Ц.Элбэгдорж: Үг даахгүй бол та нар уул даахгүй
2014/11/16
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнгөрөгч баасан гарагт (2014.11.14) UBS телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот хөтөлбөрт оролцож байгаа залуустай уулзан, тэдний сонирхсон асуултад хариулт өгөв. Уг нэвтрүүлгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, залуустай хэрхэн улстөрч болох, улстөрч хүний баримталж явах зарчмууд, ардчиллын мөн чанар, Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, шинэ Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд ямар шаардлага тавих, авлигатай хэрхэн тэмцэх зэрэг олон сэдвээр ярилцлаа.
Ерөнхийлөгч: -“Улс төрд шинэ манлайлагч” гэсэн зорилтот хөтөлбөр хэрэгжээд явж байна. Энэ хөтөлбөр улс төрд шинэ соёл авч ирээсэй гэж бодож байна. Монголд өнөөдөр улс төр асуудал болчихоод байна. Ийм нөхцөлд шинэ үе маань яаж өмнөх үеийнхний алдааг давтахгүй явах вэ. Хүмүүс заавал улс төрд орж байж суралцах уу гэсэн асуудал гарч байна. Монголд хэрэгжүүлж болох сайн санаа байвал би боломжийн хэрээр дэмжих ёстой гэж боддог. Тэр утгаараа би энэ хөтөлбөрийг зөв зүйл гэж үзэж байгаа. Би та бүхний санаа бодлыг сонсоё. Та бүхэн сонирхсон асуудлаа чөлөөтэй асууж болно.
Оролцогч:-Та тавтай сайхан өвөлжиж байна уу. “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот хөтөлбөрт оролцогч залуус бидний урилгыг хүлээн авч ирсэнд тань баярлалаа. Улс төрд манлайлагч болох залуус хэрхэн яаж улс төрийн салбарт орж ажиллах боломжтой вэ?
Ерөнхийлөгч: - Та бүхэн үг дааж сурах хэрэгтэй. Шүүмжлэл байх тусмаа сайн. Хүмүүс янз бүрээр ярьж үнэлэлт дүгнэлт өгч болно. Улс төрийн салбар, улс төрийн амьдрал өөрөө маш хэцүү. Хүний холгосон хөлийг заавал олж гишгэж байдаг. Түүнээс тойрох аргагүй тийм л зүйл. Та нар бол өнөөдөр улс төрд ороод ирсэн, жинхэнэ улс төрд явж байгаа хүмүүс биш. Эндээс алдах зүйл байхгүй. Хүмүүс хөтөлбөрийг үзээд сонирхохгүй бол цаашаа яваад л өгнө. Та нар буруу зөрүү шийдвэр гаргалаа гээд ард түмэнд хор болохгүй. Хохирол учрахгүй. Харин хүн үзээд сонирхох юм бол ард иргэдийг улс төрийн боловсролд сургаж байгаа сайн хэлбэр болох юм.
Би улс төрд яаж орох талаар та бүхэнд зөвлөгөө өгөхгүй. Энэ бол хүний өөрийн сонголтын асуудал. Заавал улс төрд манлайлагч байх биш, гэрт ч, ер нь газар бүхэнд манлайлагч байдаг. Гэртээ сайн аав, ээж, ах, эгч байна гэдэг бол манлайлагч гэсэн үг. Манлайлагч гэдэг бол заавал улс төрийн салбарын асуудал биш юм. Гэхдээ өнөөдөр улс төр асуудал болчихсон учраас үүнийг яаж шийдэх вэ гэж ярьж байгаа хэлбэр нь зөв юм.
Оролцогч:- Хэрэв та бидэн шиг залуу байгаад ийм төсөл зарлагдсан бол оролцох байсан уу. Ямар шийдэл дэвшүүлж орох байсан бэ?
Ерөнхийлөгч: -Энэ бол өнөөдрийн залууст гарч байгаа боломж юм. Намайг улс төр, олон нийтийн амьдрал руу орж байхад ийм боломж байгаагүй. Та бүхэн азтай байна. Энэ төсөл, үйл ажиллагаа цаашаа явах, эсэх нь та нараас шалтгаална. Улс төрд муу, сайн янз бүрийн л зүйл бий. Үг дааж сурах хэрэгтэй. Үг даахгүй бол та нар уул даахгүй. Та нар бол уул өргөнө. Монголын төлөө зүтгэнэ гэж орж ирсэн шүү дээ. Үг даагаад, суралцаад явах юм бол та нарын хажууд өөрсдийн чинь толь байгаа. Хэнийг дуурайвал буруу вэ, хэний арга барил зөв байна гэдгийг харж болно.
Улс төрийн шинэ соёл гэхээр миний хувьд бүтээлч сэтгэхүйтэй залуус байгаасай гэж бодож байна.Одоо манайд асуудал шийдүүлэх гэхээр яаж энэ асуудлыг унагах вэ гэсэн сэтгэхүй давамгай болчихоод байна.Ийм улс төр Монголд ерөөсөө хэрэггүй.Үүнийг зогсоох шаардлагатай.Шийдэл авч ирдэг улс төр байх ёстой.Цаашлаад хэлбэл ийм баг байх ёстой.Өнөөдрийн муу улс төрийг та нар хуулж болохгүй.Өнөөдрийн гарсан нам өмнөх намынхаа хуулбар болоод байна.Тэгэхээр шүүмжилдэг байсан зүйлээ л хуулаад явж байна гэсэн үг.Үүнийг та нар хуулалгүй өөрчлөлт авчрах шаардлагатай.
Улс төрийг жижгээс эхлээсэй гэж би бодож байна. Улс төрд үнэхээр оръё гэж бодож байгаа бол жирийн багийн даргатай, хорооны даргатай уулзаад хийдэг ажилтай нь танилцаад, хамт яваад, хүмүүстэй уулзах хэрэгтэй. Ингэж жижгээс эхэлж байж юм олж мэднэ, мэдэрнэ. Түүнээс биш шууд улстөрч, дарга болно гэдэг боломжгүй зүйл юм. Улс төрд орох амаргүй. Наад зах нь та нар хиртэй цамцтай явах эрхгүй болно. Өөрөө үлгэрлэх ёстой. Хүнээс шаарддаг зүйлээ өөрөөсөө шаарддаг байх ёстой. Хүнийг хийгээсэй гэсэн зүйлийг өөрөө хамгийн түрүүнд хийх ёстой.
Оролцогч: -Сайн улстөрч болохын тулд яах ёстой вэ?
Ерөнхийлөгч: -Улс төрд орох хүн эхлээд өөрийгөө таних ёстой. Монголыг өөөрчилье гэвэл эхлээд өөрийгөө өөрчлөх ёстой. Өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Өөрийгөө өөрчлөх нь хамгийн хэцүү байж магадгүй. Тэгээд Монголоо таних хэрэгтэй. Ойр орчноо, хөршөө, дэлхийг мэдэх хэрэгтэй. Энэ бүхнийг өргөн хараагаар харж чаддаг, юмыг олон түвшинд, нэг өнгөөр биш харж чаддаг байх ёстой. Үр дагаварыг нь харж чаддаг байх ёстой.
Оролцогч: -Намайг энэ төсөлд оролцоход гол нөлөөлсөн хүн бол та. Та яагаад улстөрч болох замыг сонгосон бэ.Улстөрч болоход юу хамгийн чухал нөлөө үзүүлсэн бэ?
