“Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн журмыг өнгөрсөн жил баталсан билээ. Хөтөлбөр эхэлснээс хойш өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 1.8 их наяд төгрөгийг нийт 40537 зээлдэгч авсан байна гэсэн тооцоог Монголбанкнаас гаргасан аж.

Мөн зээлдэгчийн тоог авч үзвэл, хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад нийт зээлдэгчийн тоо 1.8 дахин өсч орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн тоо 60 мянгад хүрснээс 40 мянган зээлдэгч нь найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрөөс, үлдсэн нь банкны өөрийн эх үүсвэр болон бусад эх үүсвэрээс санхүүждэг юм байна. Найман хувийн хүүтэй зээл хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн ч зээлд хамрагдахыг хүссэн иргэдийн гомдол тасарсангүй. Учир нь найман хувийн хүүтэй зээлийг өнөөдрийн байдлаар арилжааны 11 банкаар олгож байгаа бөгөөд эдгээр банк зээлээ зогсоосон, Монголын ипотекийн корпораци/МИК/ эргүүлж татсан гэх зэрэг мэдээлэл гарах болсон. Уг мэдээллийн дагуу Монголын ипотекийн корпораци болон зээл олгож буй арилжааны банкуудаар орж нөхцөл байдалтай танилцсан юм. Мөн иргэдийн байр суурийг ч сонслоо.

 

Х.Маргад-Эрдэнэ: Хугацаа хэтэрсэн зээлийг хүчингүй болгоно

 

Иргэдийн мэдээллийн дагуу Монголын ипотекийн корпорацийн Актив хариуцсан албаны дарга Х.Маргад-Эрдэнээс дараах асуултад хариулт авлаа.

 

-Найман хувийн хүүтэй зээлийг арилжааны зарим банкууд зогсоосон гэх иргэдийн гомдол манай редакцид ирсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

 

-Найман хувийн хүүтэй зээл зогсоогүй. Монголын ипотекийн корпораци арилжааны банкуудаас зээлээ татаж авсан зүйл байхгүй. Өнөөдрийн байдлаар, зээл хэвийн олгогдож байна. Харин зээл хүссэн иргэдийн өргөдөл, материал бүрдүүлэх, зээл гартал хүлээлт үүсгэх тохиолдол байдаг. Үүнийг л иргэд зээл зогсоосон гэж ойлгож байж магадгүй. Өнөөдрийн байдлаар арилжааны 11 банкаар зээл олгож байна. Хас, Хаан, Голомт, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк зэрэг зах зээл дээр үйл ажиллагаа нь нэлээд өргөжсөн томоохон банкууд зээлээ хэвийн олгож байгаа. Харин үндэсний хөрөнгө оруулалтын банк болох харьцангуй жижиг Капитрон, “Чингис хаан” зэрэг банкны санхүүгийн эх үүсвэр дууссан учраас зээлээ зогсоосон.

 

-Иргэдээс “Найман хувийн хүүтэй зээл авахад тавигдах шаардлага, шалгуур өндөр байна” гэсэн гомдол ирсэн. Тухайлбал, “Зээлдэгч гурван сарын турш төлөлтөө хугацаанаасаа хойшлуулж төлсөн тохиолдолд арилжааны банк зээлийг цуцалж Монголын ипотекийн корпорацид зарна” гэсэн заалт байгааг тэд онцолж байна?

 

-Зээлийн нөхцөл шаардлагад өөрчлөлт ороогүй. Монголбанкнаас гаргасан орон сууцны ипотекийн санжүүжилтийн журам болон Засгийн газраас гаргасан ерөнхий журмыг баримталж байна. Иргэд хаанаас ч хэдэн ч удаа зээл авах боломжтой. Хамгийн чухал зүйл нь дээрх хоёрын журмын дагуу зээлээ цаг тухайд төлөх хэрэгтэй. Үүнийг зээл авсан, зээлд хамрагдсан, зээл хүссэн иргэдэд нь нэг бүрчлэн танилцуулдаг. Харин гурван сараас дээш хугацаагаар зээлээ хойшлуулж төлсөн тохиолдолд зээлийг цуцална. Энэ нь эргээд тухайн зээлийн чанартай, чанаргүй гэх ангилал яригдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, арилжааны банкаас авч буй зээл нь эргээд үнэт цаасны баталгаа болж өгдөг. Бид үүнийг худалдан авч үнэт цаасны зах зээлийн дагуу арилжиж үнэт цаас болгодог юм.

 

-Хугацаа хэтэрсэн зээлийг худалдан авч үнэт цаасжуулна гэдэг нь ямар учиртай юм бэ?

