Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2014/10/11
Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
ТЭЦ-3 станцад хоёр дахь шатны шинэчлэл хийнэ
Дулааны III цахилгаан станцад хоёр дахь шатны шинэчлэл хийх тухай Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэлээ. Тус ТӨХК-ийн хүчин чадлыг 50 мВт-аар нэмэгдүүлсэн эхний ээлжийн өргөтгөлийг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж, энэ оны 7 дугаар сарын 1-нээс турбин-генераторыг сүлжээнд залган бүрэн хүчин чадлаар ажиллуулж байна.
Харин хоёр дахь шатны шинэчлэлээр 2x125 мВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц байгуулахаар төлөвлөж байна. Бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгийг Хөгжлийн банкны зээл болон бусад эх үүсвэрээс 2014 оноос гаргаж эхлэхийг Эдийн засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Хөгжлийн банкинд даалгалаа. Санхүүжилтийг 2015-2019 онд үе шаттайгаар эргэн төлнө.
Хоёр дахь шатны шинэчлэлийн үр дүнд хүчин чадал нэмэгдэхээс гадна тус станцаас агаарт ялгаруулж буй хорт бодисын хэмжээг 98 хувь бууруулж чадна гэж мэргэжлийнхэн тооцоолжээ. Хотын төв буюу Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн хэрэглэгчдийг дулаанаар хангадаг гол эх үүсвэр ТЭЦ-3 шугам сүлжээний горимын хувьд хамгийн оновчтой байршилтай ч хэт хуучирсан тоног төхөөрөмж дээр суурилсан учир байгаль орчинд их хэмжээний бохирдол үүсгэж байгаа юм.
Татварын хуримтлагдсан өр барагдуулах ажлыг эрчимжүүлнэ
Засгийн газраас УИХ-д өргөн барьсан “Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай” хуулийн төсөлтэй холбоотойгоор татварын өрийг өршөөх гэж байна гэсэн хүлээлт олон нийтэд бий болжээ. Үүнээс улбаалан энэ оны улсын төсөвт төлөх татварын өр 10 дугаар сарын 5-ны байдлаар 353,7 тэрбум төгрөгт хүрсний 194,2 тэрбум нь барагдуулах боломжтой өр байна.
Иймд татварын өр барагдуулах чиглэлээр 2014 он дуустал зорилтот ажил зохион байгуулах үүргийг Засгийн газраас холбогдох байгууллагуудад өглөө.
Юуны түрүүнд, Засгийн газраас өргөн барьсан хуулийн бодлого, зохицуулалтыг тайлбарлаж, хуулийн төслийн хүрээнд ногдуулсан татварын өрийг энэ хуулиар чөлөөлөхгүй гэдгийг олон нийтэд ойлгуулах шаардлагатайг Татварын ерөнхий газарт анхаарууллаа. “Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай” хуулийн төсөлд хуулийн дагуу ногдуулсан аливаа татварын өрийг хөнгөлөх, чөлөөлөх асуудал тусгагдаагүй юм.
Аж ахуйн нэгжүүд харилцан зөвшөөрсөн тохиолдолд тухайн татвар төлөгчийн татварын өрийг бусад татвар төлөгчид төсвөөс олгох татаас, санхүүжилт, шилжүүлэгт суутгах замаар татварын өрийн зангилааг тайлах боломжтой. Энэ нь мөнгөн хөрөнгийн дутагдалд орсон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг болно гэж үзээд, үүнд чиглэсэн ажил зохион байгуулахыг Сангийн яаманд даалгалаа. Түүнчлэн, татварын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд хамтарсан аянаар хуримтлагдсан өрийг богино хугацаанд барагдуулах боломжтойг зөвлөлөө. Одоогийн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 94,4 тэрбум төгрөгийн татварын өp шилжүүлcнээс 53,4 тэрбум төгрөгийн өрийг барагдуулаагүй байна.
Цаашид өр барагдуулах чиг үүргийг хариуцсан нэгжийг оновчтой зохион байгуулалтад оруулах шаардлагатай гэж Засгийн газрын гишүүд дүгнэлээ.
Спортын тухай хуулийн үзэл баримтлалыг баталлаа
2003 онд анх баталсан “Биеийн тамир, спортын тухай” хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортоор хичээллэх орчин, шигшээ багийн асуудлаар 2007 онд, магадлан итгэмжлэл, дотоодын болон олон улсын тэмцээний мөнгөн шагналын асуудлаар 2009 онд, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдсон нэмэлтийг 2012 онд тус тус тусгажээ. Энэ хууль хэрэгжсэний үр дүнд спортын салбарт төрийн дэмжлэг нэмэгдэж, 44 жил хүлээсэн Олимпийн аваргатай болж, спортоор хичээллэх иргэдийн идэвх илт сэргэсэн юм.
