Монгол Улсад аюулгүй байдал, хууль дүрэм гэж байна уу. Энэ удаа бид арай ч дээ гэмээр аймшигтай мэдээллийг та бүхэндээ хүргэж байна. 
Тодруулбал Нүхтийн амны наахан Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай гэх “CRG-Mongolia” компани зургаан жилийн хугацаатай барилгын ажил гүйцэтгэж эхлээд байгаа юм. Гэтэл Монгол Улсын нутаг дэвсгэр дээр барилга бариад зогсохгүй өөрсдийн хамгаалалтын албыг ажиллуулж байгааг юу гэж ойлгох вэ. 
Тэгэхдээ бүр өнөөх хамгаалалтын албаны хятад залуус нь “Police” гэсэн бичигтэй хар өнгийн дүрэмт хувцасаар гангарсан байх аж. Хальт харвал одоогийн манай цагдаагийнхны өмсдөг хар өнгийн шинэ дүрэмт хувцастай адилхан. Ийм зүйл гэж байж болох уу.
Уг нь Монгол Улсын иргэн, Монгол цустай, Монгол хүн биш л бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүчний үйл ажиллагаа явуулах эрх баймааргүй санагдана. Ийм хууль дүрэм ч Монгол Улсад байхгүй. Гэтэл “CRG-Mongolia” гэх Хятад компани Монгол Улсын нутаг дэвсгэр дээр юун хамгаалалтын албыг, хэний зөвшөөрөлтэйгээр ажиллуулж байна вэ. 
Бид яармагийн гүүрнээс Нүхтийн ам руу салсан зам руу ороод нэг километр ч хүрэхгүй харагдах барилгын ажил дээр очсон юм. Замын баруун, зүүн талуудад барилгын ажил ид өрнөж, хятад хороололд ороод ирэв үү гэмээр олон хятад барилгачид нааш, цааш хөлхөлдөн ажлаа хийцгээж байлаа. 
Биднийг очиход бүх зүйл ойлгомжтой байв. Хятад, Монгол хоёр хамгаалалтын албаны хүмүүс хашааны хаалган дээр угтлаа. Хятад нь дарга аятай суун нэгэн зүйлийг дэвтэр дээр эрээчиж, харин гэнэн үг яриа, төрхтэй монгол залуу зараал нь аятай бидэн рүү дөхөн ирээд хаанаас, ямар ажилтай явааг лавласан юм. 
“Энэ юун хятад хамгаалалтын албаны хүн бэ” гэж асуухад “Аан, уг барилгын ажлыг хийж байгаа компанийн дотоод хамгаалалтын албаны залуу” гэв. “Яагаад хятад хүмүүс Монгол Улсад хамгаалалт хийж байдаг билээ” гэхэд “Мэдэхгүй ээ, Дотоод хамгаалалт буюу барилгын ажлыг удирдаж байгаа удирдлагуудаа хамгаалах зорилготой юм гэнэ лээ. 17, 18 хятад залуу хамгаалалтын албанд нь байдаг. Бүгд хятадын Цагдаа, Тагнуулын сургуулийн оюутнууд гэсэн. Кун фу, У шу-гаар мэргэшсэн мэргэжлийн хүмүүс гэнэ лээ” гэх аж. 
Мөн түүгээр явсан ганц Монгол хүнээс “Энэ юун хятадууд хамгаалалтад зогсоод байна вэ” гэж асуухад өнөөх Монгол хамгаалалтын албаны хүнтэй яг адил хариултыг өгч байв. Дээр нь нэмж “Хятад удирдлагууд нь цалин мөнгө дээрээ новширдог юм биш үү. Тэгэхээр нь хятад ажилчид нь бөөнөөрөө удирдлагууд дээрээ орж дайрч, давшилдаг гэнэ лээ. Хятад барилгачдаасаа л өөрсдийгөө хамгаалуулах гэж дотоод хамгаалалтын алба ажилуулдаг гэсэн” гэж хэллээ.
 Үүнээс үзэхэд тухайн барилгын ажил дээр ажиллаж буй хятад, монгол хүмүүс бүгд уг хятад хамгаалалтын албаныхныг анддаггүй төдийгүй сүрддэг бололтой.
 
Дээрх хоёр хүний ярианаас уншигч та нэгэн зүйлийг анзаарав уу. Эдгээр хятад хамгаалалтын албаны хүмүүс зүгээр ч нэг “мангарууд” биш, бүр Цагдаа, Тагнуулын сургуулийн оюутнууд аж.
Тэд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр яг үнэндээ тагнуулын үйл ажиллагаа явуулж байгаа юм биш биз. Тийм биш бол жирийн нэг хятад иргэд биш яагаад заавал тагнуулын сургуулийнхан хамгаалалтаар ирдэг билээ гэдэг хардлага төрж байна. 
Арай ч дээ, Монгол Улсад аюулгүй байдал, хууль дүрэм, хараа хяналт гэж байна уу, та минь ээ. 
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Хятадууд хамгаалалтын албаа ажиллуулах эрхийг хэн зөвшөөрч чадав аа. Барилгын хятад ажилчдыг олноор нь оруулж ажиллуулах зөвшөөрөл өгөх асуудал хэл ам дагуулдаг бол энэ юу ч биш болжээ. Бүр хятадын тагнуул, цагдаагийн хүмүүс эх орон, газар шороон дээр минь хүчний үйл ажиллагаа явуулдаг болсон байна. Аман дээрээ ийм боловч хачир дээрээ тагнуул, цагдаагийн ямар ч ажил хийж байгаа юм билээ, хэн мэдлээ.

Тэгээд бүр өнөөдүүл нь Монгол цагдаагийн хувцастай хальт харвал андуурмаар хар өнгийн “Police” гэсэн бичиг бүхий хувцас өмсөхийг яана. Ийм зүйл байж болно гэж үү. Үнэндээ дотоод хамгаалалт гэж байгаа боловч гадаах хамгаалалтдаа ч зогсдог юм билээ. Биднийг очиход хятад, монгол хамгаалалтын албаныхан зэрэгцээд зогсож байсан нь ганц дотоод биш, барилгыг тэр чигт нь манаж байгааг илчилнэ.
Ийнхүү манай томчууд өөрсдийн эрх ашгийн төлөө Монгол Улсаа, ард түмнээ худалдах юу ч биш болсон гэдэг нь энэхүү харалган бөгөөд хачирхалтай зөвшөөрлөөс харагдаж байна. 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу