“Miss international-2014” наадамд амжилттай оролцоод ирсэн загвар өмсөгч А.Батцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр “Miss Mongolia-2014” тэмцээний гуравдугаар байрт шалгарснаар энэхүү наадамд оролцох эрхийн эзэн болсон юм.

-Олон улсын сайхан бүсгүй шалгаруулах наадамд эх орноо төлөөлөн амжилттай оролцоод ирсэнд баяр хүргэе. “Miss international-2014” наадмын шалгаруулалт удаан хугацаанд үргэлжиллээ шүү?

-Баярлалаа. Юуны түрүүнд “Монголын үнэн” сонины нийт уншигчдад шинэ сарын мэнд хүргэе. Өнгөрсөн арав, арваннэгдүгээр сар миний хувьд амжилт бүтээл, сургамжаар дүүрэн гайхалтай үе байлаа. Хамгийн сүүлд Япон улсын Токио хотноо зохион байгуулсан “Miss international-2014” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцлоо. Уг тэмцээнийг 54 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд эрэмбээрээ дэлхийн топ гурван гоо сайхны наадмын нэгт багтдаг. Манай улсын хувьд 11 дэх жилдээ энэхүү наадамд оролцож байна. Энэ жилийн наадмыг 21 хоногийн турш зохион байгуулсан бөгөөд 80 гаруй орны төлөөлөл болсон миссүүд ирж оролцлоо.

-Наадмын шалгаруулалтын явцад олон төрлийн сорилго тэмцээн зохион байгуулдаг. Та тэрхүү тэмцээнд хэрхэн оролцсон бэ?

-Дэлхийн миссийн тэмцээнүүд өөрийн гэсэн шүүлтийн систем, зохион байгуулах онцлогтой байдаг. Жишээ нь, “Miss World”, “Miss Earth” зэрэг наадамд авьяас, спорт зэрэг шалгуураар онооны системээр олон нийтийн өмнө үнэлж оролцогчдыг эрэмбэлдэг бол тэмцээний онцлогоос хамаараад “Miss international”-д тийм үнэлгээ байдаггүй. Тэмцээний хүрээнд улс орондоо тулгамдаад байгаа асуудлын тухай болон энх тайван, ирээдүйн тухай нэгдсэн форум болж мисс бүхэн богино хэмжээний илтгэл танилцуулдаг. Миний хувьд ирээдүйн талаар танилцуулсан илтгэл маань маш сайн үнэлгээ авч тэр өдрийн шилдэг илтгэлүүдийн нэгээр шалгарсан. Түүний дараа энэ тухай олон улсын сайт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан нь их сайхан санагдсан шүү. Мөн энэ удаагийн “Miss international”-д үзүүлэх тоглолтоосоо хамаараад авьяас номинацийн 10 үзүүлбэрийг сонгон авсан. Энэ нь оноо өгөхийн тулд бус улс орныхоо соёлыг сурталчлах зорилгоор сайн дурын үндсэн дээр зохион байгуулсан шалгаруулалт юм. Тийм ч учраас“Miss international” наадмын эцсийн үр дүнг таамаглахад хэцүү байдаг. Учир нь тэмцээн зохион байгуулах хугацаанд маш олон тэмцээн болдог ч дүгнэдэггүй. Харин ч тухайн зохион байгуулж буй орны зан заншил, түүх соёлтой дэлгэрэнгүй танилцуулах, олон орны хүмүүс хоорондоо соёлоо сурталчлах тал дээр илүү ач холбогдол өгдөг юм шиг санагдсан.

-Наадмын шалгаруулалтын явцад Мексик, Бразилийн миссүүд илүү өндөр үнэлгээтэй явж байсан. Харин таны хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгч аль орны оролцогч байв?

-Би тэмцээнд оролцох хугацаандаа туршлага их хуримтлуулсан. Зарим улс Засгийн газрын бодлогоор тэмцээнд ач холбогдол өгч, оролцогчдоо дэмжиж сойдог. Энэ нь зүгээр нэг титэм авна гэхээс илүүтэйгээр хэрэв амжилт үзүүлбэл тухайн орны аялал жуулчлал болон нийгмийн салбарт оруулах хөрөнгө оруулалтын тал дээр чухал нөлөө үзүүлдэгтэй холбоотой. Дэлхийн миссийн тэмцээн зохион байгуулж буй орны аялал жуулчлалын салбарын жилийн өсөлт 13-33 хувиар нэмэгддэг гэсэн судалгаа байдаг. Мөн тухайн жилд түрүүлсэн улс дэлхий нийтийн хэвлэл мэдээлэл болон олны анхаарлын төвд ордгоороо улс орноо сурталчлах томоохон боломж бүрддэг. Филиппин, Мексик, Бразиль, Венесуэл, Энэтхэг, Индонези улсын иргэд идэвх сайтай, оролцогчдоо сайн дэмждэг нь анзаарагдсан. Филиппиний оролцогч охин л гэхэд бүтэн жилийн турш улсын степенттэй ажил хийлгүй тэмцээндээ бэлтгэж ирсэн байсан. Гуяана улсын мисс “Miss World”, “Miss Universe”-д оролцож маш их туршлага хуримтлуулсан нь ажиглагдаж байсан юм. Недерланд, Тайланд улсын миссүүд мөн туршлагатай, хүчтэй өрсөлдөгч байлаа. Ер нь анзаараад байхад тэмцээний эхний долоо хоногт оролцогчдын тухай сэтгэгдэл төдийлөн үнэн зөв байдаггүй. Охид үзэсгэлэнтэй, сүрдмээр санагддаг ч бүтэн21 хоногийн турш өдөр шөнөгүй цагийг хамтдаа өнгөрүүлж, уулзаж ярилцаж, үйл ажиллагаанд оролцож байгаа явцаас нь харахад яалт ч үгүй аль улс илүү сайн бэлтгэлтэй, амжилт үзүүлэхүйц байна, аль нь хангалтгүй байна гэдэг нь их ялгардаг. Ялангуяа, ажиглагч, оролцогч, зохион байгуулагчид үүнийг их сайн мэдэрдэг юм байна лээ.

-Миссүүдтэй өдөр тутам хамт байдаг ажиглагчдын үнэлгээ тэмцээний эцсийн шатанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Танд хөндлөнгийн ажиглагчид ямар үнэлгээ өгсөн бэ?

-Зохион байгуулагч, ажиглагчдын зүгээс “Монгол Улсын оролцогч бэлтгэл сайтай, их хүчтэй байна” гэж дэмжиж байсан. Тэднээс магтаал, сайшаал их сонссон болохоор өөртөө итгэх итгэл улам нэмэгдэж байсан юм. Харамсалтай нь финалын шилдэг 10-т үлдэх орнуудад хүмүүсийн таамаглаагүй оролцогчид багтсан. Явцын дунд үнэлгээ өгөлгүй, финалын үдэш уригдсан шүүгчдийн сонголтоор дүгнэхийн нэг дутагдалтай тал нь энэ байсан. Шалгаруулалтын явцад хүчтэй байсан оролцогчид шилдэг10-т гарч чадаагүйд нь харамсалтай санагдсан. Гэхдээ дэлхийн 80 орны төлөөлөл болсон ухаалаг, хүчтэй эмэгтэйчүүдтэй уулзаж нөхөрлөх, соёлын солилцоо хийх, улс орноо сурталчлах, мэдлэгээ тэлэх гайхамшигтай боломж олдсон нь уг тэмцээний хамгийн том шагнал байлаа.

-Жил жилийн наадмын авьяас үзүүлбэр үзэгчдийн сонирхлыг их татдаг. Та тус шалгаруулалтад ямар тоглолт бэлтгэн үзүүлсэн бэ?

-Энэ жил авьяас номинацийн албан ёсны шалгаруулалт болоогүй. Өмнө нь хэлсэнчлэн үзүүлэх авьяасаас хамаарч10 оролцогчийг хүндэтгэлийн хүлээн авалтын арга хэмжээн дээр тоглуулсан. Оролцогчдын долоо нь үндэсний бүжгээ бүжиглэж, хоёр нь дуу дуулсан. Магадгүй энэ нь ч миний үзүүлбэрийг маш өвөрмөц, содон байхад нөлөөлсөн байх. Би салса, бачата, меренге, кизомба зэрэг латин америк бүжиг бүжиглэдэг. Гэхдээ олон улсын тайзан дээр үндэснийхээ урлагийг харуулсан, гайхалтай үзүүлбэр толилуулахыг хүссэн. Тийм ч учраас монгол уран бичгийн каллиграф үзүүлбэр үзүүлэхээр бэлтгэсэн. Япон өөрөө каллиграф их хөгжсөн, олон мянган жилийн түүхтэй улс учраас үзэгчдэд ч их таалагдсан. Их наран улс, мөн ургах наран, шинэ бүхний эхлэлийг бэлгэдэж “Наран” гэж бичсэн. Үзүүлбэрийн төгсгөлд үзэгчид босч хүндэтгэл үзүүлж Монголын урлаг, уран бичлэг ямар агуу сайхан, утга дүрслэл төгс болохыг үзэгчид магтан биширсэн. Монгол бичгээ бичээд хэзээ ч ийм их сэтгэл хөдөлнө гэж бодож байгаагүй ч үзэгчдээс ирж байгаа тэр сайхан сэтгэгдэл, бахархсан харц, баярын алга ташилтад монгол хүн болсондоо, Монголынхоо гайхамшигт урлагаар бахархах сэтгэгдэл төрж нулимс цийлэгнэж байсан. Өвөг дээдэс маань тэнгэрээс “Cайн байна” гэж хэлж байгаа юм шиг л санагдаад уйлчихсан. Энэ үзүүлбэр миний хувьд авьяас гэхээс илүү хичээл зүтгэл, хөдөлмөр байсан гэж бодож байна. Монголын“Бичиг, Соёл” үндэсний каллиграфын төв, уран бичээч М.Баярманлай маань маш их дэмжиж энэ гайхалтай эрдмээсээ хичээнгүйлэн зааж сургаж өдөр болгон намайг бэлтгэдэг байсан. Энэ хүмүүсийн ачаар л уг авьяасын үзүүлбэр маань амжилттай болсон учраас бүх талархал энэ хүмүүст очих ёстой болов уу. Миний зүгээс цаашдаа уран бичлэгийн эрдэмд илүү шамдан суралцъя гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Таныг наадамд оролцохтой зэрэгцэн Лондонд зохион байгуулж буй “Miss world” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Т.Батцэцэг амжилттай оролцож байна. Танаас Т.Батцэцэгийн талаарх сэтгэгдлийг тань сонсмоор байна?

