Наадмын маргааш намар гэдэг. Энэ үг зүгээр нэг гарчихаагүй байх. Долдугаар сараас ирэх наймдугаар сар хүртэл найр наадам хэсдэг дарга нарт зориулагджээ. Энэ тэндхийн сум, аймгийн ойн наадам гээд хаа хамаагүй газрын наадамд уригдаж залагддаг дарга хүн хэцүү хэцүү.

Гэхдээ одоо энэ үгийг эрх мэдэлтнүүдэд сануулахгүй бол болохгүй нь ээ. Учир юу гэхээр, та нөхдүүдийг байхгүй хойгуур улс орны чинь эдийн засаг улс оронтойгоо хамт арчигдах гээд байна. Мэдээж ард түмэнд шийдвэр гаргах эрх нь байсан бол эдийн засгаа хөл дээрээ босгож хэдийнээ хүндрэлээс гарахаар болсон гэхэд буруутахгүй биз. Хатуу ч гэлээ үнэн үг. Хамаг шийдвэрийг өөрсддөө атгадаг дарга нэртнүүд ам.долларын ханш өсөөд байгааг мэдсэн болов уу? Бидэнд бүсээ чангалахаас өөр зам олдохгүй байна гэж үү.

Өнөөдрийн байдлаар нэг ам.доллар монгол банкнаас 1974 төгрөгийн ханштай байна гэж зарлажээ. Тэгвэл арилжааны банкуудын авах үнэ 1965-1970 харин зарахдаа 1980-1986 байна. Юань 316-321-тэй арилжаалагдаж байгаа юм. 

Түүнчлэн эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж буй нүүрсний үнэ, тээврийн зардал, түлшний үнийн өсөлтийн улмаас цахилгааны үнийг индексжүүлэн тогтоож нэмэв. Айл өрхийн цахилгааны сарын суурь тариф 1000 төгрөг байсныг 2000 төгрөг болгож өөрчлөлөө. 

Манай улс эрчим хүчний системийн оргил ачааллын үед ОХУ-аас цахилгаан эрчим хүч худалдан авдаг. Харин ОХУ-ын талаас цахилгааны үнийг энэ сарын 1-ний өдрөөс эхлэн нэмжээ. Иймд оройн их ачааллын үеийн эрчим хүчний хэрэглээг багасгах, хэмнэлтийг дэмжиж, системийн оргил ачааллыг бууруулах зорилгоор чадлын тарифыг аж ахуйн нэгж байгууллагуудад шинээр нэвтрүүлэхээр шийдвэрлэжээ. Одоо мөрдөгдөж буй тарифаар хэрэглэгчдэд дулааны эрчим хүчийг бодит өртгөөс нь 60 гаруй хувиар хямд үнээр борлуулсан гэдгийг онцолсон. Ийнхүү цахилгааны үнэ нэмэгдэж орхилоо. Үүнийгээ дагаад талх, нарийн боовны үнэ нэмэгдэхгүй гэсэн баталгаа одоогоор алга. Цахилгаан зарцуулж бүтдэг бүхэн нэмэгдэж магадгүй гэсэн хар төрж байна. 

Одоо юун үнэ өсөж, нэмэгдэх үлдэв.

 

Х.Даваа