Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнхийн хөшөөт цогцолборын нээлт болсон. Нээлтийн үеэр дархан аваргын хэлсэн үгс нутгийн олноо нулимс дуслуулсан юм. Түүний хэлсэн үгийг хүргэе. 

 

XX ЗУУНЫ МАНЛАЙ АВАРГА ХОРЛООГИЙН БАЯНМӨНХ: -“Бид өнөөдөр баярлаж цэнгэхийн зэрэгцээ эргэн харах нэг чухал зүйл байдаг нь өвөг дээдэс. Бид ямар замаар явж энэ нутагт ирсэн юм бэ. Ямар зорилготой явж ирсэн хэн, хэний үр сад вэ гэдгээ эрхбиш эргүүлж бодох цаг болсон. Бидний өвөг дээдэс олон зуун жил газар нутаг сэлгэн нүүж, өвс ургамал сайтай усны тунгалаг нь хаана байна тэр газар оршин тогтнож хойч үеэ өнө удаан жил амьдрах бололцоо байна уу, үгүй юу гэдгийг агуу их ухаанаараа тунгааж асар их зовлон туулж ирсэн.

1557 онд Алтайг давж энэ нутагт нүүдэллэн орж ирж, энэ сайхан бурхны хишигтэй оронд та биднийг жаргуулсаар ирсэн. Хархираа, Ханхөхий гэдэг хоёр сайхан уулс аав, ах шиг минь түшиж байдаг. Увс, Хяргас гэсэн хоёр сайхан нуур ээж, эгч шиг минь ариун хайраар бүүвэйлж байдаг.

Бид бахархах бахархалтай хүмүүс. Бахархалгүй хүн зорилгогүй байдаг. Миний нутгийн шорооноос бурхан гуйсан ч бүү өг гэж бурханч лам хүн хэлсэн байдаг. Та бидний яс мах, цус шингэсэн хүмүүс бол Галданбошигт хаан, Ану хатан... Утсан улаан амиа дэнсэнд тавьж хэний ч өмнө ямар ч үнэ цэнэгүйгээр сэлмэнд тас цавчуулсан ч өнөөдөр тэдний хэлсэн үг, хийсэн үйлс нь Монголын ард түмний сэтгэлд үүрд мөнх үлдсэн. 44 жил Монголын төрийг удирдаж олон хүүхэдтэй ядуу айлын эцэг шиг байсан. Бөөстэй монголчуудыг дэлхий дахинаа сансарт нисгэх хүртэл тэр хүн оюунаа чилээж, чөмгөө дундалсан. Тархи толгойныхоо мэдрэлийн судсыг тасартал суусан хүнээр бид бахархахгүй байх үндэс байхгүй.

Би түрүүгээ авчихаад Ж.Батмөнх даргатай очиж гар барьсны дараа хүмүүс “Та хоёр юу ярьсан бэ” гэж их асуудаг байсан. Хэдэн настай вэ л гэж асуудаг байсан. Дахиад түрүүлэх үү, нас байна уу л гэж байгаа нь тэр. Буурал даргаас хойш гурван удаа түрүүлж, Монгол бөхийн түрүүг аравт хүргэсэн. Тэр өвгөн амьд байсан бол ямар сайхан баярлах байсан бол гэж бодохоос нүдний нулимс гардаг юм.

Сайхан хүний нөмөр нөөлгийг мэдэгддэг ч би уулзаж, юм гуйж үзээгүй. Хоёр удаа дуудахад нь очиж чадаагүй. Нэг нь дэлхийн тэмцээнд явах гээд, нөгөөх нь улсын наадамд маргааш нь барилдах байсан болохоор тэр. Гэхдээ би энэ хүний нөмөр нөөлөг, сайхан ухаан, мах цус нэгтэй хүний хувьд халуун амьсгалаар нь амьдарч ирсэн.

Жамбын Батмөнх гэж ямар гавьяатай хүн гэдгийг бид бүхэн мэднэ. 1990 оны хавар хатуу хавсаргатай өдөр Монгол оронд ардчилал, хүний эрхийг дээдэлсэн шинэ нийгмийг байгуулахын төлөө таван залуу хатуу цементэн дээр сууж, утсан улаан амиа золиосонд хаясан. Тэгэхэд Ж.Батмөнх “Ардын хүүхдүүдэд хүч хэрэглэхгүй ээ. Дусал цус гаргах эрх бидэнд байхгүй” гээд албан тушаал, эрх мэдэл, өндөр сэнтийгээсээ өөрөө буусан хүн. Ийм хүн дэлхийн удирдагчдын дунд гараагүй юм шүү. Тэр таван хүүхдийн дунд байсан хүний нэг нь Д.Дорлигжав.

Хүн болгонд хувь заяаны шанага гэж байдаг. Хэн ч хэмжүүрийг нь тогтоогоогүй. Ямар хүн хувь заяаны шанага томтой байдаг вэ гэвэл сэтгэл ариун, үнэнч шударга, үйлс нь үргэлж мөнхөд гэгээрч байдаг холын хараатай хүнийх. Намайг баатар энэ тэр, сайхан хүн л гэдэг. Гэхдээ би үүнд шулуун дардан замаар хүрээгүй.

Би зовлонгоо тоочоод яахав. Товчхон хэлэхэд, би арьсандаа өнгөн шархтай, сэтгэл зүрхэндээ цустайгаар 74 насыг наслаж байгаа багагүй зовлон үзсэн хүн. Хамгийн гол нь ариун сайхан сэтгэл юм шүү.

Сэтгэлийнхээ өнгөөр амьдардаг хорвоо. Иймээс та бүхэн сэтгэл сайтай л яваарай. Бусдын сайн сайханд баярлаж суугаарай, хувь заяаны шанага чинь том болно”.