Р.Бурмаа: Л.Цандэлэг худал мэдээлэл тарааснаас болж гурилын үнэ кг нь 80-150 төгрөгөөр нэмэгдчихээд байна
2015/07/31
“Сайдын цаг” ээлжит уулзалтад өчигдөр ХХАА-н сайд Р.Бурмаа оролцож, цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Түүний өгсөн мэдээллийг "Багц 24" буландаа хүргэж байна
Улсын хэмжээнд зуншлага алаг цоог байна. Архангай, Өвөрхангай аймгийн нутгаар зуншлага сайн, ургац хэвийн байгаа бол газар тариалангийн бүс нутаг болох Төв, Сэлэнгэ, Булган аймгууд нийт талбайн ургацынхаа 50-70 хувийг хураан авах төлөвтэй байна. Гэвч ургацын хэмжээ нэмэгдэх боломжтой. Нийт тариалангийн 2.7 хувь онц, 43.8 хувь сайн, 43.5 хувь нь дунд, 2 хувь нь муу соёолсон байна. Зургадугаар сард нийт нутгаар хэт халалттай байсан тул тариалалтын өсөлт зогсож, ихэнх талбай бутлаагүй тул нийт ургацын 40 хувийг алдах магадлалтай байна. Дорнод, Архангай, Өвөрхангайд нийт талбай хэвийн ургацтай байгаа. Тариалалтын дийлэнхи хувийг бүрдүүлдэг Сэлэнгэ, Төв аймгийн нөхцөл байдал тааруу байгаа. Сэлэнгэ аймгийн тариаланчид нийт ургацынхаа 65 хувийг бүрэн авна. 10 хувийг нь авах болмжгүй болсон. Үлдсэн 25 хувь нь ургац хураалт эхлэх хүртэл ургах боломжтой эсэхийг харна гэсэн мэдээлэл ирүүлсэн. Харин Төв аймаг нийт тариалалтынхаа 60 хувийг авах тооцоотой байна.
Улсын хэмжээнд нийт ургацынхаа 80 хувийг алдана гэсэн яриа бий. Энэ бол нийт тариаланчдын үг биш. Цөөн тооны хэдэн хүн л хэвлэлээр ингэж мэдэгдсэн. Ямар ч тооцоо судалгаа, үндэслэлгүй , хариуцлагагүй мэдэгдлээс болж зарим нэг гурилын үйлдвэрүүд үнээ нэмсэн. Гурилын үнээ кг тутамд 80-150 төгрөгөөр нэмсэн байгаа. Цаашлаад гурилан бүтээгдэхүүн, талх, боовны нэмэгдэх аюултай. Иймд тооцоо судалгаагүй, болчимгүй үгэнд итгэж дэвэргэх хэрэггүй юм.
Манай яамныхан энэ зун огт амралгүй ажиллаж байгаа. Ургацын комиссыг тусгайлан байгуулсан. Хийх ажил тун их байгаа ийм үед хариуцлага тооцохоосоо илүү хэтээ харж, ажлаа зохицуулах чухал байна.
Техникийн шинэчлэлийн тухайд харьцангуй анхаардаг. Харин үлдэж хоцроод байгаа зүйл бол газрын шим тэжээл гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Сүүлийн 20 гаруй жил тариаланчид хөрсөндөө анхаарал тавиагүй. Тиймээс бид хөрс бордоход зориулаад 40 хувийн хөнгөлөлттэй үнээр бордоо олгохоор зорьж байгаа. Бид тариаангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн бариад байгаа. Энэ хуульд ч хөрс арчилгааг чухалчлан тусгасан. Тариаланчид маань төрийн өмч болох газрын үр шимээр амьдарч байгаагийнхаа хувьд бордож, тордож байх ёстой. Үр тарианы цавуулаг бага, чанар тааруу байгаа юм бол сайжруулахад анхаарах учиртай баймаар. Тиймээс хөрсний чанараа дордуулаагүй тохиолдолд газар ашиглах гэрээг хангалттай хугацаагаар сунгадаг байхаар тусгасан. 60 жил хүртэл хугацаагаар гэрээ хийнэ. Тэгснээр тариаланчид газраа, агуулахад байгаа үр тариагаа барьцаалаад зээл авах боломж бүрдэнэ.
Тариаланчдыг дэмжих гол хөшүүрэг нь улаанбуудайн урамшуулал боловч чанараас нь үл хамааран тонн тутамд урамшуулал олгож байгаа нь буруу юм. Урамшуулал их авахын тулд чанартай чанаргүйг үл тоон их хэмжээгээр тарихыг л чухалчилж байна. Тиймээс энэ жилээс эхлэн нийт тарьсан улаанбуудайнд бус чанартай, цавуулгийн шаардлага хангасан буудайнд л урамшуулал олгох бодлогыг барьж байна. Тиймээс манай салбар цаашид чанарыг чухалчилна. Судалгаа шинжилгээнд тулгуурлаж ажиллана.
