Заримдаа бид ажил эрхлэх боломжгүйн улмаас нийгмийн даатгал төлөлгүй олон сар, жил алдсан байдаг. Харин та ийм үед сайн дураараа нийгмийн даатгал төлөөрэй. Сайн дураар нийгмийн даатгал төлөхийн өмнө дараах мэдээлэл танд хэрэг болно.

1. Нийгмийн даатгалын сайн дурын санд ямар иргэд хамрагдах вэ?

Заавал даатгалд даатгуулснаас бусад дор дурьдсан иргэд нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж болно:

  • Тодорхой хөдөлмөр эрхлээгүй
  • Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчид
  • Газар тариалан эрхлэгч
  • Лангуу турээслэгч
  • Хувийн журмаар гадаад улс оронд ажиллагсад гэх мэт

2. Сайн дураараа даатгуулагч нийгмийн даатгалын санд орлогоосоо хэдэн хувиар тооцож шимтгэл төлөх вэ?

Сайн дураар даатгуулагч нь гэрээнд зааснаар шимтгэл төлөхөөр тохирсон сарын орлогын дүнгээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцож шимтгэлээ төлнө. Үүнд:

  • Тэтгэврийн даатгалд - 10.0%
  • Тэтгэмжийн даатгалд - 1.0%
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд - 1.0%

3. Сайн дураар даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж болох уу? 

Болохгүй. Зөвхөн нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан өдрөөс эхлэн гэрээнд тохиролцсон хугацаанд шимтгэлээ төлнө.

4.Сайн дураар даатгуулагч ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

  • 3x4 хэмжээний зураг - 2 ш
  • Иргэний үнэмлэх
  • 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр
Эх сурвалж: www.hiub.mn