлоос хоёр дахь удаагаа хамаарч хямарлаа. Тухайлбал, ардчилсан хүчин дангаараа эрх барьж байсан 1996-2000 оны хоо­ронд долоон банк дампуурч, валютын ханшийн өсөлт 70 хувьд хүрсэн гэж албан ёсны мэдээнд дурдсан байна. АН эрх барьж байгаа өнөө үед ч түүх давтагдлаа. Хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ замаа алдлаа. Түүнийг дагаад банк санхүүгийн салбар хүндэрч эхэллээ. Олон банк зээлээ хумьж эхлэв. Энэ далимаар нь БНХАУ-ын төрийн өмчит банк салбараа нээхээр шуурхайлж эхлэв. 2012 оны наймдугаар сард С.Батболдын Засгийн газар ажлаа өгөхөд ам доллар 1338 төгрөг байв. Хоёрхон жилийн дотор ам.доллар 1880 төгрөг болон гэрлийн хурдаар өсч үндэсний мөнгөн тэмдэгтээрээ тахил өргөлөө. МАН-ын Засгийн газар 2012 онд ажлаа хүлээлгэж өгөхөд манай улс 2.8 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байлаа. 

Харин одоо “Валютын нөөц бараг дууссан” гэж ярих болов. “Ардчилсан” гэж ярих дуртай хүмүүс банк, санхүүгийн салбарт ийм өв үлдээж, эрх мэдлээ сайн сайхан зүйл хийхэд биш эдийн засгаа унагахад ашиглав. Тэдний эрх мэдлийн бүтээгдэхүүн валютын өсөлт, мөнгөний сүйрэл болов. Оюутолгойг гацааж, Таван­толгойн гэрээг цуцалж, гадаад худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн эздийг шалгаж цагдах замаар валют орж ирэх бүх нүх сүвийг хаав. Дээр нь валютын гурван янзын ханш тогтоов. Валют Засгийн газрын тогтоосон үнээр үнэлэгддэг эд биш гэдэг нь ч харагдлаа. Мөнгөний сүйрлийг бүтээхэд Шинэчлэлийн Засгийн газар дөрвөн их наяд төгрөгийг хэвлэж цөөн хэдэн аж ахуйн нэгжүүдэд “Үнэ тогтворжуулах” нэрээр тараасан нь нөлөөлөв. “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр нь “Үнэ өсгөх” үүрэг гүйцэтгэв. Орчин үеийн ардчиллын нэрт онолч Ж.Норберг “Засгийн газар бэлэн мөнгө их үйлдвэрлэснээр ядууст байгаа багахан мөнгийг үнэгүйдүүлдэг. Харин газар, үйлдвэр, өмч зэрэг бусад үл хөдлөх хөрөнгөтэй баячуудын хувьд хүндээр тусдаггүй” гэжээ. Үнэхээр бэлэн мөнгө их хэмжээгээр хэвлэсэн нь ард түмний хадгаламж дахь мөнгийг үнэгүйдүүлэв. Мөнгө хэвлэх эрх мэдлээ хэтрүүлж үндэсний мөнгөн дэвсгэртийг сүйрүүлж байгаа нь өөрөө гэмт хэрэг юм. Уг нь санхүүгийн хямралуудаас зайлсхийх олон арга бий гэж эдийн засагчид дүгнэж байна. Эцсийн дүндээ хамгийн найдвартай арга бол эдийн засгийн эрүүл бодлоготой болох явдал юм. 

Мөнгийг бүтээсэн ард түмэн мөнгөндөө дарлуулж байна “Монголын их хаадын гай­хамшигт бүтээлийн нэг бол мөн­гийг бүтээж, хүн төрөлхтний соёлт хэрэглээ болгосон явдал юм” хэмээн дэлхий нийт дүгнэж ир­сэн. Харин бид өвөг дээдсийнхээ бүтээсэн мөнгийг сүйрүүлж, өөр улсын мөнгөнд дарлуулж байна. Ийм байдалд хүргэсэн бодлогын алдааг эрх баригчдын мэдлэг туршлага, дутмаг байснаас эсвэл өмнөхөөс боллоо гэх мэтийн гэнэн дүгнэлтээр хязгаарлаад өнгөрч болохгүй. Тэдний маш сайн зохион байгуулалтын бодлогын ачаар улс орон маань эдийн засгийн гүн гүнзгий хямралд шигдлээ. Валютын өсөлт, төгрөгийн сүй­рэл, эдийн засгийн хямрал нь Монголбанк болон засаг төрийн зарим удирдлагыг солих ёстойг харуулж байна. Одоогийн эрх мэдэлтнүүд хэвээр үлдэж, валютын ханш өсч, ард түмэн хохирсоор байх уу. Эсвэл эрх мэдэлтнүүд хариуцлагаа хүлээн явж, валютын ханш тогтворжиж, ард түмэн хожих уу гэсэн хоёр сонголтын өмнө ирлээ. 
 



Нийтлэлч Г.Өнөрбаяр