Х.Батсуурь: Иргэдийн эзэмших хувьцаа ирээдүйд 30-50 сая төгрөгтэй тэнцэх боломж бий
2015/04/19
Эдийн засагч, судлаач Х.Батсуурьтай Тавантолгойн гэрээний талаар ярилцлаа.
-Та хэсэг судлаач, эдийн засагчтай нэгдэн “Урагшаа Тавантолгой” нэртэй хөдөлгөөн өрнүүлж, Тавантолгойн гэрээг УИХ-аар оруулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Одоо УИХ гэрээг нягтлана гэж байна. Үүнээс харахад тус гэрээнд УИХ хориг тавина гэсэн хүлээлт та бүхэнд байгаа бололтой?
-“Урагшаа Тавантолгой” хөдөл-гөөн гэхээс илүүтэй иргэдийн санаачилга гэж хэлбэл илүү зохих байх. Маш товчхондоо Тавантолгойг урагшаа явуулъя, эдийн засгийн эргэлтэд оруулъя гэсэн иргэдийн санаачилга юм. Тэгээд ч гацаах, зогсоох гэсэн оролдлого биш гэдгийг олон хүн мэдэж байгаа байх. Гэвч гэрээний төсөлтэй танилцаад бид хүсээгүй дүгнэлтдээ хүрсэн. Тэр нь хамгийн түрүүлж энэ гэрээг зогсоох ёстой гэсэн дүгнэлт шүү дээ. Тийм л учраас УИХ-аас үндэсний эрх ашигт нийцээгүй, алдагдалтай, ямар ч ашиггүй гэрээг цуцалж, шинэ нөхцөлтэйгөөр гэрээг урагшлуулах шийдвэр гаргах байх гэсэн хүлээлттэй байна. Хамгийн гол хүлээлт л энэ болоод байна. Мөн үүнээс гадна М.Энхсайхан тэргүүтэй багийг мэргэжлийн хүмүүсээр шинэчлэх байх. Энэ тухай ч бидний зүгээс шаардлага тавьсан.
-Та бүхний ард нөлөө бүхий нууц “Ноёнтон” байгаа гэсэн хардлага бас бий?
-Тийм зүйл байхгүй ээ. Бидэнтэй маш олон төрийн бус байгууллага, хувь хүн нэгдсэн шүү дээ. Тиймээс л иргэдийн санаачилга гэж тодотгоод байгаа юм. Бидний ард бас салбар салбарын мэргэжилтэн болоод тухайн орчиндоо хүлээн зөвшөөрөгдсөн олон хүн байгаа. Энэ төвшинд л бид гэрээг шинжилж үзсэн.
-Тэгвэл та нар УИХ-ын даргын байр суурийг дэмжинэ гэсэн үг үү?
-З.Энхболд даргын байр суурь тодорхой биш хэдий ч санал нэгдэх хэдэн зүйл байгаа. Хамгийн түрүүлж энэ гэрээг УИХ-аар оруулах ёстой гэдэгт санал нэгдэж байгаа. Энэ хүн тус гэрээг энэ чигээр нь явуулчихаж болохгүй гэж бодсон учраас л ийм зүйл ярьсан байж таарна шүү дээ. Үүнтэй нь ч бас санал нэгтэй байна. Тус гэрээг УИХ-аар оруулах шийдвэрт бид ямар нэгэн байдлаар нөлөөлсөн болов уу гэж үзэж байна. Үнэнийг хэлэхэд М.Энхсайхан сайд маань УИХ-аар оруулалгүй гарын үсэг зурчих гэж нэлээд сандаргасан шүү.
-Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр УИХ-ын гишүүд “Тавантолгойн жинхэнэ гэрээ бидэнд ирээгүй” гэж хэлсэн. Тэдэнд очоогүй гэрээг та нар яаж олж авсан байх вэ?