Юуны түрүүн бид улаанбуудай тариалахад гарах өртгийг судалж байгаа. ХААИС-ийн эрдэмтэд оролцож байгаа. Судалгаанаас харахад 50 хүртэлх га газарт тариалалт хийж буй аж ахуйн нэгжийн хувьд цалингийн зардал хамгийн өндөр гардаг юм байна. Мөн шатахуун, тээвэрлэлт, сэлбэг хэрэгсэл, үрийн буудайнд багагүй хөрөнгө зардаг. Тиймээс бага хэмжээний тариалалт бүхий хүмүүст шатахуун, сэлбэг хэрэгсэл, үрийн буудайны хөнгөлөлт, дэмжлэг хэрэгтэй гэсэн үг. Их хэмжээтэй буюу 600-1500 га газарт тариалалт эрхлэгчдэд өртөг зардал хямд тусдаг юм байна. 2000-аас дээш га-д тариалагчдын хувьд техник тоног төхөөрөмжийн өртөг өндөр байдаг аж. Тиймээс тус бүрийн онцлогт тохирсон бодлого явуулах ёстой.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 66 сая мал зусч байгаа. Оны төгсгөлд 60 сая тоо толгой мал өвөлжих болов уу гэсэн тооцоо гарсан. Улсын хэмжээнд бэлчээрийн даац 20 сая малаар хэтэрсэн. Гантай нутгуудад бэлчээрийн даац дөрөв дахин хэтэрсэн тогтоогдсон. Сэлэнгэ, Дархан-Уул, Төв,Архангай, Өвөрхангайд малын тоо толгой хэтэрсэн. Тиймээс дээр өгүүлсэнчлэн хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг ашиглаад, ашиг шимийг нь хүртээд өнгөрөх бус оготно зурамнаас ангижруулах, бэлчээрийн ургамал тариалах зэргээр ашиг шимийг сайжруулахад анхаардаг болгоно. Малын хөлийн татварыг бэлчээр сайжруулахад зарцуулдаг болно. Хөдөө аж ахуйн эдэлбэр газар өнөөдөр эзэнгүйдсэн. Учир нь хамгаалдаг асуудал нь Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд, бүртгэл нь Хот байгуулалтад, хянадаг нь Шадар сайдад, газар олголт нь Уул уурхайн яаманд хамааралтай байх жишээтэй. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд 10 сая га газрыг хөдөө аж ахуйн эдэлбэр газраас хасч уул уурхайд шилжүүлсэн. Гэтэл сүүлийн нэг жилийн дотор 31 сая га газрыг уул уурхайд шилжүүлэх хүсэлт ирээд байна. Энэ бүхнийг зүй зохистой зохицуулах Бэлчээрийн хуулийг удахгүй өргөн барина.
Хадлан бэлтгэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор аймгуудын Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөргүйгээр бага оврын трактор хуваарилан олгож байна. Мөн 22 аж ахуйн нэгжийн техникийн шинэчлэлд нийт 7,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлсэн, Үүний үр дүнд 23,6 мян.га талбайг тэг элдэншүүлгийн технологиор үрлэх, 7,8 мян.га-д химийн уринш хийх, 7.5 мян.га-д сүрлэн хучлага үүсгэх боломж нэмж бүрдүүлсэн гэлээ.Гантай зусч буй Хэнтий аймгийг л гэхэд Сүхбаатар, Дорнод аймгаас хадлан бэлдүүлэхээр зохицуулсан байх жишээтэй.
Түүнчлэн малын тэжээл бэлтгэж буй аж ахуйн нэгжийг НӨАТ-аас чөлөөлж байгаа. Хивгийн экспортыг хязгаарлах бодолтой байна. Малчиддаа ноос, арьс ширний урамшуулал олгохын сацуу экспортын махыг нэмэгдүүлэх зэргээр ирэх өвлийг өнтэй давах, малчдаа дэмжих бодлогыг боловсруулсан.
Рапсын тухайд нийт талбайн 15-аас ихгүй хувьд тарих ёстой. Ингэхдээ Монголд хүлээн зөвшөөрөгдсөн үрээр тарихыг шаарддаг. Шаардлага хангаагүй үрийг нууц далдаар оруулж ирж тарьсан тохиолдол мэр сэр гарсан. Рапсыг экспортлох зорилгоор бус дотоодын ургамлын тосны үйлдвэрт түүхий эд бэлтгэх зорилгоор, зөвхөн сэлгээнд тарьдаг.
Улсын хэмжээнд төлөвлөсөн 365 мянган тонн улаан буудайнаас 230-280 орчим тонныг хураан авах болов уу гэсэн урьдчилсан таамаг гарчээ. Хүнсэнд 350 мянган тонн улаанбуудай хэрэглэхийн сацуу үрийн буудайг нөөцөлнө гэж тооцвол нийтдээ 150 мянган тонн буудай дутна. Түүнийг дотоодын нөөцөөс бүрдүүлэх боломжгүй тохиолдолд импортлохоос аргагүй. Энэхүү нөөц бэлтгэх хөрөнгийн асуудлыг ирэх даваа гаригт хуралдах Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ. Хэдий ган болж болсон хэдий ч бид энэ жил мах, гурилын үнийг тогтвортой барина.
Г.Үжин
Эр сурвалж: 24цаг.мн
Батхүү · 2015/08/01
2016 оны сонгуульд АН мөн МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ хоер намыхан идсэн уусан зүйлээрээ холбогдоод олонхи болоод хийх ажилгүй хийж ч чадахгүй болжээ