Ерөнхийлөгч: -Би улс төр, олон нийтийн амьдрал руу ороод 25 жил болж байна. Тэр үед нэг ийм танхимд Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөн болж, тэр орой нь төлөөлөгч залуучууд цуглараад ярилцсан. Тэгэхэд би цэрэг хувцастай, дэслэгч цолтой босоод “Энэ нийгэмд хариуцлага алга. Хариуцлага тооцдог болъё. Би сэтгүүлч хүн. Хариуцлагын чиглэлээр сонин гаргая. Ингэж ажиллахгүй бол болохгүй юм байна” гэж хэлж байсан. Өнөөдрийнхтэй их төстэй сонсогдож байгаа биз. Өнөөдөр ч би яг тэр байр суурин дээрээ байгаа. Монголыг ардчилалтай орон гэж хэлж болно. Хариуцлагатай орон гэж хэлэхэд хэцүү байна. Монгол мөнгөгүйдээ биш, хариуцлагагүйдээ л ажил цаашаа явахгүй байгаа юм. Монголд ардчилал хангалттай байж магадгүй. Хариуцлагатай болох хэрэгтэй. Үүний төлөө явах ёстой. Өвлийн хүйтэнд, хөр цасан дээр анх бид улс төрд хөлд орж байсан. Яг ард түмэнтэйгаа адилхан, энгийн найз нөхөдтэйгөө адилхан алдаж оноод л өдийг хүрсэн. Түүнээс биш улс төрд шинэ процедур байхгүй. Ном сонсоод, юм уншаад байхад улс төр их энгийн, хялбар юм шиг харагддаг. Яг амьдрал дээр бүх юм маш их бодитой байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.
Ардчилал гэдэг үйл явц болохоос очоод зогсдог зогсоол биш
Оролцогч: -Таны амьдралын түүх тэр чигээрээ ардчиллын түүх байдаг. 25 жилийн өмнө таны санаж хүсч байсан нийгэм бий болж чадсан уу. Чадаагүй бол яагаад.Чадсан бол залуучууд бид юу хийх вэ, ямар ардчиллыг бүтээх вэ?
Ерөнхийлөгч: -Ардчилал бол хийгээд дуусчихдаг зүйл биш. Миний үеийнхэн Монгол Улсыг ингэж өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөх арга зам нь ардчилал байх юм байна. Хүний эрх, эрх чөлөө байх юм байна. Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зовсон нь дээр юм байна. Малчид малаа хувьчилж авах хэрэгтэй юм байна гэж бодсон. Хувь хүн үйлдвэр байгуулж болно гэж миний толгойд орж ирж байгаагүй. Хувь хүн ресторан байгуулж болно гэж бодоход ч хэцүү байсан. Тэр бүхнийг эхлүүлээд Монголоо өөд татая, өөрчилье. Түүнд хувь нэмрээ оруулъя л гэж явцгаасан. Өөрсдийнхөө тухайн цаг үед шаардагдаж байсан асуудлыг л бидний үе шийдэж явсан. Та бүхний өмнө, дараагийн үеийнхний өмнө шинэ нөхцөл байдал, шинэ шаардлага, шинэ сорилт гарч ирнэ. Түүнийг та бүхэн шийдээд л явна.
Ардчилал гэдэг нь үйл явц болохоос биш очоод зогсдог зогсоол биш. Ардчилал гэдэг амьдралтай л адилхан. Хар, цагаан нь ил, нүдэн дээр байж байдаг маш хэцүү тогтолцоо. Эрх чөлөө бол амар тогтолцоо биш. Гэхдээ үүгээр явсан нь дээр. Энэ бол Монголын ард түмний өөрсдийнх нь сонголт байсан. Бид үе үедээ асуудлаа шийдээд, юмаа бүтэгээд явах ёстой юм. Миний өмнө байсан бүх үе бидний төлөө, миний төлөө амьдарсан.Одоо та бүхэн өмнөх үеийнхний хийж байсан тэр зүйлийг сайжруулаад, сайныг нь авч, мууг нь засаад явах хэрэгтэй.Ардчилал бол хийгээд дуусчихдаг, миний хүсч байсан зүйл биш болчихлоо гэдэг тийм зүйл ерөөсөө биш.
Сонгуульд ялж байсан тэр үеийнхээ мэдрэмжийг битгий мартаач ээ
Оролцогч: -Бид бол улс төрд хутгалдаагүй, боломжийг ашиглаад улс төрд боловсорч байгаа залуус. Та өнөөдрийн энэ улс төрийн нөхцөл байдалд улстөрчдөд хандаж юу хэлэх вэ?
Ерөнхийлөгч: -Хэрэв манлайлагч, улстөрч болъё гэж бодож байгаа бол бэрхшээлийг туулах ёроолгүй тэнхээтэй байх ёстой. Унаж болно. Буцаж болохгүй. Тууштай урагшаа явах ёстой. Өнөөдөр улс төрд байгаа, ялангуяа сонгогдсон хүмүүст хандаж би нэг зүйлийг хэлье гэж боддог юм. Би өөртөө ч хэлэхийг хичээдэг. эр юу вэ гэвэл, яг сонгуульд ялж байсан тэр шөнийнхөө “Яллаа” гээд ард түмэндээ баярлаж байсан баярыг битгий мартаач ээ. Сонгуульд ялаад УИХ-ын гишүүнээр сонгогдлоо гэхэд “За их буруу сонголт хийлээ. Би гардаг буруу юм боллоо доо” гэж хэн ч боддоггүй. “Ёстой ард түмнийхээ төлөө зүтгэнэ дээ. Амласнаа хийнэ дээ.Бүтээхийн төлөө явна даа” гэж боддог. Сонгуулийн шөнийн баяраа ажлын өдөр битгий март, улстөрчид өө. Байнга санаж бай. Тэгж чадвал ард түмнийхээ төлөө зүтгэх, хийх зүйлээ хийж чадна. Харамсалтай нь сонгуулийн шөнийн баяр тэр шөнөдөө дуусаад маргаашаас нь мартаж байгаа нь л үнэхээр өнөөгийн увайгүй улс төрийн эхлэл болоод байна. Товчхон хэлэхэд ийм байна.
Оролцогч: -Та Монголын улс төрийн намуудад хандаж юу хэлэх вэ?
Ерөнхийлөгч: -Өнөөдөр улс төрийн намуудын байж байгаа байдал үнэхээр хэний ч сэтгэлд хүрэхгүй байна. Монголд асуудал шийдэж байгаа арга хэлбэр улам жижгэрээд л байна. Монгол Улс маань намуудад хуваагдаж байна. Намууд дотроо фракц, бүлэглэлүүдэд хуваагдаж байна. Бүлэглэл нь доошоо яваад түүнийг даргалдаг даргад хуваагдаж байна. Уг нь энэ эсрэгээрээ байх ёстой. Юм томоор явах ёстой. Тэр удирдаж байгаа хүн улс орныхоо төлөө зүтгэдэг, тэгэхэд нь нам, хамт олон нь түшдэг ийм л байх ёстой. Гэтэл яг үнэндээ улс төрийн нам хувийн эрх ашгаа гүйцэлдүүлдэг хэрэгсэл болоод хувирчихсан байна. Эрх барьж байгаа бүлэглэлийн хувийн эрх ашгийг гүйцэлдүүлдэг хэрэгсэл болсон байна. Үүнийг бид өөрчлөх хэрэгтэй. Намын ийм байдлыг цааш үргэлжлүүлж болохгүй. Зогсоох ёстой.
Улс төрийн намыг яаж өөрчлөх вэ, яаж зөв болгох вэ гэдэг дээр хамтраад хууль санаачлаад оруулах шаардлагатай. Би улстөрчдийг, УИХ-ын гишүүдийг хараад байгаа юм. Тэр хууль нэг сайн явж өгөхгүй юм шиг харагдаад байгаа. Тиймээс бид өнөөгийн улс төрийн намуудын тоглоомын дүрэм, энэ явж ирсэн байдлыг бүрэн өөрчлөх хэрэгтэй.
