Эдийн засаг аврагдах эсэх нь “Төсөв” -өөс шалтгаална
2014/11/09
Ирэх оны төсвийг батлахад 5 хоног үлдлээ. Улсын төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор улсын төсөв, мөнгөний бодлогыг УИХ батлах үүрэгтэй. Гэтэл засгийн эрх баригчаа унагаах гэж улайрсаар огцоруулах ажлыг эрчимтэй хийв.
Харин улсын төсвийн талаар ганц ч үг ган хийсэнгүй. Өнгөрөгч баасан гаригийн чуулганы хуралдаанаар Төв банкны боловсруулсан Төрийн мөнгөний бодлогыг хэлэлцэн эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Төрийн мөнгөний бодлого ямар байхаас эдийн засаг тэлэх үү, хумигдах уу гэдэг нь харагддаг.
Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2015 оны эцэс гэхэд долоон хувьд байхаар, иргэдийн бодит орлогыг хамгаалж, эдийн засаг тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн ирэх оны мөнгөний бодлогын баримт бичигт тусгасан аж.
Гаднаас орж ирэх валютын урсгалаа сайжруулж чадвал импортын барааны үнийн өсөлт, дотоодын бусад барааны үнийн өсөлт буурна.
Манай улс нийт хэрэглээнийхээ дунджаар 75 хувийг импортоор хангадаг. Түүнчлэн нийт ДНБ-ий ердөө 8.9 хувийг боловсруулах үйлдвэрлэл, 1.8 хувийг эрчим хүчний үйлдвэрлэл эзэлдэг.
Төсвийг сайн хэлэлцэж байж батлахгүй бол тэр жилдээ модоо барьдаг гэдгийг олон гишүүд хэлсэн. Одоо мөрдөгдөж байгаа хуулиа чанд сахиж ажиллахгүйгээс үүдэн эдийн засаг сөхөрдөг гэдгийг ч хүлээн зөвшөөрсөн. Үүнийгээ мэдэж буй байж яагаад "улсын төсөв"-дөө анхаарахгүй сандал ширээтэй зууралдаад байгаа нь хачин. Дээгүүр л болж байвал ард түмэн яах нь 76-д падгүй бололтой.
Өнөөдрийн эдийн засгийн хямралыг бий болгосон зүйл чинь хууль зөрчиж явдлаас болсон хэмээн УИХ-ын гишүүн Р.Амаржаргал онцолсон.
Хэрвээ анхнаасаа төсвийн сахилга батыг сайн баримтлаад Монгол Улсынхаа төсвийн бодлогыг сахисан бол өнөөдрийн эдийн засгийн хямралд орохгүй. Энгийн боловч үнэн үг. Ийм байдалд орсны дараагаар өнөөдрийн байдалд нийцүүлж асуудлыг шийдэж өгөөч гэж байгаа нь үндсээрээ зарчимгүй. Төсвийн бодлогын алдагдал нь ДНБ-ний гурван хувьд хүрэх юм бол улаан гэрэл асч байна гэсэн үг. Түүнээс бус 1,5 тэрбум төгрөгийн Чингис бондыг аваад Монгол Улс өсвөл өсөхөөр байсан. Эдийн засаг онол, дүрэм, хуулийг зөрчиж явснаас өнөөдөр Монгол Улсын эдийн засаг дампуурсан. Мөнгө байсан боловч үр дүн нь алга. Ирэх жил эдийн засаг бүүр хүндэрнэ. Энэ хямралыг ард иргэд халааснаасаа төлнө. Бизнес эрхэлж байгаа компаниуд дампуурна. Тийм учраас бид өнөөдөр хуулиндаа нийцүүлж, төсвөө батламаар байна. 2015 онд Монгол Улс 1,2 тэрбум ам.долларын зээлийн өрийн төлбөр хийгдэнэ. Өөрөөр хэлбэл 2014 оныхоос даруй дөрөв дахин их зээлийн төлбөр хийнэ. Эрх баригчид хоног өнгөрөөсөн байдлаар хандаж байгаа гэдгийг ч хатуухан хэлээд авсан.
Хуулийн дагуу төсвөө баталвал хөл дээрээ эдийн засгаа босгож чадна. Эс бөгөөс 2017 онд бондын эргэн төлөлтийг хийж чадах үгүй дээрээ тулалдах цаг айсуй.
Ирэх оны төсвийн төслийн тухай хуульд нийт орлогыг 7,160.4 тэрбум төгрөг, нийт зарлага 7,640.1 тэрбум төгрөгөөр тооцоолжээ. Инфляцийг долон хувьтай байхаар тэнцвэржүүлсэн тэнцэлийн алдагдал 479.7 тэрбум төгрөг, энэ нь ДНБ-ий 2 хувьтай тэнцүү байхаар Долларын ханшийг 1700 төгрөгт барихаар улсын төсөвт суулгасан байна. Харин өрийн хэмжээг 70 хувьд хүргэх тооцсон байна.
Манай улсын эдийн засгийн талаар таамаглал гаргадаг олон улсын байгууллагууд болон Монголбанкнаас ирэх 2015 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг гаргажээ. Эдийн засгийн өсөлт дундажаар энэ оны эцэст 7.1 хувь, 2015 онд бага зэрэг сэргэж 7.7 хувьд хүрэх аж.
2015 оны эдийн засгийн өсөлтийн таамаглал
Ирэх оны төсөв хэрхэн батлахаас хамаарч эдийн засаг хөл дээрээ босох уу? сөхрөх нь шийдэгдэх юм.