Том ордууд биднийг нэгтгэж чадахгүй байгаа бол энэ шийдэл биш, асуудал
2015/05/15
Сүүлийн өдрүүдэд ам.долларын ханш буурав. Он гарсаар бага багаар нэмэгдэж 2000 хүрэхэд таван зургаан төгрөгөөр дутаж байсан нэг доллар өдгөө 1943 боллоо.
Ийнхүү ноён ногооны ханш буурснаар нь төгрөг чангарч эхлэв.
Мэдээж долларын ханш буурахад зах зээл дээрх эерэг хүлээлтүүд нөлөөлжээ. Нөгөөтэйгүүр оюутолгойн асуудал удахгүй шийдэгдэхтэй холбогдуулан ханшийн бууралт явагдаж эхэллээ гэх яриа чих дэлсэв. Монголынхоо эдийн засгийн өнөөгийн байдалд улстөрчид, эдийн засагчид, бизнесийнхэнээс гадна бүхий л давхаргынхан санаагаа чилээх болсон. Тэгвэл залуус ч өөрсдийн санаа, оноогоо солилцож хэрхэх вэ гэдэг талаараа саяхны нэг өдөр уулзаж ярилцаж буй үйл явдал дээр очив.
Тодруулбал, Гадаадад сурч боловсорч, ажиллаж хөдөлмөрлөж байгаад ирсэн залуучуудын нэгдэл болох "Mongolian repat leaders club"-ын залуус Монгол улсын эдийн засаг, улс төр, нийгэмд тулгамдаад буй асуудлуудын талаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг урин ярилцсан юм. Энэхүү уулзалтын үеэр түүнээс тодруулга авснаа хүргэж байна.
-Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдал хямралтай байна гээд байгаа. Таныхаар?
"Ямар үзүүлэлт, юуг шалгуур болгоод авах вэ гэдгээ харах ёстой. Тухайлбал ДНБ гэдэг үзүүлэлт аваад тэр үзүүлэлтийнхээ тоо баримтыг аваад үзвэл манайх нэмэх 5, 6-тай гархаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, жилд Монголчуудын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн 4-5 хувиар өсөөд байна гэсэн үг. Энэ утгаараа бол эдийн засгийн байдал нэг их муу биш. Гэхдээ бид нар цөөн хувиар өсч байгаад ингэтлээ доошоо ороод ирэхээр л нийгэмд их цочрол өгч байна. Тэр цочролоо яаж авч гарах ёстой юм бэ гэдэг дээр үндсэндээ туршлага, мэдлэг байхгүй тэрнээсээ болоод хүмүүс нэлээн бужигнаж байх шиг байна. Энэ бол ерөнхий юм. Харин амьдрал дээрээ хүрээд ирэхээр жижиг, дунд үйлвэрлэгчийн хувьд цохилт, том аж ахуйн нэгжүүдэд ч гэсэн нэлээн хүндхэн байгаа нь ажиглагдаж байна. Барилгын салбар үндсэндээ зогсчихлоо. Тэгэхээр эдийн засгийн энэ хүндрэл бол салбар салбар дээр харилцан адилгүй тусч байгаа юм.
-Улсын төсөв хасах руу орлоо, мөн манай улсын зээлжих зэрэглэл буурсан. Үүнээс үүдэн хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байна уу?
-Олон улсын ритенг тогтоодог агентлагууд бий. Тэрхүү агентлагууд улс орнуудын макро эдийн засгийн үзүүлэлтийг аваад энэ нь сайжирлаа, муудлаа, доордлоо гэдгээ үзээд ритенгийн тогтоодог. Манай улсын ритенг бол сүүлийн хоёр үндсэндээ доошилж эхэлсэн. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр Монголд гадны хөрөнгө оруулагч орж ирээд хасах B гэж байна. Их эрсдэлтэй гэж байна тийм учраас би хөрөнгө оруулах уу, үгүй юу гээд эргэлзээд эхэлдэг. Ритенг нь өөрөө гадаад зах зээл дээрх дохиолол болж өгдөг. Нөгөө талаас бид нар өөрөө өөрсдийгөө танилцуулахдаа их дутагдалтай зүйл байгаа. Юу болж байгаа, алийг нь хэлэх үү, юуг нь хэлэхгүй байх уу гэдгээ эрх биш ялгаж салгаж явах юм бол бас үгүй их зүйл бий. Монголын эдийн засаг гэдэг бол зөвхөн Оюутолгой, Тавантолгой биш бусад салбарууд байж байна. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбар нь их чухал, Аялал жуучлал бол онцгой чухал салбар энэ бүгдэд нааштай сонирхолтой зүйлүүд бий.
-Өнөөдрийн байдлаар Тавантолгой, Оюутолгой гэсэн томоохон төслүүдээ хөдлөхгүй бол болохгүй байна. Томоохон компаниуд дампууралаа зарлахад бэлэн байгаа гэх. Энэ хоёр төслөө хөдөлгөөд эдийн засах сэхэх үү?
-Хөдөлгөж чадах юм бол эдийн засагт гарцаагүй эерэг нөлөө үзүүлнэ. Харин үүнийгээ хэрхэн хөдлөх вэ гэдэг нь том асуудал болчихоод байна гэж би бодож байна. Ерөнхийдөө уул уурхай их чухал салбар Монголын эдийн засгийн хүндийг үүрч яваа экспортын 80-иад хувийг эндээс ороод ирчихлээ. Энэ уул уурхайн салбар маань монгол улсыг хөгжүүлэх учиртай байхгүй юу. Тэрнээс энэ уул уурхайн баялаг чинь монголчуудыг хооронд нь хагаралдуулж хувааж, талцуулж, хэрэлдүүлэх учиргүй юм байгаа юм. Хэрвээ энэ том ордууд биднийг нэгтгэж, ахиулж чадахгүй байгаа бол энэ нь шийдэл биш, асуудал болж таарч байна. Тэгэхээр асуудлыг шийдэж чаддаг хүмүүс нь гарч ирээд шийдэх ёстой. Өнөөдөр байгаа улстөрчид, өнөөдөр байгаа эрх баригчид шийдлийн олохгүй байна. Тийм учраас нэгэнт шийдэж чадахгүй байгаа юм чинь тэр дараагийн чадах хүмүүст нь хойш нь тавьчих хэрэгтэй.
Х.Даваа
өндөр болгох нууц · 2015/05/15
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