-Дэлхийн миссийн тэмцээнд оролцож буй бүсгүйчүүд маань жилээс жилд сайжирч байна. Бид“Монгол Улс миссийн тэмцээнд төдийлөн амжилт гаргадаггүй” гэдэг. Гэтэл манай улс 50, 60 жил зохиож байгаа уг тэмцээнд оролцож эхлээд дөнгөж 10-аад жилийн нүүрийг л үзэж байна шүү дээ. Тийм ч учраас оролцож буй миссүүд маань дараа дараагийн оролцогчдодоо зөвлөгөө өгөх, тусалж дэмжих, бэлтгэлд нь туслах гээд багийн ажиллагаа, ментор байдлаар бэлтгэж амжилтаа ахиулах бүрэн боломж байгаа гэж би харж байна. Т.Батцэцэгийн хувьд бэлтгэл сайтай оролцож байгаа. “Miss world” тэмцээний топ моделийн шалгаруулалтад шилдэг 20-д багтсан гэсэн сайхан мэдээ авсан. Ер нь амжилт гэдэг аз биш, сайн бэлтгэл, уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл, дэмжигч сайн баг хамт олонтой байхаас ихээхэн шалтгаалдаг. Энэ ямар чухал гэдгийг ч Т.Батцэцэг харуулж байгаа. Монголчууд маань ч мөн энэ удаад сэтгэл нэгтэй байж, оролцогчоо сайн дэмжиж байна. Энэ эрчээрээ, өөртөө итгэлтэй, бэлтгэл сайтай оролцож тэмцээндээ амжилттай сайн оролцоосой, түрүүлээсэй хэмээн хүсч байна. Жилээс жилд Монголоо төлөөлөн оролцож буй миссүүдийн маань чансаа сайжирч, тэднийг дэмжих дэмжлэг нэмэгдэж, удахгүй дэлхийн миссийн титмийг эх орондоо авчрах гайхалтай мөч ойрхон байгаа гэдэгт итгэлтэй байна.

-Цаашид хийхээр, оролцохоор төлөвлөж буй ажлынхаа талаар мэдээлэл өгнө үү?

-Би ШУТИС-ийн КТМС-ийг маркетингийн удирдлагын мэргэжлээр төгссөн. Гэхдээ багаасаа л кино найруулагч болохыг мөрөөддөг байсан. Хүнд сурсан юм үргэлж хэрэг болдог гэдэг. Мөн хичээж зүтгэснээр хүн мөрөөдлийг бодит байдал болгож болно гэдэгт би итгэдэг учраас амьдралдаа томоохон өөрчлөлт хийсэн. “Miss Mongolia” тэмцээнд оролцохоосоо өмнө Америк улсад хагас жилийн хугацаанд жүжигчний мэргэжлээр удирдагч багштай суралцсан. Энэ хугацаанд мөрөөдлөө бодитоор биелүүлэх боломж олдож, урт болон богино хэмжээний 12 кинонд дүр бүтээж, алдарт найруулагч Chris-topher Coppola, жүжигчин Michael Madsen, Bai Ling зэрэг гайхалтай хүмүүстэй хамтран ажиллаж ихийг суралцах ховор боломж олдсон. Энэ туршлага маань намайг улам зоригжуулж, хурцалж өгсөн учраас удахгүй Лос Анжелес руу буцаж Холливудын кино урлагт хүч үзэх, өөрийгөө хөгжүүлэх, илүү туршлага хуримтлуулахаар төлөвлөж байна. Хэрэв энэ амжилттай болбол ирээдүйд Монголынхоо урлагт хувь нэмрээ оруулах, уран бүтээлчдийг дэмжих туслах, хоёр улсын гүүр болохыг хүсч байна. Зорилгынхоо төлөө уйгагүй зүтгэж, хөгжиж байгаа цагт хэзээ нэгэн цагт биеллээ олно гэдэгт би итгэдэг.

Б.Сэлэнгэ