Манай сурвалжлагын баг Бугын САА-д улсын харцага Л.Пүрэвжав, Ө.Даваабаатар, улсын заан Д.Амгаланбаатар тэргүүтэй шавь нараа командалсан Дархан аварга А.Сүхбатын галыг зорьж очлоо.

Энд дархан аваргын унаган шавиуд болох 30 гаруй бөхчүүд наадмын бэлтгэлд гарчээ. Дархан аваргын гал дээр улсын арслан Л.Сосорбарам, улсын харцага, Ардын багш Д.Сэрээтэр нараар ахлуулсан Төв аймгийн бөхчүүд ирж хөлбөмбөг, сагсанбөмбөгийн нөхөрсөг тоглолт хийж байхтай таарсан юм.

                                             

 Энэ жилийн улсын наадмаар барилдана гэдгээ мэдэгдсэн. “Жижиг Сүхбат” хэмээх нэрээр монгол зон олондоо хүндлэгдсэн Дархан аварга А.Сүхбат, Дархан аварга Г.Өсөхбаяр нарын хэн нь зүүний магнайд гарах талаар энэ өдрүүдэд нийгэмд нэлээд маргаан дэгдээгээд байгаа. Дархан аварга А.Сүхбатаас наадмын бэлтгэл болон уг сэдвээр сэтгэгдлийг нь сонссон юм. “Манай галын бөхчүүдийн хүнд бэлтгэлийн сүүлийн өдрүүд үргэлжлээд дуусч байна. Бөхчүүд маань өнгөтэй сайхан, бяр хүч нь жигдрээд байгаа. Миний хувьд ч бэлтгэл маш сайн байна. Цэгцэрсэн гэж болно. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж 8 тоот Монгол Улсын Дархан аварга цолыг надад олгосон. Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний бөхийн эрэмбэ, цол тогтоодог. Тиймээс энд ямар нэг маргаан байх ёсгүй. Харин МҮБХ уламжлалт ёс дэг, эрэмбээ баримтлахгүй байгаагаас буруу ойлголтыг нийгэмд зохиомлоор үүсгээд байгаа юм. Дархан аварга бөх гэдэг бол дархлагдсан л аварга шүү дээ. Ард түмнээ хүндлэх нь Дархан аварга хүний үүрэг, нэр төр, хариуцлага гэж би ойлгож байна” гэлээ.

                                                                                  

Дашрамд дуулгахад,  Бөхийн нийтлэлч Б.Авирмэд уг асуудлаар тайлбар хэлэхдээ: Өнгөрсөн жилийн наадмаар Г.Өсөхбаяр, А.Сүхбат аваргууд зүүний магнай булаацалдсан. Үүний дараагаас миний зүгээс зүүний магнайд гарахын утга учир, уламжлалыг судалсан юм. 1945-2013 оныг хүртэл зүүний магнайд Б.Түвдэндорж гуай 22, Д.Дамдин аварга 20, Ж.Мөнхбат аварга 12 удаа гарчээ. 1945, 1946 онд Маршал Чойбалсангийн урилгаар Их Монгол Х.Шаравжамц аварга ирж барилдахад Б.Түвдэндорж, Их Монгол Х.Шаравжамц аваргыг хүндэтгэж зүүний магнайг өгч байсан удаатай. Мөн 1994 онд Ж.Мөнхбат аварга Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсан. Тухайн үед Д.Дамдин аварга ирээд “Төрийн өндөр шагналтай тэнцэх юм гэж юу байх вэ. Би энэ жил зодоглохгүй. Тэгэхээр дүүдээ зүүний магнайг өгье” гэсэн удаа бий. Үүнээс үзэхэд зүүнийг манлайлна гэдэг их хүндэтгэл, соёл уламжлал, хэргэм зэрэгтэй дүйцдэг гэдэг нь тодорхой байгаа юм.

                                         

Улсад 10 гаруй жил түрүүлсэн Х.Баянмөнх, Б.Бат Эрдэнэ аваргууд л гэхэд зүүний магнайд гарч үзээгүй байсан. Х.Баянмөнх аварга бүр сүүлд зүүний магнайд анх удаа гарсан. Тэгэхээр түрүүлж цол хэргэм авснаараа А.Сүхбат зүүний магнайд гарах нь зүйтэй. А.Сүхбатын хувьд 2000 онд 10 давж түрүүлсэн. Тухайн үед аварга цол л өгсөн шүү дээ. 2006, 2011 онд Д.Сумъяабазар аварга Ж.Мөнхбатад хоёр цолыг нь өгч байсан. Үүний адил хоёр цолыг нь өгсөн бол А.Сүхбат дархан аварга цолыг Г.Өсөхбаярын өмнө авах байв. Ер нь өмнөх барилдаан, амжилтаас нь харахад А.Сүхбат Дархан аваргын болзлыг аль эрт хангасан бөх гэж онцолсон юм. /Үргэлжлэл бий/

 

Д.Өлзий