Ирэх оноос автобусанд цахим картаар үйчлүүлнэ
2014/11/12
Нийслэлийн нийтийн тээврийн газраас өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ирэх онд нийтийн тээврийнхний хувьд хэд хэдэн шинэчлэл хийхээр төлөвлөж байгаагаа энэ үеэр онцолсон юм.
Үүнд ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зорчигчид цахим картаар үйлчлүүлэх аж. Ингэснээр нөхөн олговрын дагуу хөнгөлөлт эдлэх эрх бүхий хүмүүст унааны мөнгө нь шууд хүрэх бөгөөд автобус компанийнхан ч хөнгөлөлтийн үнэмлэх шалгах, үнэмлэхгүй бол мөнгө төлүүлэх зэрэг хүндрэл үүсэхгүй гэдгийг мөн дурдсан юм. Ийн цахим систем нэвтрүүлж, GPS-ийг автобус болгонд суурилуулснаар автобусны маршрут, цагийн хуваарийг нарийвчлан хянаж, тэр хэрээр нөхөн олговрын мөнгийг үнэн зөв хуваарилах боломжтой зэрэг олон давуу тал бий болох юм байна. Энэ үеэр Нийслэлийн тээврийн газрын Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга Б.Билэгт “Нийтийн тээврийн салбар том оврын 40, дунд оврын 30 шинэ автобусыг шинээр оруулж ирэхээр төлөвлөж байна. Өнөөдөр байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд 1088 том оврын автобус иргэдэд үйлчилгээ үзүүлдэг. Ирэх оноос эхлэн бага оврын тээврийн хэрэгслийг хаах бодлого баримталж ажиллахаар тө лөвлөсөн. Шууд бүгдийг нь хязгаарлах боломж одоохондоо хомс. Тиймээс том оврын тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй алслагдсан, зам муу газруудад микроавтобус үйлчилж байгаа болохоор дэд бүтэц сайжирч, тээврийн үйлчилгээ сайжиртал микроавтобусыг цөөн цөөнөөр хасах бодлого баримталж байгаа. Мөн өнөөдрийн байдлаар туслах шугамын 18 чиглэлд 140 орчим микроавтобус үйлчилгээ үзүүлж байна. Тэдгээрийн үйлчилгээтэй холбоотой санал гомдол иргэдээс их ирдэг.
Үдэш оройн цагаар өндөр үнэ хөлс авдаг, хүмүүсээ булаалдан хурд хэтрүүлэн давхидаг гэхмэтчилэн гомдол тасардаггүй тул ирэх оноос бага оврын тээврийн хэрэгслийг нийтийн тээврийн үйлчилгээнээс хасах бодлогыг баримтална” гэдгийг онцлон хэллээ. Мөн Нийтийн тээврийн салбарын боловсон хүчин буюу жолооч нарын хариуцлагын асуудал хүндхэн байгааг тэд ярьсан юм. Учир нь энэ салбарт удаан ажилласан туршлагатай жолооч нар сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа өндөр цалинтай уул уурхайн салбар руу ихээрээ явж, ажиллах болсонтой салбарынхан нь холбон тайлбарлаж байлаа. Тэр ч утгаараа шинэ залуу жолооч нар салбартаа хэл ам дагуулах, ажлын хариуцлага алдах болсныг тэд үгүйсгэсэнгүй. Тиймээс жолооч нарын цалин, нийгмийн халамжийн асуудлыг сайжруулах, тэднийг чадваржуулах тал дээр олон асуудлыг төлөвлөжээ. Улмаар сүүлийн иргэдийн дунд ярьж буй хөнгөлөлттэй үйлчлэх асуудлын талаар онцолсон юм.
Ирэх нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан, өндөр настан, цагдаагийн ажилтан зэрэг хөнгөлөлттэй үнээр нийтийн тээврээр зорчигчдыг тээвэрлэхгүй, төлбөр мөнгийг нь авдаг болно гэдгээ Том оврын үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос албан ёсоор мэдэгдсэн.
Гэтэл тус холбоо энэ тухай албан мэдэгдлийг Нийтийн тээврийн газарт өгөөгүй байгаа бөгөөд ийм шийдвэр гаргахдаа Нийслэлийн нийтийн тээвэртэй зөвшилцөх ёстой гэдгийг албаныхан хэллээ. Тиймээс одоо мөрдөгдөж байгаа журмын дагуу дээрх иргэдэд нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх юм байна.