-Энэ өөрөө маш будилаантай зүйл байгаа юм. УИХ-ын гишүүдийн гар дээр очоогүй гэж хэлж болохооргүй юм. Би УИХ-ын цахим хуудаст байршуулсаны маргааш нь татаж авсан. Тэгэхээр олон нийтэд ил болсон гэрээ болж байгаа юм. Харин УИХ-ын гишүүдэд тусгайлан тарааж өгөөгүй байж болох юм. Тиймээс бид энэ гэрээний нугалаа бүхий гол гол заалтууд дээр дүгнэлт хийгээд гаргасан байгаа. Нөгөөтэйгүүр гэрээний хувилбарын талаар яриа гараад байгаа. УИХ-ын дарга З.Энхболд бидэнд байгаа гэрээг батлагдах гэж байсан эцсийн хувилбар гэж хэлсэн. Үнэндээ энэ бүхнийг агуулгаар нь авч үзвэл ач холбогдол маш багатай яриа. Эцсийнх байна уу, эхнийх байна уу тэр гол биш. Яагаад гэвэл энэ гэрээг тойрч хэлэлцээд, батлагдах хэмжээнд хүрээд байсан гэдэг нь маргаангүй үнэн. Магадгүй түүнээс хойш гар хүрсэн байж болно, он сарыг нь өөрчилсөн байж ч болох шүү дээ. Тэгсэн бол батлагдах гэж байсан гэрээ биш болж таарна биз дээ. Харин энэ дундаас М.Энхсайхан тэргүүтэн яг ямар гэрээг үзэглээд батлуулах гэж зүтгэж байсан бэ гэдэг л чухал байгаа юм.
-Танай “баг”-ийнхан Англи хэл дээрх хувилбарыг нь бас харсан уу?
-Та маш зөв асуулт асууллаа. Үнэндээ тус гэрээний англи хэл дээрх хувилбар нь байж хүчин төгөлдбөр болно л доо. Гэтэл англи хэл дээрх хувилбар нь хаана, хэнд байгаа гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй. Уг нь тус гэрээний тухай төслийн багийнхан хийгээд Засгийн газраас нээлттэй, иргэдээс нуух зүйл юу ч байхгүй л гэсэн. Гэтэл бодит байдал дээр тийм биш гэдгийг бүгд харж байна. Үүнийг далимдуулж хэлэхэд гэрээг уншиж байхад хэтэрхий модон, хэл найруулгын хувьд алдаатай байсан. Үүнээс дүгнэхэд мэргэжлийн бус хүн гэрээг орчуулсан бололтой юм билээ.
-Тэгвэл та бүхний хийсэн судалгаагаар Монгол Улс энэ гэрээний улмаас ямар хохирол амсахаар байгаа юм бэ?
-Нэгдүгээрт гэрээний ихэнх заалт хууль бус байгаа юм. Хууль бус зүйл өөрөө ямар үр дагавартайг бид сайн мэднэ. Хоёрдугаарт иргэдийн эзэмшсэн 1072 ширхэг хувьцааны тухай ямар ч ойлголт энэ гэрээнд байхгүй. Тэгээд ч дэлхийд дээгүүр орох асар том уурхай маань цөөн хэдэн хүний эрх ашигт тулгуурлан хөдөлгөөнд орно гэдэг байж болохгүй. УИХ ч үүнийг шийдэхийн тулд байгаа гэж ойлгодог. Тухайлбал төмөрзам төрийн мэдэлд байна гэсэн заалттай. Үүний зэрэгцээ ОХУ-тай хийсэн гэрээ, хэлэлцээр бий. Үүнийгээ хүртэл зөрчиж, төслийн компаниудад 30-50 жилээр өгөхөөр заасан байгаа. Мөн гэрээ ямар нэгэн байдлаар цуцлагдвал Засгийн газар хөрөнгө оруулагчдад нөхөн олговор олгоно гэсэн заалт байгаа боловч нөгөө талын хүлээх хариуцлага байхгүй. Татвар тогторжуулах тухай заалтыг нь харахад ААН-ийн албан татварыг оруулаагүй. Төсөлд оролцогчид маань хамтын ажиллагааны төлбөр гэсэн зүйлийг бий болгосон байна. Энэ төлбөртөө нийт борлуулалтын орлогын зөвхөн дөрвөн хувийг “Эрдэнэс Тавантолгой” компанид татвар хэлбэрээр өгнө гэж байгаа. Энгийнээр ойлгоход борлуулалтын нийт орлогын 96 хувийг гадны компаниуд халааслах нь байна. Тэгсэн атлаа 3.6 гэдэг заалт дотор “Эрдэнэс Тавантолгой компани гэрээний дагуу төслийн компанийн төлсөн хамтын ажиллагааны төлбөрөөс Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрөлийн үндсэн дээр явуулсан уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой бүх татвар, хураамж болон бусад төлбөрийн үүргийг хариуцна” гэж байгаа юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр “Эрдэнэс Тавантолгой” компани борлуулалтын дөрөвхөн хувийн орлого авчихаад, түүнээсээ гүйцэтгэгч компаниудын төлөх ёстой татвар хураамжийг хариуцахаар байна. Хайгуулын зардлыг үйл ажиллагааны зардалд оруулан тооцно гэж заасан. Ингээд ирэхээр үйл ажиллагааны зардлаа зохиомлоор өсгөөд ашиг орлогоо нуух боломжийг хайсан гэсэн үг. Бас татварын алдагдлыг ирээдүйд шилжүүлэх тухай заалт байгаа. Үүгээр бол алдагдалтай ажиллах ашиг сонирхлыг бий болгож байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл тус заалтаар энэ компаниуд ашигтай ажиллахгүй. Энэ бүхнээс гадна хөрөнгө оруулагчаасаа урдчилгаа төлбөрийг хүүтэй зээлдэх гэх мэт маш олон зөрчил бий. Хамгийн наад зах нь бүх мөнгө гадаадад байрлана гэж байгаа шүү.