Зоригтой эдийн засгийн алхам хэрэгтэй байна
Оролцогч: -Манайх дэлхийд гайхуулах түүхтэй гэдэг. Гэтэл өнөөгийн эдийн засгийн бодлогоос болоод жуулчид 5000 ам.доллар үрж Монголыг зорьсноос 500 ам.доллартай Өвөрмонголыг зорих уу гэсэн асуулт тулгарч байна. Үүнээс гарахын тулд ойрын үед эдийн засгийн ямар бодого хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?
Ерөнхийлөгч: -Өнөөдөр хөрөнгө оруулалт нь зогсчихсон, эдийн засгийн өсөлт саарсан, нөхцөл байдал сайн биш байна. Хүмүүсийн амьдрал ч хэцүү байна. Маш олон аж ахуйн нэгж хаалгаа бариад хүмүүсээ цомхотгож байна. Хувийн аж ахуйн нэгж ч адилхан, улсын аж ахуйн нэгж ч адилхан, бүгд өрийн сүлжээнд орсон байна. Өнөөдөр Монголд ямар эдийн засгийн бодлого хэрэгтэй вэ гэвэл гаднаас ахиухан валют оруулж ирдэг, Монголоос бага валют гардаг, үйлдвэрлэлийг дэмжсэн, иргэдээ юм хийхийг дэмжсэн, зоригтой эдийн засгийн алхам хэрэгтэй. Үүнээс өөрөөр бид асуудлыг шийдэж чадахгүй.
Оролцогч: -Өнөөдөр Монгол Улсад хамгийн түрүүнд хийх шаардлагатай ямар ажил байна вэ?
Ерөнхийлөгч: -Үүнийг гурав хуваавал зүгээр байх гэж би боддог. Төрийн түвшинд хийх нэн шаардлагатай ажлууд байгаа. Үүн дээр нэлээд анхаарч ажиллая гэж би хувьдаа бодож байгаа.
Шилэн дансны хууль гэж гарсан. 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Ард иргэд, энэ улстөрчид миний мөнгийг яаж зарцуулж байна гэдгийг илүү сонирхдог. Эрх мэдэлтнүүд хэдэн төгрөг хаана зарцуулсан гэдэг нь бүгд веб сайт юм уу, зориулалтын самбар дээр ил тод мэдээлэгдэж байх ёстой. Үүнд ард иргэд хяналт тавиад эхэлбэл авлигаас эхлээд их олон муу зүйл алга болж эхэлнэ.
Сонсголын тухай хуулийг бас өргөн бариад байгаа. Бид үнэндээ ардчиллыг хэлбэрийн хувьд авчихаад амьсгалыг нь, тэр дотор нь байдаг бүтцийг нь аваагүй. УИХ дээр төсвийн тухай сонсгол явж байх ёстой. Томилгооны тухай сонсгол явж байх ёстой. Аймгийн ИТХ дээр тэр асуудлууд бас явж байх ёстой. Байгаль орчны тухай, Засаг даргын гаргасан шийдвэрийн тухай асуудлыг сумын Хурал нь сонсголоороо шийддэг байх ёстой. Ингэвэл ардчилал өөрөө амилж эхэлж байгаа юм. Ардчилал өөрөө амьтай, хариуцлагатай болно.
Би бас Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтны хариуцлагын тухай хуулийг оруулах гээд Засгийн газраас санал аваад байна. Ерөнхийлөгчөөсөө эхлээд УИХ-ын гишүүн, бүх түвшинд улс төрийн албан тушаалтантай тооцдог хариуцлагыг маш тодорхой болгож өгөх хэрэгтэй. Өнөөдөр нэг хүн албан тушалаас салах, явах гэхэд улс оронд бөөн хямрал болох шахуу юм болж байна шүү дээ. Ямар юм хийвэл чи өөрөө ёс зүйн, улс төрийн хариуцлага хүлээгээд явж байх ёстой юм. Ямар юм хийвэл чи хууль, хяналтын байгууллагад шилжих ёстой юм бэ. Яавал УИХ-ын гишүүнийг эргүүлж татаж болох юм. Яасан үед Ерөнхийлөгчтэй, УИХ-ын гишүүнтэй, Засаг даргатай, ИТХ-ын төлөөлөгчтэй ямар хариуцлага тооцож болох вэ. Манайхан сонгууль болгоны өмнө хариуцлага, шударга ёс яриад явдаг. Одоо түүнийг биетээр нь үзэх хэрэгтэй. Нэрийг нь хэлээд явдаг байсан бол одоо биеийг нь харуулах цаг ирсэн.
Төрийн албаны хуулийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Улс төрийн намуудын хуулийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Захиргааны ерөнхий хуультай болно. Манайх Захиргааны ерөнхий хуульгүй шүү дээ. Төрийн захиргааны байгууллага ямар стандарттай байх юм. Захиргаанаас гарч байгаа шийдвэрүүд яаж хадгалагдах юм. Тэр нь байхгүй, албан тушаалтнуудын дур зоригийн асуудал болж ирсэн. Захиргааны шүүхтэй болсон ч энэ хуулийг нь гаргаж өгөөгүй байсан. Засгийн газар, төрийн захиргаа хамгийн их дургүйцдэг хууль. Би энэ хуулийг өргөн барихаар бүх нөхцөлийг судлаад оруулж байгаа. Шүүх эрх мэдэл тойрсон маш их хууль байна. Шүүхийн холбогдолтой 6-7 хууль баталсан ч Гэмт хэргийн тухай буюу Эрүүгийн хуулиа, Хариуцлагын тухай хуулиа бид өөрчилж чадаагүй л байна. Хүн барьж хэрэг хүлээлгэдэг хэвээрээ л байна. Бид шүүгчдийн барьдаг номыг нь өөрчилж байж л үүнийг өөрчлөхөөс өөр ямар ч арга байхгүй. Ингээд бодоход өнөөдөр УИХ ямар их ажилтай байж болохоор байна вэ.
Нөгөө талаас эдийн засгийн түвшинд өнөө маргаашгүй авч хэрэгжүүлмээр ажлууд байна. Оюутолгой, Тавантолгойтой холбоотой асуудлыг маш хурдан шийдэх хэрэгтэй. Тавантолгой төрийн өмчлөлөөр цаашаа явахгүй, хувийн өмчлөлд өгөх хэрэгтэй. Хувийнхан нүүрсээ ухаад, аваад, ачаад, төр татвараа аваад явдаг хэлбэр рүүгээ хурдан ормоор байна. Оюутолгойн гүний уурхайн хоёр дахь төслийг маш хурдтай явуулах хэрэгтэй. Цахилгаан станц барих гэхээр цахилгааны үнэ ашигтай биш учраас мэргэжлийн хүмүүсийн хэлээд байгаа тэр цахилгааны үнийг хаана нь яаж нэмэхээ шийдэх хэрэгтэй. Өнөөдөр ийм хүнд асуудлыг шийдэх гэж байгаа юм. Түүнээс биш татвар төлөгчдийн мөнгөөр цугласан хэдэн төгрөгийг хэн ч, хаана ч хуваарилж цацаж чадна. Энэ асуудлыг эдийн засагт шийдэх хэрэгтэй. Өөрсдөө шатахуунаа, хийгээ гаргадаг болъё.
