Монгол улс эдийн засгийн хямралд орж улс орны байдал улам хүндэрсээр байгааг бид бүхэн мэдэж байгаа. Дорвитой арга хэмжээ авахгүй бол хямрал улам гүнзгийрч улсыг дампууралд хүргэх нөхцөл байдал үүсээд байна.

Шийдлийн нэртэй засгийн газраас нэмж өр тавих, ОУВС-ийн стандбай хөтөлбөрт хамрагдах зэрэг өдөр хоногийг аргацаасан “шийдлүүд”-ийг санал болгож хэрэгжүүлхийг хичээж буй нь дунд болон урт хугацаандаа хямралыг гүнзгийрүүлж Монголын улс төр, эдийн засгийн бие даасан байдлыг алдагдуулах уршигтай үр дагавартай гэж бид үзэж байна.

Уул уурхайн гацаанд ороод байгаа төслүүдийг хөдөлгөх нь хямралаас гарах нэгэн гарц гэдэгтэй би санал нэг байдаг. Гэхдээ гол асуудал чухам яаж, ямар замаар, хэний эрх ашгийн үүднээс уул уурхайг хөдөлгөх вэ гэдэгт л байдаг. Хэрвээ уул уурхайн төслүүд Монголын хуулийг зөрчсөн, үндэсний эрх ашигт нийцээгүй байвал хөдөлгөх аргагүй, бүр зогсоох нь зөв гэж бид үзэж байна.

Эдийн засагчид, судлаачид мөн ард иргэдийн зүгээс эрх баригчдын буруутай үйл ажиллагааг шүүмжилдэг, шүүмжлэхийн сацуу бид асуудлуудын шийдэл, гарцыг санал болгодог. Монголын хөгжлийн хүрээлэнгийн судлаачид, эдийн засагчид болоод Таван Толгойн (ТТ) хувь эзэмшигч ард иргэдийн нэгдлээс энэхүү хямралыг даван туулхад хувь нэмрээ өгөх ТТ төслийг урагшлуулах гарц шийдлийг санал болгож байна.  Энэхүү шийдлийг санал болгохдоо бид Монгол улсын Ерөнхийлөгч "аливаа том асуудлыг шийдвэрлэхдээ иргэдээсээ асууж байж шийд" гэж байнга захидагийг хичээнгүйлэн баримталж байгааг дуулгая.

Бид Таван Толгой төслөө боловсруулахдаа эдийн засгийн үр өгөөж, үндэсний аюулгүй байдал гэсэн хоёр гол асуудлыг суурь нөхцлөө болгон ажилласан.  Таван Толгой төсөл төрийн, нийтийн, хувийн өмчийн хэлбэрүүдийг тусгасан нээлттэй, хувьцаат компанийин сонгодог жишгээр ажиллах юм. "Эрдэнэс ТТ" төрийн өмчит компани нь ТТ төслийн компанийн 51 хувь хувийг эзэмших бөгөөд энэ нь ТТ ордыг төрийн мэдэлд байлгах эрх зүйн орчинг бүрдүүлж байгаа юм.

"Урагшаа Таван Толгой" санаачлага нь өмнөх төслүүдэд орхигдсон эсвэл ашиггүй хэлбэрээр тусгагдаж байсан гол асуудлуудыг хууль тогтоомжид заасны дагуу үндэсний эрх ашигт нийцүүлэн тусгаж оруулснаараа онцлог юм. Үүнд:

- 1072 хувьцаа: ТТ-дахь иргэдийн эзэмшлийн 1072 ширхэг хувьцааг нийт төслийн 26 хувь, "Эрдэнэс ТТ" компанийн 51 хувь хэлбэрээр оруулж өгсөн. Улсын өмчийн компани "Эрдэнэс ТТ" нийт төслийн 51 хувийг эзэмшхээр тусгагдсан нь стратегийн орд нь төрийн өмчид байх гэсэн хуулийн заалттай нийцэж буй юм. Хамгийн гол зүйл бол иргэдэд өмчлүүлсэн 1072 хувьцааг ногдол ашиг өгдөг болгох явдал хэрэгжих үндэслэл тавигдсан.

- Төмөр зам: Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.2-т заасан "Улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой суурь бүтцийг төрийн өмчийн буюу төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өмчлөлд байх ...", Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогоын 6.3.1.Улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замын суурь бүтцийг төр өмчилнө гэсэн заалтуудын дагуу ТТ төсөлд ашиглагдах төмөр замыг анхнаасаа Монголын Төмөр Зам болоод улсын өмч давамгайлсан ТТ төслийн компанийн мэдэлд байхаар тусгасан.

