Шинэчлэлийн Засгийн газар "Эзэн"-гүй айл шиг нам гүмхэн байх нь юуны дохио вэ, Энэ айлын санаачилсан "Эдийн засгийн засгийг эрчимжүүлэх-100 хоног" аль хэдийнээ дуусаад 5 хоног өнгөрчихлөө. Тайлан тавьж, дуугарах амтай хүн энэ засгийн газарт алга.

"Хөөе" ЭЗЭН-100 ажлын хүрээнд бид чинь ам.долларын ханшийг 1384 төгрөгтөө барьж чадсангүй ээ. Харин монголбанкны ерөнхийлөгчийн хэлснээр 1700 төгрөгт тогтоож барьлаа гэдэг ч юм уу мэдээлэл хийх зориг зүрхтэй гишүүд болоод сайд, дарга нар дуугүй л сууж байх юм. Тэд уул нь хамгийн түрүүнд дуугарч байдагсан.

"ЭЗЭН-100" хөтөлбөрийн үр дүнд ганц ч гялтайчих үйл явдал болсонгүй. Хэдхэн хоногийн өмнө үндэсний стастикийн хорооноос манай улсын нийгэм, эдийн засгийн байдал эхний 7 сарын байдлаар ямар байв гэдэгт судалгаа хийж дүнгээ танилцуулсан эл судалгаагаар нийгэмд ажилгүйдэл ихэсч, чанаргүй зээл нэмэгдсэн, Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2014 оны эхний 7 сард 3305.2 тэрбум төг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 3466.1 тэрбум төг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 160.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалтай гарахад зарлагын өсөлт нь орлогын өсөлтөөс 0.1 пунктээр илүү байгаа нь нөлөөлсөн зэрэг уналттай мэдээгээр дүүрсэн үзүүлэлт гарсан.

Мөн "Стратеги академи" судалгааны байгууллага энэ сарын 13-18-ныг хүртэл зургаан дүүргийн 600 гаруй иргэдийн дунд эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийн үр өгөөжийн талаар судалгаа явуулжээ. Дүүрэг бүрээс хамрагдсан 100 иргэний дунд тэд "2012 оны сонгуулиас хойш болон “ЭЗЭН 100” хөтөлбөр хэрэгжсэнээр таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ”, “Улс орны эдийн засгийн хөгжил ямар төвшинд байна”, “ЭЗЭН 100” хөтөлбөрт та ямар үнэлгээ өгч байна”, “Энэ хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлуудаас үр дүнгүй болсон ажлыг нэрлэнэ үү” зэрэг асуултаар санал асуулга явуулсан аж.

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног дууссан. Энэ хугацаанд эдийн засгийг аврах томоохон төслүүдийг эхлүүлж, нүдэнд харагдаж, гарт баригдах үр дүнтэй үлдлээ хэмээн хөтөлбөрийг санаачлагч, хэрэгжүүлэгчид нь сайрхсан бол УИХ дахь сөрөг хүчин хангалтгүй гэсэн дүн өгсөн. Харин “ЭЗЭН 100” хөтөлбөр хөрсөнд хэр буусныг иргэд ингэж хариулжээ. Судалгаанд хамрагдсан иргэдийн олонхи нь болох 34 хувь нь “Энэ хугацаанд амьдрал дордсон” гэсэн бол таван хувь нь “сайжирсан” гэж үзсэн байх юм.

Түүнчлэн "ЭЗЭН 100" хөтөлбөрт өөр өөрсдийн дүнгээ тавьжээ. 600 гаруй иргэний олонхи нь энэ хөтөлбөр хэрэгжсэнээс хойш эдийн засаг улам дордож, байдал хүндэрч байгааг онцолсон байна. Харин энэ хөтөлбөрийн хүрээнд амласан ажлуудаа хэрхэн амжуулсныг иргэдээс асуухад Төсөв, мөнгөний бодлогын хүрээнд болон Уул уурхай, ашигт малтмалын салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд дорвитой алхам хийгээгүй гэж дүгнэсэн бол барилга, дотоодын үйлдвэрлэл, хот тохижолт, зам засварын ажил урагштай байгааг дурджээ. Гэхдээ энэ хөтөлбөр зорьсондоо хүрч чадаагүй. Харин ч эдийн засаг эрчимжих хугацаандаа саарч, валютын ханш хүртэл 100 хоногийн дотор 70-80 төгрөгөөр нэмэгдсэнийг судалгаанд хамрагдсан иргэд онцолсон байна. Энэ үр дүнгүй хөтөлбөрийн хариуцлагыг хэн үүрэх тухайг иргэдээс асуухад УИХ, Засгийн газар гэж үзсэн байна. Харин энэ хөтөлбөрийн ажлын хэсгээс энэ талаар асуухад тэд Ерөнхий сайдын дэргэд зөвлөл байгуулж 100 хоног цалингүй, сайн дураараа ажиллаж байдлыг сайжруулахын төлөө ажилласан. Бид 100 хоногийн төгсгөлд хоосон үлдээгүй гэдгээс өөр зүйл хэлээгүй билээ.

Өнөөдрийн байдлаар ам.долларын ханш 1858-1863 төгрөг байна. Яахав ээ, чамлахаар чанга атга гэгчээр нэг өдрийн дотор огцом өсч 1905 төгрөгт хүрсэн ам.доллар бага багаар нэмэгдэж байсан шигээ 4-7 төгрөгөөр буурсаар огцом бууралтанд орж 1384 төгрөг болчихыг хэн мэдэхэв. Ямартай ч харж л сууя, тэр үед л хэцүү ангийнхан гэгддэг Засгийн газрынхан ам нээж юуны магад. Засгийн газар санаачлан эхлүүлсэн уг хөтөлбөр бол эзэнгүй биш эзэнтэй харин тэд дуугарах цаг мөчөө хүлээж суугаа юм.

Х.Даваа