Газраа эргэлтэд оруулмаар байна. Газрыг гадаадын хүнд өмчлүүлдэг, түрээслүүлдгийг бүрэн март. Ерөөсөө Монгол Улсын гурван сая иргэн газар гэдэг баялгаа яаж ашиглах юм. Иргэндээ л баялаг болгож өгье л дөө. Сонгуулийн үеэр л газрын тухай баахан ярьдаг. Иргэндээ өгөх болохоороо ярьдаггүй. Энэ хэцүү асуудал. Гэхдээ төрөөс зааж өгсөн энэ газрыг чи өмчлөх эрхтэй. Ийм зүйлд ашиглах эрхтэй. Үүнийг зөрчвөл төр буцаагаад газраа хурааж авна. Ингээд иргэндээ өгчихвөл асар их баялаг эргэлтэд орох гэж байна.
Нийгмийн даатгалын өр гэж нэг их наяд төгрөг байдаг. Одоо бараг хоёр их наяд төгрөг ч болох гэж байна уу. Үүнийг мөнгөжүүлээд төлсөн хүмүүсийнх нь нэр дээр төлсөн хэмжээгээр нь бичилт хийгээд, эргүүлээд өрийг баялаг болгох боломж байна. Үүнийг хийж чадахгүй суугаад байна. Ийм том асуудлуудыг шийдэх хэрэгтэй. Өрийн удирдлага гэж байна. Өр 40 хувьд хүрчихсэн. Илүү байж болохгүй гээд таазандаа тулчихсан. Засгийн газар цаашаа алхаж юм хийх гэхээр юу ч хийж болдоггүй. Хэдэн төгрөг зээлж оруулж ирээд хэлж ярьсаар байтал хариуцлагагүй зарцуулсан тохиолдол байгаа. Уг нь бид оруулж ирсэн бондынхоо нэг ам.долларын цаана хоёр ам.доллар босгох ийм ажил хийх хэрэгтэй байсан.
Монгол капиталист эдийн засагтай, социалист эрүүл мэндийн салбартай. Өнөөдөр Монголд хамгийн муу байгаа салбар бол эрүүл мэнд. Нийтийн хоолны салбарыг эрүүл мэндийн салбар шиг авч явсан бол монголчууд гадагшаа гарч хоол идэх байсан байх. Гэтэл энд хувь орж ирээд хэчнээн олон янзын гуанз, ресторан, хэчнээн олон боломжийг ард түмэн бий болгож чадав. Эрүүл мэндийн салбарт нийтийн хоолных шиг боломжийг оруулж өгөх хэрэгтэй. Үүнийг хийх хүн Эрүүл мэндийн шинэ сайдаар томилогдох ёстой.
Төрийн хүрээнд, хуулийн хүрээнд, эдийн засгийн хүрээнд гээд яривал маш их юм ярихаар байна. Бизнесийн моргейжийн системийг бүх дэлхийд хэрэгжүүлээд байгаа. Түүнийг Монголд хамгийн түрүүнд оруулж ирэх хэрэгтэй. Нэг бизнес эхлэх гэдэг. Олсон хэдэн төгрөгөө түрээсийнхээ мөнгөнд өгөөд шатаад л эргээд эргэлтгүй хөрөнгөгүй суудаг.Т эр боломжийг бизнесийн моргейжоор нөхөх бүрэн боломжтой. Эдийн засаг ярьж байгаа бол хөрөнгийн биржээ хурдан эргэлтэд оруулмаар байна. Дэлхийн стандартад хурдан оруулах хэрэгтэй. Өнөөдөр дэрэн дороо юм уу, банкинд хадгалахаар мөнгөний ханш унаад байна шүү дээ. Тэрний оронд Монголд сайн явж байгаа төслүүд рүүгээ Хөрөнгийн биржээр дамжуулж хөрөнгө оруулалт хийгээд, тэндээсээ хувь аваад явах эрхийг Монголын ард түмэнд нээж өгөх хэрэгтэй. Үүнийг нээхэд зарим хүндрэл гарч магадгүй. Үүнийг хийж чаддаг Засгийн газар, ийм ажлууд руу орж чаддаг хүн л хэрэгтэй байна.
Тохиролцоонд хүрчихсэн зүйлсийг ажил болгох хэрэгтэй
Оролцогч: -Дараагийн асуулт олон улсын харилцааны тухай. Үүн дээр алт, зэс, байгалийн баялгуудаа борлуулах боломжууд гэсэн асуудал гарч ирж байна.Бидний дараагийн онцлох асуудал юу байх вэ?
Ерөнхийлөгч: -Боломжууд бидэнд бий. Хийн хоолой биднийг тойроод явчихлаа. Дараа нь ч Монголоор дайрч явах хийн хоолойн тухай ярьж болно. ОХУ-ын ард түмэн, удирдлагуудын гаргаж байгаа шийдвэрийг бид буруу гэж хэлэхгүй шүү дээ. Өөрийнхөө хот тосгодоор дамжуулсаар яваад Хятадын хил хүргээд л оруулж байгаа. Гуравдагч орноор орууллаа гэхэд дахиад Украйн шиг ийм зүйл болох вий гэж бүгд л санаа зовж байгаа. Энэ баталгааг бид гаргаж өгч чаддаг байх ёстой. Хийн хоолой манай нутгаар нэг км илүү явах нь ашигтай гэж харж байгаа шиг оросууд ч гэсэн өөрсдийнхөө нутгаар нэг км илүү явуулахыг бодно. Хятад руу явж байгаа хийн хоолойн зарим нэг шугам нь Монголоор дайрах юм бол илүү богинохон,зардал багатай очих боломжтой. Гэвч хийн хоолой барьж байгаа улсууд нь илүү өндөр үнээр барих юм бол тэр аж ахуйн нэгждээ очих ашиг нь өөр учир илүү өндөр үнэ гаргаж барих сонирхол аж ахуйн нэгжүүдэд байдаг. Тэгэхээр улстөр илүү амархан шийдэлтэй, хэлэнгүүт Монголоор ороод ирэх боломжтой байсан бол зөндөө олон хийн хоолой орж ирээд Монголыг хэрчихсэн л байх байсан.
Улстөр гэдэг, өнөөдрийн энэ явж байгаа бодлого тийм амархан шийдэлтэй биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүний бодож байгаагаас хэцүү. Гэхдээ түүнийг шийдвэрлэхийн төлөө, ард иргэдийнхээ эрх ашгийг өмнө тавьж бодож чаддаг байх ёстой. Хоёр хөрштэйгөө ярьж чаддаг, хоёр хөршийнхөө удирдагчдыг авч ирээд гурван талаараа ярьж чаддаг болно гэдэг өнөөдөр Монголын амжилт.
Зөвхөн хийн хоолойноос гадна бид зөндөө олон ажил ярьж байгаа.Монголоор дамжин явж байгаа төмөр замыг хос төмөр зам болгоё. Үнэхээр Азид хийгдэж байгаа бүтээгдэхүүн Европод хэрэгтэй байх юм бол Монгол дамжин өнгөрүүлдэг хамгийн гол боомт орон байх боломж байна. Үүн дээр Монгол хамтарч ажиллая, Засгийн газрын түвшинд гэрээгээ байгуулъя. Ямар боомт, далайгаар дамжаад манай бүтээгдэхүүн гуравдагч оронд гарч болох, ямар төмөр замаар Хятадын нутгаар явах, түүгээр явахад ямар хөнгөлөлт үзүүлэх вэ гэдэг олон жилийн ажил байна. Бид үүнийг хийгээд урд хөрштэйгөө дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээрийг зурж чадсан. Одоо хойд хөрштэйгөө яриад гурван чиглэлээр Засгийн газрын хэлэлцээрийг байгуулах гээд явж байна.
Үүний араас манай Засгийн газар, ажлаа хариуцаж байгаа хүмүүс энэ ярьж хэлж байгаа, улстөрийн хэмжээнд тохиролцоонд хүрчихсэн зүйлсийг ажил болгохын төлөө өдөр шөнөгүй л ажиллаж байх ёстой.
Мэргэжлийн Засгийн газартай болъё
Оролцогч: -Өнөөдрийн улс оронд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар асууя. Засгийн газар огцорчихоод байна.Та Засгийн газрыг бүрдүүлэх тал дээр ямар бодолтой байна вэ?Одоогийн ажиллаж байгаа сайдуудаас үргэлжлүүлж ажиллах боломжтой сайн ажиллаж байгаа сайдууд байна уу?
Ерөнхийлөгч: -Би байнга хэлдэг. Засгийн газар огцрох, Ерөнхий сайд огцроход би дургүй. Ер нь ч хэрэггүй байдаг юм. Огцорч байгаа Ерөнхий сайд нь сайн хүн байгаа учраас огцруулж хэрэггүй гэж байгаа юм биш. Огцорсных нь дараа хор нь дийлдэггүй байхгүй юу. Түүнээс нь хамгаалах дархлаа, систем Монголын улстөрд тогтоогүй байгаа юм.
Бас нэг зүйл, манайхан ажил авахдаа их гоё авдаг. Хамгийн гол нь ажлаа өгч сурах хэрэгтэй. Би өндөр албан тушаалтнуудад хэлдэг. Чи ажил авч байхынхаа баяр, тэр үед хандаж хэлж байсан үг, талархлаа мартаж хэрэггүй. Хааяа санаж байх хэрэгтэй. Дээрээс нь ажлыг хэн ч авч чадна, бас ажлыг зөв өгч сурах хэрэгтэй. Үүнийг хууль журмаар зохицуулж өгөх шаардлагатай байгаа.
Миний харж байгаагаар үнэхээр хүнд нөхцөлд ажиллах Засгийн газар гарч ирнэ. Эдийн засаг, улс орны амьдрал хэцүү байгаа. Хямралыг удирдах Засгийн газар гарч ирнэ шүү дээ. Монголчууд хэрсүү. Хэцүү байна гэдгийг харж байгаа. Зарим хүмүүс “Авралын Засгийн газар” гэж байгаа. Энэ Засгийн газарт улстөр бодох ямар ч шаардлагагүй.
Би одоо гарч ирэх Ерөнхий сайдад хоёр шаардлага тавина. Чи 2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар бодох шаардлагагүй, чи дахиад намын дарга болно гэж бодох шаардлагагүй, улстөр бодох шаардлагагүй. Энэ нэг жил зургаан сард улс орноо л бодож ажилла. Ийм их ажил байна. Ийм хэцүү шийдлүүд байна. Оюутолгой дээр тулгамдаж байгаа асуудлуудыг шийдээд явахад таван жил хараалгаж магадгүй. Дараа нь арван жилийн дараа тэр шийдэл нь зөв болж ч магадгүй. Энэ Тавантолгой, тэр цахилгаан станц, саяын миний ярьдаг асуудлуудыг шийдээд явах хэрэгтэй.
Өнөөдөр чи нэг жил зургаан сар ажиллана. Дараа нь сонголт чинь тодорхой байх ёстой. Таван жил, арван жилийн дараа дахиад Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн тухай ярьж болно. Ерөнхий сайдаар сайн ажиллах юм бол 2016 онд намын жагсаалтад миний нэрийг оруулж өгөөрэй. Би улс төр бодохгүй, улс орноо л бодож зүтгэнэ. Тэгээд л боллоо.
Одоо УИХ, Засгийн газар дээр явж байгаа ажлыг та бүхэн хар даа. Ерөөсөө л дараачийн сонгуулиа, улстөрөө л бодсон ажил хийгээд байна шүү дээ. МАН асуудал тавиад Засгийн газрыг огцруулахдаа ийм үр дагавар гарна гэдгийг мэдээгүй хийсэн гэж бодож байна уу? Бүр тооцож хийж байгаа. Ардчилсан намынхан дотроо ингэж хагарна, Ерөнхий сайдаа гаргаж ирэхийн тулд ийм юм болно, ингэж хагараад нэр хүнд нь унах тусам бидэнд ашигтай гэж. Гэхдээ Монголд ашиггүй бол МАН-д уг нь ашиггүй л байх ёстой байхгүй юу. Тэгэхээр энэ бол Монголд ашиггүй шийдэл.
Нэгэнт шийдчихсэн учраас бид дараачийн Засгийн газраа яаж байгуулах вэ гэдгээ бодох ёстой. Монголын төлөө өөрийгөө золиослох тийм л Ерөнхий сайд гарч ирэх хэрэгтэй. Засгийн газрын гишүүдэд бас миний тавих шаардлага байгаа. Засгийн газрынгишүүн УИХ-ын гишүүн байх ёсгүй. Засгийн газар цэвэр мэргэжлийн, гаднаас, асуудал шийдэж чаддаг Засгийн газар болох ёстой. Нэг юмыг манайхан ойлгохгүй байгаа. Үндсэн хууль дээр маш тодорхой бичсэн байдаг юм. УИХ-д олонхи суудал авсан нам байхгүй бол олон суудалтай нам нь бусад намуудтайгаа зөвшилцөж гаргаж ирнэ гэж байгаа. Тэгээд Ерөнхийлөгч тэр хүнийг УИХ руу оруулж батлуулдаг. Засгийн газрын гишүүнийг намууд ярьдаггүй юм. Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, түүнд оруулах өөрчлөлтийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ руу оруулна гэж байдаг.
Одоо энэ намын товчоогоор оруулдгаа болих хэрэгтэй. Намын бүлгээр Засгийн газрын гишүүнийг ярих шаардлага байхгүй. Тэнд очиж фракцад хуваарилах хэрэггүй. Нөгөөдөх нь Засгийн сайд биш, фракцын төлөөлөл болж ажиллаж байна шүү дээ. Харагдаж байгаа биз дээ. Тэгж ажил унагаж байгаа. Тэр Үндэсний зөвлөлдөх хороо, намын бага хурал, удирдах зөвлөл, гүйцэтгэх зөвлөл, намын бүлгүүдээр Засгийн газрын гишүүнийг ярих ямар ч шаардлага байхгүй. Гаднаас, мэргэжлийн хүн байх хэрэгтэй. Дээрээс нь одоо Засгийн газрын гишүүн болох гэж байгаа хүмүүс нэг зүйлийг мэдэх хэрэгтэй. Одоо Засгийн газрын гишүүн болох гэж байгаа нөхдүүд 2016 оны сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ хэлэх хэрэгтэй.
Мэргэжлийн Засгийн газартай болъё. Саяхан Италид манайх шиг Засгийн газар нь хямрахад их сургуулийн нэг багшийг Ерөнхий сайдаар томилж, мэргэжлийн Засгийн газар байгуулаад, жил ажиллуулаад л маш олон асуудлыг шийдсэн. Монголд 1990 онд Бямбасүрэн гуайн Засгийн газар ийм мэргэжлийн шинжтэй байсан. Өнөөгийн тулгамдаж байгаа асуудлыг харахад яг ийм мэргэжлийн Засгийн газар ажиллах хэрэгтэй байна. Тэрнээс биш улс төр хийж, дараагийн сонгууль, карьераа боддог Засгийн газар хэрэггүй ээ. Товчлуур дарж, хэвлэл хахуульдаж, суудалдаа хэрхэн үлдэх вэ гэж боддог Засгийн газар хэрэггүй.