- УИХ-аар хэлэлцүүлэх: 80 хувийн коксжсон нүүрсний агууламж бүхий 7.4 тэрбум тонны нөөцтэй (ойролцоогоор 500-750 тэрбум ам.доллараар үнэлэгдэх нөөц) ТТ уурхай нь стратегийн ордод зүй ёсоороо орж буй юм. 2007 оны 02-сарын 6-ны өдөр, Монгол улсын ИХ-ын 27-р тогтоолоор ТТ ордыг ашигт малтмалын стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулсан. Тиймээс Улсын Их Хурлын 2010 оны 39 дугаар тогтоол, Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолд заасны дагуу Таван Толгойн төслийг УИХ  хэлэлцүүлэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзэв. Гачууртын орд бол Сентерра Гоулд компанид 180 сая долларын ашиг өгөх үүнээс дөнгөж $36 сая доллар л Монголын төрд ноогдох төсөөлөлтэй төсөл. Гэтэл үүнийг УИХ-аар хэлэлцэж, нилээд сүр болж олны анхааралд удтал байлгаж байгаа. Ийн атал эдийн засгийн асар их ач холбогдол бүхий дэлхийн хэмжээний ордын асуудлыг УИХ нь хэлэлцэхгүйгээр шийднэ гэдэг төдийгүй боломжгүй асуудал юм.

Бидний "Урагшаа Таван Толгой" энэхүү санаачлага нь манай улсын газар зүйн болоод бусад онцлог, нүүрсний зах зээлрүү гарах гарц зэрэг бизнесийн орчныг тусган үзсэний үүднээс Хятадын Шенхуа Энержи, Японы Сумитомо корпорацуудтай хамтран ажиллах нь зөв гэж үзэв. Дэлхийн нүүрсний зах зээл дахь гол тоглогчийн нэг Шенхуа Энержи бидэнд Хятадын нүүрсний зах зээлд гарах гол гүүр болох төдийгүй, санхүүгийн найдвартай түнш болж чадах юм. Нөгөө талаас Японы Сумитома корпорац биднийг гуравдагч зах зээл дээр гарах үүд хаалгыг нээж өгч байгаа.

Шенхуа Энержигийн хувьд TT төслийн компанийн 49  хүртэлх хувийг эзэмших эрхтэй байх бөгөөд олон улсын хөрөнгийн зах зээл дээр өөрийн эзэмших эрх бүхий хувийг борлуулах хөрөнгө босгох бүрэн эрхээр хангагдсан байна. Эрдэнэс ТТ-н хувьд ямар ч тохиолдолд төслийн компанийн 51 хувийг эзэмшдэг байх ёстой.  Төслийн компанийн хувь нийлүүлэгчдийн бүтцийг схемээс харна уу.



Уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай улсууд, үүн дундаа ялангуяа хоцронгуй хөгжилтэй орнуудын хувьд ордууд нь төрийн мэдэлд байх шаардлагатай талаар эрдэмтдийн судалгаа бий. Ямар нэг байдлаар уул уурхайгаас хамааралтай эдийн засаг бүхий 58 орны 45-д нь 100 хувь төрийн өмчит, эсвэл төрийн өмч давамгайлсан компаниуд байдаг бөгөөд Норвег, Иран, Азербайжан, Ботсван, Чили зэрэг улсуудын эдийн засагт төрийн өмчит компаниуд голлох үүрэг гүйцэтгэдэг. Oлон тохиолдолд уурхайнуудыг хувийн хэвшлээс буцаан улсын өмчид авч ажиллуулан амжилтанд хүрсэн байдаг.  Чилийн 100 хувь төрийн өмчит Codelco зэс боловсруулах компани л гэхэд төсвийнхөө 15 хувийг бүрдүүлдэг гээд олон жишээг дурдаж болно.

"Урагшаа Таван Толгой" санаачлага нь үндэсний эрх ашигт эрхэмлэсэн, Монголын хууль тогтоомжийн хүрээнд боловсруулсан төслийг санал болгож байгаагаараа онцлог юм.  Төсөл маань эдийн засгийн хүндрэлтэй одоо цагт тал талын эрх ашгийг хангасан, үр дүнгээ өгөх хамгийн зөв санаачлага гэдэгт бид итгэлтэй байна. Энэхүү төслийн санаачлагаа бид улмаар УИХ-д өргөн барьж ажил хэрэг болгон хэрэгжүүлэх тал дээр идэвхийлэн ажиллах болно.

”Урагшаа, Тавантолгой” иргэдийн санаачлага