Дулаалгын аяны нээлттэй өдөрлөг болно
2014/09/15
Гэр хорооллын дулааны алдагдалтай орон сууц, дулаалга багатай гэрт амьдардаг айл өрхийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, гэр орноо дулаалж, дулааны алдагдлыг багасгах зөв дадлыг хэвшүүлэх зорилготой дулаалгын аяны Сүхбаатар дүүргийн өдөрлөг энэ сарын 19-ний өдөр 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Гал унтраах 034 дүгээр ангийн урд талбайд болно.
Энэхүү өдөрлөгөөр иргэдэд гэр орноо хэрхэн дулаалах, хүйтнийг хэрхэн эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдал багатай давах талаар сургалт, зөвлөгөө өгөхөөс гадна бүрэн шаталттай, утаагүй зуух үйлдвэрлэгч, нийлүүлэгч байгууллагууд, гадна, дотор, дээврийн дулаалга хийдэг байгууллагууд, сэргээгдэх эрчим хүчний дэвшилтэт технологи /шалны халаалт, нар, салхины эх үүсвэрээр дулаан гаргагч/ -ийг танилцуулах юм.
Иргэд гэр, орон сууцаа дулаалж, түлш бага түлэх нь агаарын бохирдлыг бууруулахад өөрсдийн хувь нэмрийг оруулж буй юм. Мөн өдөрлөгийн үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас харж хандах хүнгүй өндөр настан, хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэд, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 600 айл өрхөд гэрийн хаалганы дулаалга, 200 айл өрхөд гэрийн хаяавчны дулаалгыг тус тус олгох аж.
Аян 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилэх бөгөөд энэ хугацаанд хороо тус бүр нээлттэй өдөрлөгүүдийг зохион байгуулж иргэддээ дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.