Мөн УИХ-д суудалтай намууд Ерөнхий сайдыг 2016 оны сонгууль хүртэл огцруулах санал оруулахгүй гэж шийдвэр гаргах хэрэгтэй. Бид энэ явдлаас сургамж авах хэрэгтэй. Бидэнд засгаа огцруулж шинээр томилоод суух цаг хугацаа байхгүй байна. Улс орон маань элгээрээ мөлхөх нь байна. Шинэ Засгийн газар гарч ирээд хүнд асуудлуудтай тулгарна. Тийм учраас улс төрийн карьераа боддоггүй мэргэжлийн Засгийн газар хэрэгтэй байна. Тэгээд бид 2016 оны сонгуульд өрсөлдөхгүй, зөвхөн тухайн салбарын, жишээ нь цахилгаан станц байгуулах, хоёр толгойн асуудлыг шийдэх гэх мэт асуудлыг шийдэж өгөөд явъя гэж амлалт өгөх ёстой. Өөр арга байхгүй. Засгийн газарт орсноор сайхан бялуу хуваана гэж бодож байгаа бол тийм зүйл байхгүй шүү. Бүгдээрээ сав савандаа л байя. УИХ-ын гишүүд зөвхөн хууль тогтоох ажлаа хийе. Засгийн газрын гишүүд Ерөнхий сайддаа туслаад салбараа хариуцаад явъя. Бид ийм зориг гаргах хэрэгтэй. УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зураад ороод ирэхэд Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэнэ гээд хуульд нээлттэй байгаа боловч намууд өөрсдөө үүрэг авах боломжтой шүү дээ. Тэгэхээр Ерөнхий сайд зөвхөн өөрөө огцрох өргөдлөө өгвөл авч хэлэлцэе .
Монгол Улсын хувьд цаг хугацаа хамгийн үнэтэй хөрөнгө. Оюутолгой, Тавантолгойгоос үнэ цэнэтэй хөрөнгөө бид ингээд алдаад суугаад байж болохгүй.
Бодол бол вирус шиг, буруу бодлоос буруу үйлдэл гардаг
Оролцогч: -Та АПЕК-ийн уулзалтын дараа АН-ын даргатай уулзсан юм уу. Юуны талаар ярьсан юм бол?
Ерөнхийлөгч: -Намайг АПЕК-ийн уулзалтаас ирэхэд АН-ын дарга Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нар надтай уулзахаар ирсэн. Би нэг л юм хэлсэн. Ардчилсан нам дотор болж байгаа маргаан надад ямар ч сонирхолгүй. Ард түмэн ч сонирхохгүй байна. Нэгдүгээрт, төсвөө нэн даруй батал. Хоёрдугаарт, Ерөнхий сайдаа хурдан зөвшилцөөд гаргаж ир гэсэн. Ардчилсан нам нь УИХ-д хамгийн олон суудал авч, Үндсэн хуулийн дагуу ард түмний өмнө үүрэг хүлээсэн нам. Тэгэхээр ард түмэн, төр засгийн өмнө хүлээсэн үүргээ эхэлж хий гэж хэлсэн. Дээр нь та нар барагтайхан байсан нь дээр шүү. Сүүлийн үед хийж байгаа зарим ажлуудыг иргэн хүний нүдээр харахад дэмжихийн аргагүй зүйл олон байна гэсэн.
Оролцогч: -Та бол Монгол Улсын Ерөнхийлөгч. Гэтэл МАХН-ын дарга Н.Энхбаяр намын дарга гэхээсээ илүү гурав дахь Ерөнхийлөгч гэдэг утгаараа улс төр хийгээд яваад байна. Би төрийн тэргүүн байхдаа их алдаж, харин одоо ухаарсан гээд яриад яваад байх юм. Та энэ хүний улс төрийн оролцоог юу гэж боддог вэ?
Ерөнхийлөгч: -Монгол бол төрт ёсны агуу түүхтэй улс. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама гарч ирээд өмнөх Ерөнхийлөгч Ж.Бушийн шийдвэрүүдийг өөрчилж, алдааг нь засч, хэлэх хэлэхгүйгээр хэлж, өөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд явж байгаа. Тэгэхэд Ж.Буш нэг ч удаа эсрэг мэдэгдэл хэлээгүй. Яагаад ингэдэг юм бэ гэж би хүнээс асуутал “Тэр институци, төрийн тэргүүн хэн байх нь хамаагүй хүндэтгэдэг юм. Бид чинь энэ замаар хэдэн зуун жил явсан улс. Ууж байсан худаг руугаа нулимна гэж байж болохгүй шүү дээ” гэж хариулсан. Аргентиний баг тоглож байхад Мессигийн оронд Марадона гарч ирээд цохих гээд байж болохгүй шүү дээ. Төрд нэг тийм агуу уламжлал байдаг юм байна. Бид энэ уламжлалыг хадгалах ёстой. Би улс орноо бодож өнөөдөр ажиллаж, улс төр хийх гэж зөв буруу оролдож байгаа хүмүүст хатуу үг хэлдэг. Харин ажлаа өгсний дараа би хатуу үг хэлэх шаардлагагүй. Намайг Монголын Цахиагийн Элбэгдорж гэж нэрээр дуудахад л болно. Миний өвөөгийн нэр Монгол, миний аав Цахиа, миний нэр Элбэгдорж.
Оролцогч: -Монгол Улсын 2015 оны төсвийг хасч танаж байна. Таны төсвийг хассан уу?
Ерөнхийлөгч: -Хасагдсан. Би 2014 онд санаачилга гаргаж, төр захиргааны байгууллагуудын төсвийг наад зах нь 10 хувиар хасъя гэсэн. Үүний дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсвийг хассан. Манай байгуулагын төсвийг 2014 онд 10 хувиар хассан, мөн 2015 оны төсөв ч дахиад 10 хувиар хасагдсан. Зарим төрийн захиргааны шаардлагагүй байгууллагуудад төсөв өгөхөө болих хэрэгтэй. Мөнгө өгөхгүй бол тараад яваад өгнө шүү дээ. Өнөөдөр Монголд ингэх цаг болсон.
Оролцогч: -Саяхан Ардчилсан намын удирдах ажилтнуудын зөвлөлгөөн болсон. Үүний дараа УИХ-ын гишүүн Ж.Батзандан орон нутгийн намын дарга нарт “араамандаа яйжигнаарай” гэж хэлсэн. Ардчиллын төлөө хамтарч зүтгэж байсан хүмүүст ямар санагдсан бол? Дараагийн асуулт, “Орон нутгийг хөгжүүлэх сан” гэж маш зөв санаачлага байсан. Энэ сангийн төсөв 2015 оны төсөвт маш их танагдсан. Үүний талаар ямар бодолтой байна?
Ерөнхийлөгч: -Хасах ёсгүй ганц төсөв бол “Орон нутгийг хөгжүүлэх сан”-гийн төсөв юм. Энэ маягаар сум бүхэн, аймаг бүхнийг өөд нь татаад ирвэл Монгол хөгжинө шүү дээ. Энэ чухал ажилд өгөх мөнгийг хасч болохгүй. Үнэхээр ингэж хассан бол төсвийн тодотгол хийх үеэр би онцгой анхаарна.
Ж.Батзандангийн хэлсэн үгийн тухайд хүн юу бодож, юу ярьж байгаа тал дээрээ анхаарах хэрэгтэй. Бодол гэдэг бол аюултай зүйл. Бодол бол вирус шиг, буруу бодлоос буруу үйлдэл гардаг. Хүн бодлоо хянадаг байх хэрэгтэй. Үгээ битгий хэл гишгэсэн мөрөө эргэж харж байх хэрэгтэй.
Оролцогч: -УИХ-ыг зарим хүн тарах ёстой гэж үзэж байна. Та юу гэж бодож байна?
Ерөнхийлөгч: -Ингэх ямар ч шаардлагагүй. Харин гишүүд дотроос сайд болно гэдэг горьдлогыг бүрэн таслан зогсоох ёстой. Ерөнхий сайд л ганцаараа УИХ-ын гишүүн байж болно. Гишүүд зөвхөн хууль тогтоох ажлаа хийх нь зүйтэй.
Оролцогч: -Би хувьдаа Ерөнхийлөгчийг хамгийн хүнд бөгөөд хариуцлагатай ажил гэж боддог. Тэгвэл өнгөрсөн хугацаанд таны хувьд хамгийн хэцүү ба хамгийн сайхан байсан зүйл юу вэ?
Ерөнхийлөгч: -Ерөнхийлөгчийн үүрэг бол ард түмнээс авч байгаа өндөр хариуцлага юм. Жишээ нь, гурван талт уулзалтыг ард түмэн хэрэгтэй гэж үзээд намайг шийдүүлэхээр томилж байгаа хэрэг. Миний цалинг ард түмэн, татвар төлөгчид өгч байгаа. Их Тэнгэрт улсын байранд Ерөнхийлөгчийг байлгадаг нь ажлын цаг нь дуусах гэсэн ойлголт байдаггүйтэй холбож би ойлгодог. Шөнө дунд ийм асуудал үүслээ гээд над руу утас цохиж л байх ёстой. Их Тэнгэрийн гэр бол миний ажлын байр юм. Энэ хэцүү ажлыг хийлгэх гэж, энэ албан тушаалтнуудыг шахаж шаардуулах гэж надад ард иргэд энэ үүргийг хүлээлгэсэн. Тэгэхээр би чадах чинээгээрээ, улс төр бодолгүй улс орноо бодоод л зүтгэхээс өөр аргагүй. Энэ ажлаараа би үлгэр дууриал үзүүлэх ёстой. Ерөнхийлөгчийн ажлын сайхан нь хүн дуудахад хурдхан хүрээд ирдэг. Өөр сайхан юм байхгүй.
Оролцогч: -Америк мөрөөдөл гэж байсан. Өнөөдөр Хятад мөрөөдөл гэж яригдах болсон. Монгол мөрөөдөл гэж байж болох уу? Монголын хөгжлийн философи гэж юу юм бэ?
Ерөнхийлөгч: -Монгол мөрөөдөл гэж байлгүй яах вэ. Монголын хөгжлийн философи манай хоёр хөршөөс ялгаатай гэж би хувьдаа боддог. Манай хоёр хөршид төр нь хүчтэй. Хүчтэй удирдлагатай байж байж тэнд эмх цэгц, хэв журам, өсөлт хөгжил байдаг. Харин Монголд төр бус иргэд нь хүчтэй, бүтээлч байх ёстой. Монголын хувь хүн, гэр бүл, хамт олон хүчтэй, бүтээлч байгаасай. Гурван сая хүнээс нэг сая нь, нэг сая хүнээс 100 мянга нь бүтээлч байвал Монголын хүн ам багадахгүй шүү дээ. Бид иргэддээ тулгуурлан, түүнд эрх, санаачилга өгч байж хөгжихөөс өөр арга замгүй. Тэгэхээр мөнгө олдож байвал түүнийг бид хүнийхээ хөгжилд хийж байх ёстой.
Оролцогч: -Та “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилга дэвшүүлсэн “Ухаалаг төр” гэж ямар төрийг хэлэх вэ.
Ерөнхийлөгч: -Би тэр санаачилга дэвшүүлсэн илтгэлдээ хоёр гар утас үзүүлээд ярьж байсан. Олон жилийн өмнө Монгол Улсад гар утас нэвтэрч орж ирж байхад зөвхөн дугаараа цуглуулаад залгаж болдог тоосго шиг том зүйл байсан. Түүнээс хойш гар утасны салбар хөгжөөд тэр утсанд агуулах функц боломжууд нэмэгдэж ухаалаг болсон. Түүнийг дагаж хэмжээ нь улам багассан. Гэтэл өнөөдөр төрд үүрэг нэмэгдээд, функц нэмэгдээд ирэхэд гар утас шиг жижигхэн цомхон биш, улам томроод, зардал нь нэмэгдээд, тэнд ажиллах хүмүүс нь улам олшроод байна. Ухаалаг төр хариуцлагатай байх ёстой. Ухаалаг хүн ёс зүйтэй байх ёстой. Энэ асуудлыг би гаргаж тавьсан юм. Энэ нь нам, улс төрийн хүмүүсээс эхлээд жирийн иргэдэд хүртэл хүрсэн юм шиг байгаа юм. Энэ бодлогыг дэмжиж Улсын Их Хуралд суудалтай бүх намууд бүлгээрээ дэмжиж энэ бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж гарын үсэг зурсан. Энэ бодлого шийдвэртэй уялдуулж батлах шаардлагатай хуулийн төслүүдийг санаачлан УИХ-д оруулаад явж байна. Хэрэгтэй хүндээ тусалж чаддаг дарамт болдоггүй тийм л ухаалаг л төр манайд хэрэгтэй байна. Иймд ухаантай байна гэдэг бол бодож чаддаг байхыг хэлж байгаа юм. Иргэд төрийг ухаангүй, чадварлаг бус, хүчгүй байна гэж шүүмжилж байгаа. Ард түмэн шүүмжилж чаддаг байна гэдэг том алхам.
Би хоёр зүйлд баярлаж явдаг. Энэ улс төрд явагдаж байгаа үйл ажиллагаанууд ил тод явагдаж байгаад баярлаж байна. Улстөрчдийн хийж буй буруу шийдвэр арга хэмжээ ил тод биш бол ийм амжилтад хүрэхгүй. Бас нэг зүйл нь Ерөнхий сайд огцорч байна уу, огцроогүй байна уу, хэн гэдэг хүн Ерөнхий сайд болох гэж байгаа гэдгийг анхаарахгүйгээр, хамаарахгүйгээр амьдаралаа аваад явж байгаа нийгмийн том хэсэг байна. Тийм хэсэг улам том болоосой гэж боддог. Ямар төр байх нь хамаагүй, урдах ажлаа сайн хийгээд явж байгаа, засаг төрөөс хамааралгүй хэсэг улам нэмэгдээсэй гэж би үргэлж боддог. Энэ хоёр бол Монгол улсын том ололтууд юм.
Оролцогч: - Сүүлийн сонгуулийн үр дүнгүүдийг харахад аль нэг нам олонхи болж чадахгүй байна. Ийм нөхцөлд Сонгуулийн тухай хууль ямар байх нь зөв бэ? Пропорциональ тогтолцоо зөв байж чадаж байна уу?
Ерөнхийлөгч: -Сонгуулийн хуулийг УИХ маш хурдан гаргаж батлах хэрэгтэй. Гэтэл зарим гишүүн энэ хуулийг эрт баталчихвал хүмүүс танилцаад биднээс түрүүлж очоод тойргоо бэлдчихнэ гээд болгоомжилж байх жишээтэй. Ийм болохоор л УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй гээд байгаа юм. 2015 он гарахаар энэ хүмүүс сонгууль бодоод ажиллаж эхэлнэ. Салбарын өмнө, Засгийн газрын өмнө тулгарч байгаа асуудлуудыг шийдэх зав ч байхгүй болно. Би УИХ болон Сонгуулийн хуульд тусгуулах зарчмын хэд хэдэн санал хэлж байгаа. Намын жагсаалтаар УИХ-д орж ирсэн хүн хоёр дахь удаагаа дахин намын жагсаалтаар орж сонгогдохгүй байвал яасан юм бэ. Намдаа үнэхээр нэр хүндтэй, хэрэгтэй хүн юм бол нэг удаа л жагсаалтаар ор. Хоёр дахь удаагаа бол нэрээ дэвшүүлж тойрогт өрсөлд. Дархлагдсан гишүүн гэж байж болохгүй. Чи үнэхээр зөв байсан, ард түмэн чамайг дэмжиж байгаа бол нэрээ дэвшүүлээд сонгогдоод гараад ир. Яг энэ мэтээр алдаж онож байсан зүйлүүдээ тусгаад хуулиа хурдан гаргах хэрэгтэй. Удаагаад байх ямар ч шаардлага байхгүй.
Оролцогч: -Өнөөгийн улс төрд хэн нэгэн хүнээс алдаа хайсан улс төр өрнөх юм. Асуудал нь хүнд биш тогтолцоонд байх шиг байна. Тогтолцооны шинэчлэл хийхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон уу?
Ерөнхийлөгч: - Манайд хэсэг бүлэг нөхөд гарын үсэг зурж засаг төрийг унагаагаад байгаа болохоос биш Үндсэн хуулиас болоод унаад байгаа зүйл байхгүй. Үндсэн хуульд орсон дордуулсан долоон өөрчлөлт гэж зарим хүмүүс хэлдэг. Үнэхээр муу өөрчлөлт ороод дордсон гэж үзэж байгаа бол түүнийг буцаагаад 1992 оныхоор нь сэргээх хэрэгтэй. Дараа нь хэрэгтэй бол Үндсэн хуульд өөрчлөлт хийх тухай ярилцъя.
Оролцогч: -Монгол Улс Ерөнхийлөгчийн институттэй болоод дөрвөн Ерөнхийлөгчийг сонгосон Парламентын засаглалтай улс. Ерөнхийлөгчийн засаглалын талаар таны байр суурь ямар байдаг вэ?
Ерөнхийлөгч: -Одоогийн бидний сонгож авсан Парламентын засаглалаа тордож сайжруулаад цаашаа явах хэрэгтэй. Аливаа зүйл цагийн шалгуур давж байж үнэт зүйл болдог .Парламентын засаглалд дутагдал, гажиг байгаа бол засаад тордоод явах хэрэгтэй. Өнөөдөр өөр засаглал энэ тэр гэж ярих ямар ч шаардлагагүй.
Оролцогч:-Таны гол дэвшүүлж байсан бодлогын нэг авилгатай тэмцэх ажлын үйл явц, үр дүн ямар түвшинд байна вэ?
Ерөнхийлөгч: -Таван жилийн өмнө Монгол Улсад хамгийн их тулгамдсан асуудлуудын тэргүүнд авилга байнга орж байсан. Одоо Монгол Улсын хамгийн түрүүнд шийдэх асуудлыг аваад үзэхэд эхний тавд ч авилга гэж бичигдэхгүй болж. Энэ нь авилга гэдэг асуудал шийдэгдчихсэн хэрэг үү, эсвэл манайхан авилга асуудал биш боллоо гэж үздэг болсон уу, мэдэхгүй юм. Үүнд үр дүн бол бий. Би нэг зүйлийг хэлэхэд, албан тушаалыг наймаалдаг байсан үе бий. Орлогч сайд болохын тулд мөнгөөр авилгаддаг байсан. Албан тушаалын, газрын, уул уурхайн лицензийн наймаа, тендерийн наймаа хийж баяжигсад зогссон гэж боддог. Нөгөө талдаа, одоо манаачийг хэнээр мануулах вэ гэдэг асуудал бас амьдралаас урган гарч байна. Бид үүнийг шүүх байгууллагын болон холбогдох хуулиудаар дамжуулан шийдвэрлэх болно.
Оролцогч: -Монгол Улсын соёлын, үнэт өвүүдийг та дэмждэг. Монгол бичгийн төлөө олон ажил хийж байна. Цаашдын баримтлах бодлго ямар байх вэ?
Ерөнхийлөгч: -Монголын ард түмэн өөрсдөө гайхамшигтай соёлын өвийг тээгчид байдаг. Бичиг соёл, үнэт өвүүдээ түгээн дэлгэрүүлэх, өөрсдөө мэдэж, шүтэж хэрэглэж байх ёстой. Энэ төрийн бодлого тууштай хэрэгжинэ.
Уулзалт маань ингээд өндөрлөж байна.Энэ өдөр ийм олуулаа цуглаж нээлттэй ярилцах боломж гарсанд баярлаж байна.Өнөөдөр энд 20, 25,30,35-тай олон залуус байна. Билл Гэйтс бүх хөрөнгөө зараад чиний 25 насыг худалдаж авч чадахгүй. Тэгэхээр чиний нас аугаа баялаг юм. Дээр нь ийм хүсэл тэмүүлэлтэй байгаа нь зөв юм. Залуу хүнээс хүмүүс их зүйл хүлээдэг. Яагаад гэвэл явах зам нь урт байдаг. Настай хүнээс их ухаан хүлээдэг. Яагаад гэвэл явсан зам нь урт байдаг.
Иймээс та бүхний явах зам их урт байх болтугай гэж ерөөе.
Баярлалаа
Зочин · 2014/11/18
Elbegdorj sain songolt um shuu xarin tsaatsaar awax yaliig sergeex xeregtei bolovsrongui bolgox xeregtei yadaj 5 s 10jil
Зочин · 2014/11/18
Uls orond neg ch gesen ym hiigeechee
Зочин · 2014/11/18
Guitsetgeh zasaglaliinhan gej ideh yyhiin don shugelsen ymnuud.
Зочин · 2014/11/18
Heleh hiihiin tal shuu dee ! Daanch manai busad ni eh ornoo bodohgui ni haramsaltai!
Zochin · 2014/11/18
Ene huniig guitsej yrih,setgeh,heleh hun odoo bna uu? Bhgui l bhgui yu! Zob songolt hiisen shuu manai ard tumen! bat erdene garsan bol odoo yu hiij bgaa bol? Hentiid bgaa ed zuils, ooriin surguulia bodood l oor yaj bayjihiig bodno doo Elbegdorj ene tsagiin argagui l LIDer
Зочин · 2014/11/17
mongol harsaar baij iim yumnuudaar uls ornoo uursdiiguu uguiruulj baiga bol hohjine moongolos uur uls bol ali hediin ugui hiitsen baiga hohjinee hohjine hohjine
энхтөр · 2014/11/17
Ярих нь үнэхээр үнэн юм шиг,зөв ярианы баялаг сайн хийж байгаа үйл, ажил нь алд дэлэм зөрүүтэй хүндээ. Яагаад өнөөдөр цаазын хуулийг хориглосныг мэдэх үү? биднийг өнөөдөр мөнхийн хэрүүлтэй байлгах гэж алуулсан алсан хоёр энэ хүний мулгуу шийдвэрээс болоод би өнөөдөр ажил хийж,татвар төлж ****************г тэжээнэ сэтлэгдээ зовлон тээнэ.
Зочин · 2014/11/17
Яасан гайгуй ярицлага болсон болохоор жотоо ходолсон уу?
Зочин · 2014/11/17
ene hujaa elbegdorj bvvr tsaichijee icheesei muu odoi hvn hujaagiin *****