 

-Банк ипотекийн зээлийг ангилан багцалж, хоёрдогч зах дээр арилжаалах, тэрхүү зээлийн багцыг худалдан авсан этгээд түүгээр баталгаажсан үнэт цаас гаргаж, хөрөнгө оруулагчдад худалдан санхүүгийн эх үүсвэр бий болгох үйл явц юм. Энэхүү эх үүсвэрээр ипотекийн зээл дахин олгоно. Энэ утгаараа арилжааны банк болон ипотекийн зээл урт хугацаанд тогтвортой ажиллах систем бий болдог. Арилжааны банкуудын зээл олголтын хурдац буурчээ Иргэд зээл хүссэн материалаа банкинд бүрдүүлж өгснөөс хойш“Санхүүжилт ороогүй” гээд зээл олгох үгүй нь тодорхойгүй, байх үе бий. Улмаар зээл хүссэн иргэдийн өргөдлийг хэдий хугацааны дотор шийдвэрлэж өгдөг талаар Төрийн банкны ипотекийн зээл хариуцсан мэргэжилтнээс тодруулсан юм. Тэрбээр“Иргэдийн зээл хүссэн материалыг банк бүрдүүлж өгснөөс хойш санхүүжилт ордог. Энэ хугацаанд хүлээлт үүсэх тал бий. Учир нь банкнаас бүрдүүлж өгсөн материал шаардлага хангахгүй, тухайн зээлдэгчидтэй харилцан ярилцан зээлийн гэрээг танилцан зөвшилцөх зэргээс үүдэн хугацаа их ордог. Үүнд иргэд хүлээцтэй хандах хэрэгтэй. Монголбанкнаас санхүүжилт орж ирдэг. Өнөөдрийг хүртэл санхүүжилт хойшилсон тохиолдол гараагүй. Харин зээл хүссэн иргэдийн өргөдлийг өөрсдийн дотоод журмын дагуу хамгийн багадаа 14 хоногийн дотор шийдвэрлэдэг юм. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн эхний үетэй харьцуулахад банкуудын зээл олголтын хурдац буурч байгаа ч журамд заасанчлан шаардлага хангасан зээл хүсэгчдэд зээл олгосоор байна. Зээл олголтын хурдац буурсан нь зээл хүсэгчдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж, тэр хэрээр тавигдах шаардлага нь өндөр болж байгаатай холбоотой” хэмээн ярилаа.

 

Бид найман хувийн зээлийн талаар иргэдийн сэтгэгдлийг сонссон юм.

 

Баянгол дүүргийн иргэн Г.Хорол: Урьдчилгаа төлбөр нь өндөр юм шиг санагдсан

 

-Найман хувийн хүүтэй орон сууцны зээл хэрэгтэй зүйл юм шиг санагддаг. Манай хүү, бэр хоёр саяхан Хаан банкинд зээлийн хүсэлт гаргасан. Хүйтрэхээс өмнө орон сууцанд орох хүсэлтэй байгаа. Тавигдах шаардлагад нийцсэн болохоор удахгүй зээлд хамрагдаад орон сууцандаа орчих байх гэж бодож байна. Харин урьдчилгаа 30 хувиа төлөх хэрэгтэй юм байна лээ. Энэ нь өндөр юм шиг санагдсан. Үүнийг л бага болгож бууруулах боломжийг бодолцож үзээсэй. Зээл авахыг хүссэн иргэдэд энэ хэмжээний мөнгө өгөх боломжтой гэр бүл цөөн байх.

 

Баянзүрх дүүргийн иргэн Н.Мөнхтөр: Урьдчилгаа 30 хувийг бууруулах нөхцөл боломжийг бодолцоосой

-Манайх өнгөрсөн долдугаар сард найман хувийн хүүтэй зээлд хамрагдаж орон сууцтай болсон. Тавигдах шаардлага, урьдчилгаа мөнгөө төлчихвөл орон сууцанд тав тухтай амьдрах сайхан юм. Гэхдээ энэхүү зээлийг хүсэх иргэдийн дийлэнх нь залуу гэр бүл. Тийм болохоор зээлд хамрагдаж байртай болсон хүний хувьд хэлэхэд “Урьдчилгаа30 хувиа төлсөн байх ёстой” гэх шаардлага нэлээд чанга юм байна лээ. Үл хөдлөх хөрөнгө, өөрт байгаа бүхнээ мөнгө болгож урьдчилгаа болгодог. Энэ нь эргээд өр зээл болж санхүүгийн хүндрэлд оруулах тал ажиглагдаж байна. Үүнд Засгийн газар, Монголбанк болон зээл олгогч арилжааны банкууд хамтран ярилцаж арай илүү уян хатан нөхцөлийг бий болгох хэрэгтэй л юм шиг санагдсан. 

 

Хан-Уул дүүргийн иргэн Д.Ангараг: Орон сууцны зээл хүсэх иргэдийн тоо өссөн

-Найман хувийн хүүтэй орон сууцны зээл залуу хүмүүст боломжийн. Эхнэр бид хоёр хоёулаа төсвийн байгууллагад ажилладаг. Энэ жил зээлд хамрагдах гэсэн боловч зээлтэй учир боломжгүй юм байна лээ. Ирэх намраас зээлд хамрагдах бодолтой байгаа. Мөн урьдчилгаа мөнгөө ч бэлтгэх хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсч байхад орон сууцны зээл хүссэн иргэдийн тоо өмнөх онтой харьцуулахад өссөн гэж байсан. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь найман хувийн зээлийг сонирхож байгаа болов уу. Хэрэв энэ хэрээр зээлээ өгөөд иргэд эргэн төлөлтөө цаг тухай бүрт нь төлж чадаж байвал сайн шүү.

 

В.Нэргүй