Элэг шилжүүлэн суулгах мэс заслаар алдаршсан Энэтхэг улсын “Фортис” нэгдсэн эмнэлгийн эмч Вивек Виж Монголд тав дахь удаагаа манай улсад ирлээ. Тэрбээр энэ сарын 11-15-ны өдрүүдэд элэгний өвчлөлийн үзлэгийг үнэ төлбөргүй хийнэ.

Вивек Виж эмчийн талаар товч танилцуулахад, Энэтхэгийн Пүнэ хотын Анагаах ухааны коллежийг төгссөн бөгөөд АНУ-ын Албамагийн Их Сургуульд суралцаж төгссөн Энэтхэгийн анхны эмч юм байна. Мөн Энэтхэг улсад анх удаа нэгэн зэрэг элэг, бөөр шилжүүлэн суулгасан эмч аж. Тэрбээр одоогоор 700 гаруй өвчтөнд элэгний мэс засал хийгээд байгаа бөгөөд сүүлийн 350 мэс заслаа цус сэлбэхгүйгээр хийжээ.

Тэрбээр элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарын 12 жилийн туршлагатай бөгөөд Энэхтэг дэх “Фортис” нэгдсэн эмнэлэгт өөрийн багаа удирдан 200 гаруй удаагийн элэг шилжүүлэн суулгах мэс ажилбар хийсний 50 гаруйг нь Монгол өвчтөнд амжилттай хийсэн байна. Түүний мэс ажилбарууд 96 хувьтай байдаг бөгөөд монголчуудад хийсэн элэг шилжүүлэн суулгах мэс ажилбар нь 99 хувийн амжилттай байгаа аж.

Түүний ажилладаг “Фортис” эмнэлэг нь Энэтхэг даяар 75 салбартай томоохон эмнэлэг. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн их эмч Д.Сэргэлэнгийн элэг шилжүлэн суулгах багтай хамтарч ажилладаг гэнэ. Монгол эмч нарын багийг Энэтхэгт өөрийнхөө эмнэлэгт дээрээ урин туршлага судлах журмаар хамтарч ажиллажээ.

Мөн гурван сар тутамд Монголд ирж, элэг шилжүүлэн суулгасан өвчтнүүдээ үзэж, хяналт тавьдагаараа онцлогтой аж.

Энэ удаагийн үнэгүй үзлэг хийх хуваарь нь, Энэ сарын 11-ний өдрийн 14:00-16:00 цагийн хооронд өөрийн өвчтөнүүдээ үзэх бол

-8 сарын 12, 13-ны 09:00-16:00 цагийн хооронд шинээр үзүүлэх хүмүүсийг Улсын нэгдүгээр Төв эмнэлгийн амбулаторийн 308 тоот өрөөнд

-8 сарын 14-нд Цэргийн госпитальд 09:00-18:00 цагийн хооронд  иргэдэд үзлэг хийн зөвлөгөө өгнө.

Х.Даваа