-Мөн Тавантолгойн гэрээ тойрсон яриатай холбогдуулан иргэд 1072 ширхэг хувьцаандаа санаа тавьж эхэлсэн байна?
-Би дээр хэлсэн. Иргэдийн эзэмших хувьцаатай хобоотой заалт энэ гэрээнд байхгүй. Ерөнхий сайд иргэн бүрт 100 мянган төгрөг тараах боломжтой тухай ярьсан. Гэвч иргэд бэлэн мөнгө хүсэхгүй байгаа. Харин компанийн эзэмшигч, хувьцаагаараа дамжуулаад компанийн төлөөлөн удирдах зөвлөлд орох хүсэлтэй нь ч байна. Тэгээд ч ирээдүйд иргэдийн эзэмших хувьцаа 30-50 сая төгрөгтэй тэнцэх боломж бий. Харин энэ байдлыг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг л одоо чухал болоод байна.
-Тавантолгойн гэрээнд ямар нэгэн байдлаар УИХ хориг тавьсан тохиолдолд гадны хөрөнгө оруулагчдын итгэл буурах тухай айдас бас бий. Та үүнийг хэрхэн харж байна вэ?
-Хөрөнгө оруулагч гэдэг өөрт ашигтай нөхцөлд бизнесээ явуулдаг. Нэг үгээр хэлбэл хоёр талын ашиг сонирхол огтлолцож байж орчин нь бүрдэнэ. Тийм байлаа гээд хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлж байна гээд хамаг зүйлээ тавиад тууж болохгүй биз дээ. Харин энэ гэрээнээс болж зориуд монголын нэр хүнд унасан болгож итгүүлэх, улмаар унагаах гэж оролдох хэсэг байхыг үгүйсгэхгүй. Гэтэл энэ гэрээг зогсоосноор ирээдүйд үүсэх олон бэрхшээлийг тойрох боломжтой. Үгүйдээ л гэхэд гадны хөрөнгө оруулагч манай улсын дурын сайдыг аргалж байгаад гэрээ байгуулах боломжтой гэж үзэх хандлага нь үгүй болно. Харин энэ хэвээр нь баталж орхивол Монгол Улсын хууль тогтоомжийг өөрчилж, удирдлагуудад нь нөлөөлж болдог юм байна гэсэн ойлголт бий болох аюултай. Үнэнийг хэлэхэд бид хөрөнгө оруулалт гэдгийг сар бүр авдаг цалин шиг ойлгодог сэтгэлгээнээс хамгийн түрүүлж салах хэрэгтэй байгаа юм. Энэ цагт бид гадаадууд хөрөнгө оруулахгүй л бол болохгүй гэдэг бодлоо орхиж, дотоод нөөц бололцоогоо ашиглаж таарах байх. Тэгээд ч уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт бол эдийн засгийн урт болон дунд хугацаанд тийм ч таатай биш. Харин уул уурхайгаас бусад салбарт орж ирсэн хөрөнгө оруулалтыг бид жинхэнэ утгаар нь хүлээн авч болох юм.
Д.Булган
Зочин · 2015/04/21
Тэр үед талх 1 сая сүү сая 500 болсон байх байлгүй ХА ХА ХА ХА ХА
Зочин · 2015/04/20
ЗӨВ БОДОЛТОЙ ЗАЛУУ БАЙНА.
Зочин · 2015/04/20
2 дахь Ганбаа хэрэггүй хө урьдахаа яая гэж байхад
өндөр болгох нууц · 2015/04/20
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