Одоогийн амжилтаа хадгалахын зэрэгцээ бүх нийтийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн зарим өөрчлөлтийг хуульд тусгах шаардлагатай гэж Засгийн газар үзэн хуулийн төслийн үзэл баримтлалыг баталлаа. Төрийн тодорхой чиг үүргийг салбарын төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг сайжруулах замаар нийтийн спортыг хөгжүүлэх, спортын салбарынхны цалин, нийгмийн хамгааллын асуудлыг сайжруулах зохицуулалтуудыг төсөлд тусгажээ.
НҮБ-ын Бие бялдрын боловсрол, спортын харти болон Олон улсын Олимпийн хорооны баримталж буй “Нийтийн спорт” зарчимд нийцүүлсэн шинэчилсэн хуулийг “Спортын тухай” хууль гэж нэрлэхээр санал нэгдсэн байна.
Товч мэдээ:
-Одоогийн батлагдсан орон тоонд багтаан сумдад төсвийн байгууллагууд хариуцсан санхүүгийн нэгдсэн алба байгуулах, Санхүүгийн хяналт шалгалтын албыг Сангийн яамны бүтцэд болон аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд байхаар шилжүүлэн зохион байгуулалтын өөрчлөлт хийх зэрэг асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.
-Энэ сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 18 дугаар хуралдаанд Монголын талын баримтлах удирдамжийг зөвшөөрч, оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлахыг Шадар сайд бөгөөд тус комиссын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагвад даалгалаа. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр хэлэлцэж тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэхэд энэ удаагийн ЗГХК-ын хуралдаан чухал ач холбогдолтой.
-Монгол Улсын Засгийн газрын Эрдсийн сан болон 2012 оны улсын төсвийн хөрөнгөөр бүрдүүлсэн улсын нөөцийн шатахууны нэр төрөл, тоо хэмжээ, чанарыг бууруулахгүйгээр шинэчлэн сэлгэх арга хэмжээ авахыг Уул уурхайн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын тосны газарт даалгалаа. Ингэж шинэчлэн сэлгэлт хийх нь эдийн засгийн ач холбогдолтой бөгөөд энэ оны хувьд 551 сая төгрөгийн хадгалалтын хөлс хэмнэгдэнэ гэж Уул уурхайн яам тооцоолжээ.
-Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон Санхүүгийн тусламжийг хэрэгжүүлэх протоколыг баталлаа. Эдгээр баримт бичгийг баталгаажуулснаар БНТУ-ын Засгийн газраас Монгол Улсын батлан хамгаалах салбарт 2017 он хүртэл жил бүр 2,3 сая турк лиртэй тэнцэх хэмжээтэй буцалтгүй тусламж авах эрх зүйн үндэс бүрдэх бөгөөд Батлан хамгаалах яам дээрх төсөвт тааруулан Турк улсын цэргийн үйлдвэрт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн худалдан авах, Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдыг БНТУ-ын цэргийн сургууль, дамжаануудад суралцуулах боломжтой болно.
-Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 300 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Арьс ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт"-ын 2 дугаар бүлэгт "2.7.7. гадаад оронд худалдаалахаар гаргах гэж байгаа адуу, тэмээний шир нь энэхүү техникийн зохицуулалтын 2.7.1, 2.7.5, 2.7.6 дахь заалтуудын шаардлагыг хангасан байна" гэсэн заалт нэмж оруулахаар тогтлоо. Энэ салбарт том, жижиг 215 үйлдвэр жилдээ 10,3 сая ширхэг арьс шир бэлтгэж, 65 хувийг нь түүхий болон анхан шатны боловсруулалт хийсэн байдлаар БНХАУ, Итали, Испани, Турк, Өмнөд Солонгос зэрэг 10 гаруй оронд экспортолж байна. Гадаад орнуудад адуу, тэмээний шир маш цөөхөн бэлтгэдэг учраас энэ төрлийн арьсны боловсруулсан хэлбэрийг одоогоор стандартчилаагүй байна. Иймд манай орноос адуу, тэмээний ширийг түүхийгээр нь, эсхүл стандартын дагуу боловсруулалгүй экспортлох оролдлого гарсаар байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.