Улсын хэмжээнд 2013 оны байдлаар 2-5 насны 247104 хүүхэд байгаагаас 61585 мянган хүүхэд буюу 4 хүүхэд тутмын 1 нь нийслэлд  74900 хүүхэд байгаагаас 21400 мянган хүүхэд буюу 3 хүүхэд тутмын 1 нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна.  Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, нөөц бололцооноос хамаарч одоогийн мөрдөж буй хуулийн хүрээнд 2-5 насны бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах боломжгүй байна.

 Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд бага насны хүүхдээ гэртээ цоожлох, насанд хүрсэн хүний хамгаалалтгүй орхисноор гэрт үлдсэн хүүхдүүд бэртэж гэмтэх, гал түймэрт өртөх, осолдох, эндэх нь нэмэгдэх хандлагатай байна. Тодруулбал,

  • Тав хүртэлх насны хүүхдийн 8 хувь нь гэртээ ганцаараа цоожлогддог ба 10 хүртэл насны хүүхэд дүүгээ хардаг байна. Хүүхдийг ганцаар нь эсвэл 10 нас хүрээгүй хүүхдийн асрамжид үлдээх нь өрхийн аж байдлын түвшнээс хамааралтай, тухайлбал өрхийн аж байдлын түвшин доогуур байх тусам хүүхдээ насанд хүрсэн хүний хараа хяналтгүй гэрт нь үлдээх хандлагатай байна. Энэ нь эцэг эх нь ажил хийх, орлого олох хэрэгцээтэй холбоотой байгаа гэж үзэх үндэслэлтэй байна.
  • Осол гэмтэлд өртсөн 2-4 насны хүүхдүүдийн 60,9 хувь нь гэртээ унаж, гэмтэх, түлэгдэх байдлаар гэмтсэн байна.
  • Асран харах, хараа хяналтын гадуур байгаагаас сар бүр 15 хүүхэд зүй бусаар хорвоог орхиж байна.
  • 12-24 сартай хүүхдүүд (47.8 %, 118) түлэгдэлт өвчинд илүү эрсдэлтэй байна. Түлэгдсэн хүүхдүүдийн 84.2 хувь (208) нь гэртээ байж байхдаа түлэгджээ. Гэртээ химийн бодис болон галд түлэгдсэн 0-18 насны нийт хүүхдийн 44 хувь нь 4 хүртэл насны хүүхэд байна.

 

Тиймээс Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг Ерөнхийлөгч санаачилсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, З.Баян-Сэлэнгэ, С.Ганбаатар нарын нэр бүхий гишүүдээс хүүхэд харах үйлчилгээг бий болгохтой холбогдуулан санаачилсан Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөлтэй уялдсан ажээ.  Уг хуулийн эцсийн хэлэлцүүлэгийг УИХ-аар хэлэлцэн өчигдөр баталлаа. Хуулийн төсөлд хүүхэд харах үйлчилгээ гэдгийг хүүхдийг асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах, хөгжүүлэх цогц үйл ажиллагаа хэмээн тодорхойлсон. 2016 оны 1-р сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөл нь 8 бүлгийн 17 зүйл,  68 хэсэг, 10 заалттай бөгөөд бүлгүүдэд дараах асуудлуудыг тусгажээ. Тодруулбал,

Нэгдүгээр бүлэгт: Хуулийн зорилт, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль тогтоомж, Хуулийн нэр томъёоны тодорхойлолт, Хүүхэд харах үйлчилгээнд баримтлах зарчим.

Хоёрдугаар бүлэгт: Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдагчид, Хүүхэд харах үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага.

Гуравдугаар бүлэгт: Хүүхэд харах үйлчилгээний зохион байгуулалт, Хүүхэд харах үйлчилгээнд хориглох зүйл, Хүүхэд харах үйлчилгээний санхүүжилт.

Дөрөвдүгээр бүлэгт: Төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг.

Тавдугаар бүлэгт: Эцэг, эх, асран хамгаалагчийн эрх, үүрэг, Хүүхэд харах төвийн эрх, үүрэг.

Зургаадугаар бүлэгт: Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болох, Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг.

Долоодугаар бүлэгт: Хүүхэд харах үйлчилгээнд тавих хяналт.

Наймдугаар бүлэгт: Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага, Хууль хүчин төгөлдөр болох хугацааг тусгасан байна. 

Уг хууль хэрэгжиж эхэлснээр  цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 2-5 насны 52300 мянган хүүхдэд адил тэгш боломж бүрдэхийн зэрэгцээ тэднийг харж    хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа 31413 хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч  тодорхой хөдөлмөр эрхэлснээр өрхийн хөгжлийг дэмжих, гэр бүл байнгын баталгаатай, орлоготой болох давуу талтай болох юм.

Хүүхэд харах үйлчилгээнд улсын төсвөөс хүүхдийн хоолны зардал, нэг хүүхдэд ногдох нормативт зардлыг төрийн өмчийн цэцэрлэгт олгож буй зардалтай адил хэмжээгээр олгохоор хуулийн төсөлд тусгасан байгаа. Энэ нь нэг хүүхдийн  сарын хоолны зардалд 36300 төгрөг, нормативт (хувьсах) зардалд 70500 төг, нийт 116 900 төгрөгний зардал олгогдох юм байна.  

А.Баярмаа