Н.Пүрэвдорж: Жолооны шалгалтыг цахимаар авдаг болсноор мөнгөтэй холбоотой асуудал хумигдана
2015/04/17
Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв үйл ажиллагаагаа шинэчилж, ирэх зургадугаар сард багтаан жолооны шалгалтыг цахим хэлбэрээр авдаг болох гэж байна. Энэ талаар тус төвийн Мэдээлэл, технологийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Н.Пүрэвдоржтой ярилцлаа.
-Ирэх зургадугаар сараас жолооны шалгалтыг цахимаар авахаар болсон. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Энэ оныII улиралд багтааж жолооны шалгалтыг цахимд шилжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогоор шалгалт авах программ хангамжийг бэлэн болгож, анги танхимыг тохижуулж байна. Бэлтгэл ажлыг хийж дуусвал зургадугаар сар гэлтгүй наана нь шалгалтаа авч эхлэх юм. Ингэснээр олон улсын жишгээр жолооны шалгалт авдаг болох боломж бүрдэнэ. Мөн цахим хэлбэрээр шалгалт өгснөөр шалгуулагч нэг дор хэд, хэдэн шалгалт өгөх давуу талтай. Цахим шалгалтыг интернэт орчинд авахгүй. Харин нэгдсэн төв байгуулж, жолооны курст сурч байгаа болон жолооны эрх сэргээлгэх шалгалт өгөх хүмүүс компьютер дээр текст бөглөх хэлбэрээр авах юм.
-Дромоор шалгалт авснаар ямар давуу талтай вэ?
-Дэлхийн ихэнх улс орон картын системээс татгалзаж, цахим системд шилжсэн. Тиймээс технологийн дэвшлийг дагаж үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай. Жолооны шалгалтыг цахимаар авахын давуу тал нь шалгаж байгаа мэргэжилтний цагийг хэмнэнэ. Хамгийн гол нь үнэн шударга, бодитой байна. Тухайлбал, шалгалтын үйл явц нь хүний хүчин зүйлээс хамааралгүй болно гэсэн үг. Текстийг зөв бөглөсөн, ном уншсан, хичээлээ ойлгосон хүн л шалгалтад тэнцэнэ. Цахимаар шалгалт өгч байгаа тохиолдолд үнэн бодитой, шударга дүн гарна гэж ойлгож болно.
-Нийслэлд жолооны курс олон байдаг. Тэр бүх жолооны курсын төгсөгч нэгдсэн журмаар шалгалтаа өгөх үү?
-Цахимаар шалгалт авдаг боллоо гээд бүгдийг нь хамруулахгүй. Шалгалтыг шат дараатайгаар явуулна. Эхний ээлжид гадаад иргэдээс англи хэлний текстээр шалгалт авна. Дараа нь жолооны эрх сэргээлгэх хүмүүсийг хамруулна. Түүний дараа үйл ажиллагаа амжилттай болбол бага, багаар шат дараатайгаар нэгдсэн шалгалтыг авдаг болж яваандаа бүгд хамрагдах боломжтой. Ингэснээр Монгол Улсад нэгдсэн шалгалтын төв бий болох юм. Давуу тал нь тухайн шалгуулагч тус төвд ирж онлайнаар текстээ бөглөж, гадаа талбайдаа машинаа бариад дромын шалгалтаа өгөх боломжтой. Шалгуулагч цаг хугацаагаа хэмнэж нэг доор гурван шалгалт өгөх боломжтой. Тус төв нь олон улсын жишигт нийцсэн байна. Үүний эхлэл нь энэхүү цахим шалгалтыг нэвтрүүлэх систем юм.
-Шалгалтын хугацаа, журамд өөрчлөлт орох уу?
-Жолооны курст сурах болон шалгалтын хугацааг Хууль зүйн сайдын 2014 оны А/158 журмаар баталсан байдаг. Одоохондоо шалгалтын хугацаа болон журамд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Гэхдээ цахимаар шалгалт авч эхлэхээр журамд нэмэлт өөрчлөлт оруулах, цахим хөтөлбөрийг хангах нэмэлт журам гаргах зэрэг дараа дараагийн үйл ажиллагааг явуулна. Журмын өөрчлөлтийг шат дараатай бага, багаар оруулах юм. Дромын шалгалтын журамд өөрчлөлт оруулах ажлыг судалж байгаа.
-Нэгдсэн журмаар цахим шалгалтыг өгөхөд бүртгүүлэх шаардлагатай юу?
-Бид хөдөө орон нутгийн жолооны сургуулиудаас онлайнаар шалгуу лагчийн бүртгэлийг авдаг болгохоор судалж байна. Мөн цахим хэлбэрээр шалгалт авдаг болж байгаатай холбогдуулан иргэд интернэт ашиглан шалгалтад орох хүсэлтээ илгээн шалгалт өгөх цагаа захиалж болно. Мөн төрийн 26 үйлчилгээний нэг болох ТҮЦ машинаас жолооны үнэмлэхтэй холбоотой лавлагааг авах боломжтой болж байна. Энэ ажлыг өнөө, маргаашгүй эхлүүлнэ. Бүх мэдээллээ ТҮЦ машинд суулгаж дууссан. Албан ёсны нээх ажиллагаа л үлдсэн. Замын цагдаагийн Мэргэжлийн хяналтын хэсгийн жолооны үнэмлэх олгодог хэсэг ЦЕГ-ын Лицензийн төв болон өөрчлөгдсөн. Мөн цагдаагийн байгууллагаас олгодог зөвшөөрлийг нэгтгэж олгодог нэгдсэн төв болсон.
-Шалгалт өгөх гэж байгаа хүнээс мөнгөн хураамж авах уу, ер нь жолооны сургуулиудад хяналт тавьдаг уу?
-Мөнгөн хураамж авахгүй. Жолооны сургуулиас үзэх ёстой хичээлээ үзсэн, дадлагаа хийсэн, энэ хүн тэдэн цагийн тийм хичээлд суусан гэх мэдээллийг бидэнд өгдөг. Манайхаас ч түүнд нь хяналт тавьж байгаа. Ер нь жолооны сургуулиудын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналтыг өдөр болгон тавьдаг.
-Гадуур мөнгө авч шалгалтад тэнцүүлдэг гэх яриа байдаг шүү дээ. Цахимаар шалгалт авдаг болчихвол ийм явдал гарахгүй гэх баталгаа бий юү?
-Мөнгө авч шалгалтад тэнцүүлдэг гэдэг хүмүүсийн ам дамжсан яриа. Энэ бол баталсан зүйл биш. Харин онлайн шалгалт өгөөд эхлэхээр тухайн хүний компютерт“Та замын хөдөлгөөний дүрмийн хэд дэх зүйл заалтыг алдсан байна” гэсэн хариуг нь хэлж, нэгдсэн дэлгэцэн дээр тухайн хүний тэнцсэн, тэнцээгүй талаарх мэдээлэл гарч ирнэ. Тэнцсэн тохиолдолд тухайн хүний материалыг нь автоматаар хэвлэж, бүх мэдээлэл нь манай нэгдсэн санд орно. Үүнд ямар нэг хүний хүчин зүйл, механик ажиллагаа байхгүй учир автоматаар тэнцүүлнэ гэсэн зүйл байхгүй.
-Олон улсын үнэмлэхтэй хэрнээ тэр нь Монголд үйлчилдэггүй. Тийм үнэмлэхтэй хүний асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Венийн конвенцид олон улсын үнэмлэх гэж байхгүй. Одоо байгаа олон улсын үнэмлэхийг таван улсын хэл дээр орчуулсан байдаг. Орчуулга дээр нь“Тухайн улсын үнэмлэхтэйгээ хүчинтэй” гэсэн байдаг. Тэгэхээр гадаадын иргэн тухайн оршин буй улсынхаа жолооны үнэмлэхийг давхар авна гэсэн үг. Харин манайд олон улсын үнэмлэхтэй хүн гурван сарын хугацаанд машин барих бүрэн эрхтэй. Гурван сараас дээш хугацаанд машин барьж хөдөлгөөнд оролцох бол Монгол Улсын жолооны үнэмлэхийг зайлшгүй солиулж авах ёстой.
-Жолооны үнэмлэх захиалсан өдрөөс хойш хэд хоногийн дараа гарах вэ?
-Жолооны үнэмлэхийг захиалга өгснөөс хойш 21 хоногийн дараа гаргана гэсэн хугацаатай. Яагаад гэвэл, өчигдөр эрхээ хасууллаа гэхэд өнөөдөр хотод орж ирээд үнэмлэхээ захиалаад авчихдаг. Учир нь, ЦЕГ жолоочийн бүртгэлийн сүлжээг 21 аймагт бүрэн гүйцэд холбоогүй. Үнэмлэх уншдаг төхөөрөмж зөвхөн нийслэлийн 400 цагдаад байгаа болохоос орон нутгийн 2000 цагдаад байдаггүй. Тиймээс орон нутгийн цагдаа жолооны үнэмлэхийг үндэслэн хөдөлгөөнд оролцуулна гэсэн үг. Гэтэл энэ хүн эрхээ хасуулчихаад хотод орж ирээд 2-3 хоногийн дотор үнэмлэхээ авчихсан байдаг. Сүүлд нь манай төвд хөдөө орон нутгаас энэ хүн эрхээ хасуулсан гэсэн мэдээлэл нь ирэхээр тэр нь аль хэдийнэ үнэмлэхээ гаргуулж авсан байдаг. Ийм тохиолдол нэлээдийг бүртгэсэн. Үүнээс үндэслээд хяналтыг 21 хоног болгосон. Хяналтын гэдэг нь хамгийн хол Баян-Өлгий аймгийн мэдээлэл манайд ирэх боломжтой хугацаа гэсэн үг.
М.Энхцэцэг